Эрх баригч МАН-ынхан хөл хорионы цаагуур сонгуулийн бэлтгэлээ базаасаар байна.
МАН-ын 5-р бага хурал дээр “энэ удаагийн сонгуульд 60 тэрбум, ЖДҮ-ийн асуудалд холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй, зарим нөхөд маань сэлгээний сандалд сууна” гэж намын дарга У.Хүрэлсүх нь мэдэгдсэн. Ингэснээр одоо байгаа их хурлын гишүүдийн бараг тал хувь нь дэвшихгүй болж байгаа юм. МАН-д тойрог, мандатын шинэ хуваарилалт явагдаж гаднаа дөлгөөн мөрөн шиг боловч дотроо давалгаат хар салхитай өдрүүд үргэлжилсээр байна.
Довын өмнө тойрог мандатын хуваарилалт нь эрс өөрчлөгдсөн хүн тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болоод байна. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Говь-Алтай аймагт дэвшихээр эрчимтэй бэлтгэлээ базааж ирсэн.
Гэвч энэ оны эхээр тус аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хэлтсийн дарга С.Болормаа учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг явдалд нэр холбогдоод байгаа засаг дарга асан В.Рэнцэндоржийн асуудал Д.Амарбаясгаланд том цохилт өгөх нь тодорхой болжээ.
Хэдийгээр хэрэг явдалд засаг дарга холбогдолтой эсэхийг хуулийн байгууллага шалгаж эцэслээгүй ч талийгаачийг албан тушаалаа өгөхийг шаардаж байсан, дарамталж байсан гэх яриа Алтайчуудын дургүйцлийг хүргэх болсон байна. Говь-Алтай аймгийн өмнөх засаг дарга С.Гансэлэм нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн талын хүн. Харин түүнийг огцруулж Д.Амарбаясгалангийн улс төрийн дэмжлэгээр В.Рэнцэндорж томилогдсон байдаг. Үүгээр зогсохгүй Ш.Раднаасэдийг намаас хөөх хяналтын хорооны тогтоол хүртэл гаргуулж явсан. Говь-Алтайн хоёр лидерийн зөрчлөөс болж аймгийн дарга удирдлагууд солигдож, улмаар өөрийн багаа бүрдүүлэхээр халаа сэлгээ хийснээс шалтгаалж дээрхи харамсалтай хэрэг явдал болсон гэдэг нь хэнд ч нууц биш болсон.
Өөр нэг эх сурвалжийн мэдээллээр бол энэ удаагийн сонгуульд У.Хүрэлсүхийн багийг бүрдүүлэхийн төлөө ЖДҮ-д нэр холбогдсон зарим нөхөд нь хойшоо сууж өнжихөөс өөр аргагүй болсон. Тэр эгнээнд Д.Амарбаясгалан, Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарын хүмүүс багтаж байгаа. Ингэж байж М.Энхболд болон түүний талынхныг нэр дэвшүүлэхгүй байх улс төрийн нөхцөл бүрдэнэ гэх ч мэдээллээ хөвөрч байлаа.
Тэгвэл Говь-Алтай дахь нөхцөл байдал шийдэгдэх шатандаа орж байгаа бололтой.
Тодруулбал зөрчилдөгч талууд болох Д.Амарбаясгалан, Ш.Раднаасэд нарыг аль алийг нь тус аймагт дэвшүүлэх нь эрсдэлтэй гэж МАН-ын дарга У.Хүрэлсүх дүгнэсэн бололтой. Тиймээс өөр тойрог судлахыг үүрэг болгосон гэх яриа байна. Хэзээ ч цэнхэртэж үзээгүй Говь-Алтайд ялагдах нь МАН-ын хувьд том асуудал дэгдээж мэдэх тул няхуур болгоомжтой хандахаас өөр аргагүй юм. Говь-Алтай аймагт УИХ-ын гишүүн, зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Монгол Тамхи Со компаний захирал Ц.Батмөнх нарын нэрс яригдаж эхэлсэн байна.
Харин МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Налайх, багануур, багахангай дүүрэгт нэр дэвшихээр бэлтгэж эхэлсэн гэж МАН-ын дотоод эх сурвалжаас мэдээллэх боллоо.
Налайх дүүргээс Нийслэлийн засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын засаг дарга С.Амарсайхан сонгогдож гарсан. “Усалгаа” нэлээд сайн. Харин Багануур, Багахангай дүүрэг үеийн үед МАН-д үнэнч байсан гэдгээрээ алдартай. С.Амарсайхан, Д.Амарбаясгаланг хөтлөөд явахад гаргаад ирнэ гэж тооцоолж байгаа бололтой. Ийнхүү МАН-ын тойрог, мандатын газрын зураг сөөм төөгөөр өөрчлөгдсөөр байна.