Монгол охидын биеийг үнэлүүлж, бэлгийн мөлжлөгт оруулдаг байж болзошгүй, мөн 5 охиныг хил дамжуулан худалдсан гэх Сингапурын иргэний талаар ЭЦА-наас мэдээлэл өглөө.
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Бямбабаяр "Сингапур улсын 64 настай иргэн нь Монгол Улсын охид эмэгтэйчүүдийн бэлгийн харьцаанд орж буй бичлэгийг нууцаар хийж, улмаар бичлэгээрээ заналхийлсэн. Мөн гадаад улсад биеийг нь үнэлүүлэх зорилгоор худал амлалт өгч, гадаад руу гаргасан байж болзошгүй талаарх мэдээллийг ЭЦА-наас шалгасан. Улмаар өчигдөр буюу энэ сарын 29-нөөс мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Мөн тус иргэнийг зочид буудлаас баривчилж, хэргийн газраас гар утас, зөөврийн компьютер, айпад, мемори карт, флаш, диск зэргийг хураан авч үзлэг хийж байна. Түүнчлэн сэжигтэн этгээд болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авч байна.
Охидыг виз шаарддаггүй Сингапур, Турк зэрэг улс руу худалдаалсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн иргэнийг Эрүүгийн хуульд зааснаар хүн худалдаалах, хүчиндэх, хувь хүний нууцад халдах, заналхийлэх зэрэг хэргээр шалгаж байна. Хохирогч нар нь 1993-1984 оныхон байсан" гэлээ.