Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэртээ суудаг гэх үзэгдэл өнөөдөр өөрчлөгджээ. Тэд гараа хумхин суухын оронд хөдөлмөрлөж, урлаг, спортын олон арга хэмжээнд оролцон өөрсдийгөө хөгжүүлж, нийгэмшүүлэхэд онцгой анхаарах болсон нь сайшаалтай. Тэдгээр хүмүүсийн нэг төлөөлөл бол 90 хувийн харааны бэрхшээлтэй, хөнгөн атлетикийн тамирчин Б.Оргил юм.
Б.Оргил ирэх арван нэгдүгээр сард АНУ-ын Нью Йорк хотноо зохион байгуулагдах хөнгөн атлетикийн тэмцээнд улс эх орноо төлөөлөн оролцох гэж байгаа ба хүмүүсийн хүргэлтийг хийж өгч, цалинждаг аж. Тэрбээр, хэн нэгнээс хандив тусламж гуйлгүй өөрийн хөдөлмөрөөрөө тэмцээндээ оролцохоор шаргуу хичээж байгаа тухайгаа бидэнд ийнхүү ярьлаа.
-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Б.Оргил гэдэг. Пара хөнгөн атлетикийн тамирчин, одоо 21 настай. Үндэсний Биеийн Тамирын Их сургуулийн хөнгөн атлетикийн багш, дасгалжуулагчийн нэгдүгээр курсийн оюутан.
-Хөнгөн атлетикаар хичээллээд хэр удаж байна. Энэ хугацаанд хичнээн тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргав?
-Хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна. Хичээллэж эхэлснээсээ хойш хэд хэдэн тэмцээнд оролцсон. 2022 онд Монгол Улсын пара хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож 1500, 5000 метрийн төрөлд хос мөнгөн медаль хүртсэн. Түүний дараа Монголын бүх ард түмний спортын XV их наадамд оролцож, 1500 метрт хүрэл медаль авсан байгаа.
Өнгөрсөн жил Берлинд зохион байгуулагдсан марафонд оролцож байсан. Харин энэ жил буюу ирэх арван нэгдүгээр сард АНУ-ын Нюь Йоркийн марафонд явах гээд бэлтгэлдээ гарсан байгаа.
-Тус тэмцээнд ямар төрлөөр оролцох гэж байна. Ямар амжилт гаргая гэж бодож байгаа вэ?
-42 км-ийн зайд буюу бүтэн марафонд оролцоно. Миний хамгийн гол зорилго бол марафоны тамирчин болох. Харин өөрийгөө хөгжүүлэх үүднээс ойрын зайд гүйдэг.
Энэ жил би гүйлтийн хугацаагаа багасгах зорилго тавьсан байгаа. Тухайлбал, 42 км-ийг 3 цаг 30 минутад туулах зорилго тавьсан. Ирэх жил 3 цаг 20 минут ч гэдэг юм уу цаг үргэлж гүйтийн хугацаагаа багасгахыг зорьж байгаа. Дэлхийн марафон гүйлтийн бүх тамирчин гурван цагт гүйдэг болох зорилготой байдаг. Хэрэв гурван цагийн тамирчин болбол Сөүлийн марафон, Чикагогийн тэмцээнд оролцох зэрэг маш олон боломжууд нээгддэг юм.
-Яагаад заавал марафоны тамирчин болох зорилго тавьсан юм бол?
-2020 онд цэцэрлэгт хүрээлэнг тойроод гүйдэг байсан юм. Ойролцоогоор 4 цаг 10 минутын хугацаанд гүйдэг байсан. Гэтэл байнга гүйгээд байхаар тэр хугацаагаа бага багаар багасгаж болох юм байна гэдгийг ойлгоод өмнө жил Берлиний марафонд оролцож 3 цаг 46 минут гүйгээд өөртөө улам их итгэл авч байсан. Тиймээс гурван цагийн марафоны тамирчин болохоор зорилго тавьсан.
-Өөрийнхөө цахим хуудаст хүргэлт хийж байгаа тухайгаа илэрхийлсэн байсан шүү дээ. Яагаад хүргэлт хийх болов?
-Одоо оролцох гэж байгаа Нюь Йоркийн тэмцээндээ зориулан хүргэлт хийж байгаа. Бүсээсээ хамааран 6 мянган төгрөгөөс 10 мянган төгрөгийн хооронд байдаг. Өмнө жил оролцсон Берлиний тэмцээнд хүмүүсээс хандив тусламж гуйгаад оролцож байсан. Харин энэ жил өөрөө хөдөлмөрлөөд, олсон мөнгөөрөө тэмцээндээ оролцохоор хичээж байна. Дахиад хэн нэгнээс мөнгө гуйх биш өөрийнхөө хөдөлмөрөөр хэн нэгэнд хэрэгтэй, тустай зүйлийг нь хийгээд түүнийхээ хөлсийг үнэлүүлээд тэмцээнийхээ зардлыг хийвэл надад илүү сонирхолтой, нүүр бардам байх юм шиг санагдсан.
Тиймээс өнгөрсөн гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дугуйгаараа хүргэлт хийж эхэлсэн. Том цүнхтэй, цүнхэндээ багтах хэмжээний ачаа тээшийг аваад хүргэж өгдөг.
-Тэмцээнд оролцох зардлаа бүрэн олсон уу?
-Одоогоор бол 70-80 хувьтай байна. Түүнээс гадна манай клубээс тийзний маань зардлыг зуун хувь хөнгөлж өгч байгаа. Түүнд маш их баярлаж байгаагаа илэрхийлэх нь зүйтэй байх.
-Хүмүүс хэр их хүргэлт хийлгэж байна?
-Миний хувьд өглөөдөө бэлтгэлээ хийгээд, мөн хичээлдээ явчихаад өдөрт нь хүргэлтээ хийдэг. Мэддэг хүмүүс маань сайн хүргэлт хийлгэдэг. Гэхдээ заримдаа хотын захад ч юм уу хүргэлт хийх боломжгүй газар байвал хүлцэл өчөөд, учир байдлаа хэлээд хүргэлтээ авдаггүй. Тэр нь мэдээж хол, ойрын зайнаас шалтгаалдаг.
-Одоо болох марафонд манай улсаас нийт хичнээн тамирчин оролцох гэж байна?
-Өнгөрсөн жил ковидоос шалтгаалан зөвхөн Берлин рүү тамирчид маань явж тэмцээнд оролцож байсан бол энэ жил гурван улсад зохион байгуулагдах тэмцээнд оролцох гэж байгаа. Тодруулбал, Берлин, Чикаго, Нюь Йорк зэрэг улсын тэмцээнд тамирчдаа хуваан оролцуулна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, хөгжүүлэх, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцуулах зорилгоор манай Ахиллис Монгол клуб ажилладаг. Ө.Батсайхан багшийнхаа удирдлаган дор хоёр жил суралцаад, тэмцээн уралдаанд оролцоод явж байгаа.
-Тэмцээндээ хэзээ явах вэ. Бас хичээл, бэлтгэлээ хэрхэн зохицуулж байна?
-Аравдугаар сарын сүүл гэхэд явах байх. Очоод долоо хоногийн хугацаанд бэлтгэлээ хийнэ. Тиймээс яван явтлаа хүргэлтээ хийх боломжтой гэж тооцоолж байгаа.
-Пара спортын тамирчдад тулгамддаг хамгийн том асуудал юу байдаг вэ. Энэ тухай ярьвал?
-Бидэнд хамтарч ажиллах байгууллага, компани төдийлөн олддоггүй. Танай компанийн нэрийг олон улсад гаргая гэх санал тавихад хүлээж авах нь цөөхөн байдаг юм билээ.
Бусад спортын төрлүүдэд дэмжээд, хамтраад ажиллах маш олон байгууллагууд байдаг хэрнэ яг парагийн тамирчдад ивээн тэтгэх компани олддоггүй нь хамгийн том асуудал юм уу даа.
Хандлага нь маш өөр санагддаг. Тийм учир биднийг одооноос дэмжээд, хамтраад ажиллах байгууллагууд байдаг бол ирээдүйд дүү нарт маань ч гэсэн маш том боломж, хөрөнгө оруулалт болно гэж боддог.
-Урилгыг минь хүлээн авч ярилцсанд маш их баярлалаа. Тэмцээнд нь амжилт хүсье.
Хэрэв та Б.Оргилыг дэмжин, тэмцээндээ амжилттай оролцоход нь туслахыг хүсвэл 85803742 дугаарт холбогдоорой.