Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Залуус хөдөлмөрийн биржээр зуучлуулахаас илүүтэй фэйсбүүкээр цагийн ажил олж хийдэг

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
18 минут 9 секунд
Гэрэл зураг mpa.mn

Навчис шарлаад газарт буужээ. Аль хэдийнээ намрын улирал хаяанд ирсний дохио гэлтэй. Хоосон шахуу байсан хотын гудамж хүмүүсийн хөлд дарагдаж, хүүхэд багачуудын инээд баясалд умбаад ч тэр үү эсвэл бүгд нэгэн зэрэг амьдралын хэв маягтаа эргэн орсон болоод ч тэр үү намар ирснийг бүгд анзааралгүй өнгөрч.

Хүн бүр өглөөнөөс орой хүртэл эрвийх дэрвийхээрээ ажиллаж, хоёр идэхгүй, хоосон хонохгүйн тулд хөдөлмөрлөнө. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн хэдэн оюутнууд маань хөдөө орон нутгаас нийслэлийг зорин ирж, ээж аавынхаа үүрч яваа хүнд ачаанаас бага ч болов хөнгөвчлөхөөр цагийн ажил хийж, санхүүгийн дарамт учруулахгүйг хичээдэг нь нууц биш. Яах аргагүй намрын улирал бол оюутан залуусын хувьд хөдөлмөр эрхлэх хамгийн боломжтой улирал.

Оюутнууд хичээлийнхээ завсар зайгаар цагийн ажил хийх боломжийг хайж, маш олон зарын дагуу холбогддог байна. Гэвч ихэнх зар мэдээллүүд "хөдөлмөрийн бирж" буюу цагийн ажил зуучлагч компаниудын тавьсан ажлын зар байдаг аж. Ийнхүү залуус цагийн ажилд зуучлуулахаар хөдөлмөрийн биржүүдэд төлбөр төлөн бүртгүүлдэг ч эргэн холбогддоггүйн дээр ажлын байраар хангах тохиолдол ч бага байдаг гэнэ. Иймд бид дараах сурвалжилгыг оюутан залуустаа зориулан бэлтгэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 66.1 дүгээр зүйлд: "Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу ажлын бүтэн бус цагаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. "Ажлын бүтэн бус цагийн ажилтан" гэж ажлын бүтэн цагаар ажиллаж байгаа ажилтнаас бага цагаар ажиллаж байгаа ажилтныг ойлгоно" гэж заасан байдаг.

Залуус тэр дундаа оюутнуудын хувьд цагийн ажил хайх оргил цаг нь энэ үе аж. Бид оюутан залуусаас цагийн ажил хайхад ашигладаг хамгийн чухал эх сурвалжийн талаар тодруулахад ихэнх нь фэйсбүүк хуудас гэсэн бол зарим нь найз нөхдөөсөө сонсдог гэв. Түүнээс гадна бидний уулзсан дөрвөн хүний гурав нь цагийн ажлын биржид бүртгүүлж байсан ч эргээд ажилд зуучлуулж байгаагүй гэдгийг хэлсэн юм.

ЗАЛУУС: Хөдөлмөрийн биржээс илүү сошиалаар явж байгаа ажлын зараар холбогдвол илүү хялбар

В.Өлзмаа

"Цагийн ажил идэвхтэй хайдаг. Цагийн ажил олж хийхгүй бол хэцүү байна шүү дээ. Хаашаа л алхана мөнгө зарлагадаж байгаа учир өөр сонголт байдаггүй. Дан ганц аав, ээжийнхээ нуруун дээр амьдралаа үүрүүлээд баймааргүй байна.

Анх оюутан болж ирээд нэг удаа хөдөлмөрийн биржид бүртгүүлж үзэж байсан юм. Бүртгэлийн хураамж 10 мянган төгрөг авсан. Тэгээд маргааш нь нэг холбогдоод ажил байна гэж хэлсэн л дээ. Даанч тухайн үед хичээлтэй байсан учраас хийж чадаагүй. Тэрнээс хойш нэг ч холбогдоогүй. Бүртгэл үүсгэсэн шүү. Зургаан сарын хугацаатай гээд нэг цаас өгч байсан юм. Уг нь тэр цаасаараа зуучлуулсан газрууддаа үзүүлээд ажил хийх боломжтой гэж хэлж байсан. Тэгээд л цаас нь ч алга болсон, ажил гарлаа ч гэж дуудаагүй. Тэрнээс хойш цагийн ажил хайвал байнга л интернэтээр, цахимаар хайгаад хийдэг болсон.

Одоо CU-д ажиллах гэж байгаа. Саяхан найз маань хэлээд тэнд ажиллахаар болсон. Цонхтой цаг харьцангуй их байгаа учраас бас хүйтрэхээс өмнө цагийн ажил хийх төлөвлөгөөтэй байна" гэлээ.

Б.Зулбаяр

"ЕБС-ийн ахлах ангид байхаасаа эхлээд цагийн ажил хийж байсан. Тухайн үед насанд хүрээгүй байсан болохоор хөдөлмөр эрхэлж болохгүй гээд заримдаа ажил олддоггүй байсан юм.

Тэгээд найзтайгаа хамт нэг хөдөлмөрийн биржид бүртгүүлээд, ажилд зуучлуулна гэж ойлгосон. Тэр үед 7000 төгрөгөөр бүргүүлж байсан санагдаж байна. Гэхдээ огт эргэж холбоо бариагүй, ямар нэг ажил гарлаа ч гэж мэдэгдэж байгаагүй. Тэрнээс хойш хөдөлмөрийн биржээр дахин ороогүй. Одоо бол өөрөө насанд хүрчихсэн учраас хөдөлмөрийн бирж гэхээсээ илүүтэйгээр фэйсбүүкээс зар хайгаад, эсвэл найз нөхдөөсөө асуугаад цагийн ажил олдвол хийчихдэг. Тэр нь илүү амар, цаг хугацаа үрэхгүй бас илүү мөнгө зарахгүй юм шиг санагддаг" гэв.

н.Хонгорцэцэг

"Сүүлийн үед бүх юм цахимд шилжчихсэн болохоор хүмүүс интернэтээс цагийн болон байнгын ажлын байр хайдаг болчихсон юм шиг санагдсан. Би ч бас ямар нэг хөдөлмөр зуучлалтын төв гэхээсээ илүүтэйгээр цахимаар, ялангуяа фэйсбүүкээр цагийн ажил хайдаг. Маш олон цагийн ажлын групп байдаг болчихсон байна лээ. Ажлын зар ч их явдаг болсон байсан.

Гэхдээ ажиллах гэж байгаа газруудтайгаа сайтар ярилцаж байж ажиллах хэрэгтэй санагдсан. Зарим байгууллагууд цагийн ажлын хөлсөө өгдөггүй юм билээ. Харин одоо бол CU-д хичээлийн бус цагаараа ажиллаж байгаа. Маркетинг сайтай санагддаг болохоор хичээлийнхээ цаг завыг тохируулаад ажиллаад байдаг юм" гэсэн юм.

Г.Даваамөнх

"Хөдөлмөрийн бирж гэж сонсож байснаас яг бүртгүүлж үзээгүй. Зарим нь үнэтэй, зарим нь үнэгүй бүртгэдэг юм шиг байна лээ. Ерөнхийдөө найзуудаасаа хальт сонссон болохоор сайн мэдэхгүй байна. Зарим нь бүртгүүлээд дэмий гэдэг. Зарим нь үнэгүй юм чинь яахав дээ гээд л байдаг юм.

Гэхдээ хөдөлмөр зуучлал гэхээсээ илүү өөрөө фэйсбүүк ухаад цагийн ажил олох нь илүү хялбар юм шиг санагддаг. Зарим цагийн ажлын зарууд руу ярихаар нэг хаяг хэлээд тэнд ирж бүртгүүлээрэй гэдэг юм билээ. Тийм заруудад бол төдийлөн очоод байдаггүй. Одоохондоо яг тохирсон, хийчихмээр ажил олдоогүй болохоор цагийн ажил хийгээгүй байгаа" гэв.

"Хөдөлмөрийн бирж гэдэг нь ихэвчлэн тохирох ажил хайж байгаа хүмүүс болон мэргэшсэн ажиллах хүч сонирхдог ажил олгогчдын хооронд зуучлагч байгууллагыг хэлнэ. Хөдөлмөрийн бирж нь хөдөлмөрийн зах зээлийн төрийн зохицуулалтын тогтолцооны нэг хэсэг бөгөөд иргэдийг ажилд зуучлах, давтан сургахад туслахаас гадна ажилгүйчүүдэд нийгмийн дэмжлэг үзүүлдэг" байгууллага юм.

Хөдөлмөрийн биржүүд ихэвчлэн ажил горилогчдоо цагийн болон байнгын ажлын байранд зуучилдаг байна. Түүнээс гадна зарим хөдөлмөрийн биржүүд бүртгэлийн хураамж буюу тодорхой хэмжээний мөнгөн дүнг авдаг бол зарим хөдөлмөрийн биржүүд үнэ төлбөргүй бүртгэл хийдэг аж. Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг "Залуучуудын хөдөлмөрийн төв бирж"-ийн захирал Т.Энхмөрөнгөөс дараах тодруулгыг авлаа.

Хөдөлмөрийн биржээр дамжуулан ажилд зуучлуулбал, буух эзэн буцах хаягтай, мөн сайтар судалж байж хөдөлмөрийн биржээ сонгох хэрэгтэй

-Хөдөлмөрийн бирж яг ямар үйл ажиллагаа явуулах ёстой байдаг юм бэ. Мөн танай байгууллага хэрхэн ажилладаг вэ?

-Хөдөлмөрийн бирж нь залуус болон хөдөлмөрийн насныхан, зорилтот бүлгийн ажилгүй иргэдийг ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх үндсэн зорилготой. Манай байгууллага бол хөдөлмөр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Түүнээс гадна хувь хүний хөгжил, оюуныг дасгалжуулах чиглэлээр сургалт зохион байгуулдаг. Нөгөөтэйгүүр залуусыг нийгмийн ажилд гар бие оролцуулах буюу "Илгээлтийн эзэн"-ий хүрээнд намрын ургац хураалт, хаврын мал төллөлт гэх мэтчилэн ажлуудад сайн дурын үндсэн дээр хамруулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.

Ерөнхийдөө хөдөлмөр зуучлал нь ганцаарчилсан бүлгийн ажил зуучлах үйлчилгээ явуулдаг. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны албан ёсны тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа явуулдаг юм. Ингэхдээ 18-55 насны иргэдийг цагийн болон байнгын ажлын байранд зуучилж өгдөг.

Ихэнхдээ оюутнуудын цагийн буюу түр ажлыг бий болгодог. Хамгийн гол нь оюутнууд маань өөрийнхөө хичээлийн цаг завыг тохируулаад, хичээлийн бус цагаараа өөрөө хөдөлмөрлөөд, ажил хийгээд, ээж, аавдаа санхүүгийн дарамт учруулахгүйгээр цалинтай болох явдал юм. Түүнээс гадна өөртөө цоо шинэ дадлага туршлагыг бий болгох, найз нөхдийн хүрээгээ тэлэх, биеэ зөв авч явах чадварт суралцахаас гадна өөрийгөө ажлын байран дээр гарахад сургаж, төлөвшиж байгаагаараа давуу талтай.

-Намрын улиралд оюутнууд хамгийн их цагийн ажил хайдаг. Танай байгууллагын хувьд өдөрт хичнээн залуус бүртгүүлж байна. Мөн нийт хэдэн хүн бүртгэлтэй байгаа вэ?

-Хамгийн их бүртгүүлдэг насныхан бол яах аргагүй оюутнууд байдаг. Жилд ойролцоогоор 3000-5000 оюутан бүртгэдэг. Бүх сургуулийн оюутан залуус цагийн ажил хайж ирдэг. Үндсэн ажлын хувьд гэвэл жилд 500-700 залууг бүртгэдэг, давхардсан тоогоор. Ихэвчлэн 30-аас дээш насныхан байдаг.

Сошиал орчноор манай үйл ажиллагааг харсан маш олон залуус ирж байна. Түүнийгээ дагаад ажлын байрны захиалга ч тасрахгүй байгаа. Заримдаа манай коридор цагийн ажлын анкет бөглөхөөр ирсэн залуусаар дүүрчихсэн байдаг. Үүнийг хараад мөн залуус цахим орчноор мэдээлэл илүү авдаг болсон нь, түүнээс гадна ажил хийх залуус нэмэгдэж байгаа нь харагддаг. Маш сайшаалтай санагддаг.

-Танай байгууллагын хувьд бүртгэлийн хураамж авдаг юм байна. Зарим нь бүртгэлийн хураамж авдаггүй юм байна лээ шүү дээ. Яагаад энэ мөнгийг авдаг юм бэ?

-Оюутнуудаа байнгын идэвхтэй байлгах үүднээс үнэмлэх олгодог. Уг үнэмлэх нь ажил олгогч байгууллагуудын хөнгөлөлтийг эдлэх боломжтойгоос гадна үнэмлэхээ үзүүлээд цагийн ажлаа хийгээд явах бүрэн боломжтой болдог. Тиймээс бид бүртгэлийн хураамжаараа үнэмлэх буюу картаа хэвлүүлээд оюутан, залуустаа өгдөг.

Бусад үйл ажиллагаа эрхэлж байгаа биржүүдээс үүгээрээ илүү давуу талтай. Энэ нь нэгдүгээрт найдвартай, итгэлтэй, хоёрдугаарт буух эзэн буцах хаягтай байлгах үүднээс үнэмлэхийг хэвлүүлэн оюутнууддаа өгдөг.

-Саяхан оюутан залуусаас мэдээлэл авахад хөдөлмөрийн биржүүд зарим нь бүртгэлийн төлбөр авдаг. Гэхдээ эргэж холбоо барьдаггүй гэдэг зүйлийг хэлж байсан юм. Танай байгууллагын хувьд оюутнууддаа хэрхэн ажлын зараа түгээж, зуучилж өгдөг юм бол?

-Манайх бүртгэлтэй бүх хүмүүсийхээ дунд нэгдсэн групптэй. Өдөр тутамд гарч буй ажлын байрны заруудаа байнга оруулдаг. Тиймээс бүртгэлтэй оюутнууд маань өөрсдийн ухамсраараа мөн боломжтой цагаараа тохирсон ажлаа хийх бүрэн боломжтой байдаг.

Гэвч сүүлийн үед залуус ихэвчлэн бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихсон мэт санагдаж байгаа. Хувь хүн өөрөө хичээл зүтгэл гаргах ёстой. Хэт бэлэн зүйл өгөөд байвал залхуу байдлыг бий болгоод байдаг. Тиймээс ямар нэг хөдөлмөрийн биржид бүртгэлтэй бол группдээ, пэйж хуудастаа хандаад хийх ажлаа сонгож, ажмллана гэдгээ хэлэх хэрэгтэй.

Манайх маш олон хүнрүү залгаад цагийн ажил байна гэж хэлдэг. Гэвч хөдөө явж байна, хичээлтэй байна гэх зэрэг шалтгааны улмаас тухайн ажлыг хийдэггүй. Тиймээс бид хүн бүрт залгаж хэлж байхаар хаалттай группдээ зараа оруулчихвал бүртгэлтэй хүн бүр харах боломжтойгоос гадна цаг хугацааг ч хэмнэх боломжтой байдаг.

Түүнээс гадна хүмүүс цагийн ажлын биржээ сайтар судалж байж бүртгүүлэх нь чухал. Үнэн худал нь мэдэгдэхгүй, албан ёсны зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй гэхдээ үйл ажиллагаа нь явагдаад байдаг биржүүд мэр сэр бий. Гэтэл энэ талын мэдлэг хомс, дээр нь сайтар судлаагүйгээсээ болоод иргэд тийм газар оччихдог. Тиймээс байгууллагаа сайтар судлаад бодитой ажлын байранд зуучилж өгдөг юм уу үгүй юу гэдгийг хүртэл сайтар шалгах шаардлагатай.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Биднийг "Залуучуудын хөдөлмөрийн төв бирж" дээр очиход хэд хэдэн оюутан бүртгэл хийлгэж байсан ба нэгэн оюутнаас мэдээлэл авсан юм.

"Долоо хоногийн хоёр өдөрт нь хичээлгүй байгаа. Тиймээс чөлөөт цагаа ашиглаад цагийн ажил хийе гэж бодон, хөдөлмөрийн биржид бүртгүүлж байна. Анх удаа зуучлалын байгууллагад хандаж байгаа учир сайн мэдэхгүй байгаа ч илүү боломжтой юм болов уу гэж харж байна. Өмнө нь сошиалаар ажил хайгаад ажиллачихдаг байсан юм. Зарим газрууд дадлагын хугацаа гээд цалин өгөлгүй хоёроос гурав хоног ажлуулаад болиулчих тохиолдол байсан учир биржийг арай найдвартай юм болов уу гэж бодсон.

Мөн бүтэн жилийн хугацаанд ажилд зуучлуулах боломжтой гэсэн. Анкет бөглүүлээд, карт бас олгодог юм байна. Мөн бүртгэлийн хураамж гэж 10 мянган төгрөг хурааж авсан. Түүнээс гадна гэрээтэй байгууллагууддаа хэлээд өдөр өдөртөө цалингаа авах боломжтой гэдэг зүйлийг хэлсэн" гэв.

Бид Нийслэлийн хөдөлмөр халамжийн цагийн ажлын биржийн мэргэжилтэн н.Даваадуламаас залуусыг цагийн ажилд хэрхэн зуучилдаг талаар тодруулахад дараах зүйлийг хэлсэн юм. Тэрбээр, "Манайх 18-55 насны иргэдийг ажилд зуучилдаг. Бүртгэлийн хураамж, ямар нэг төлбөр авахгүйгээр ажилд зуучилж өгдөг.

Үндсэн болон цагийн ажил зуучилдаг. Түүнээс гадна цахим хаягаараа байнга цагийн ажлын заруудаа оруулж өгдөг бөгөөд цалин хөлсийг нь ч мөн тодорхой гаргаж өгдөг. Одоо бол ихэвчлэн оюутнууд цагийн ажил хийх зорилгоор манайд ирж бүртгүүлж байгаа" гэлээ.

НЭМЭЛТ: Хөдөлмөрийн тухай хуулийн 66.5. Ажил олгогч түр ажил үүргийг гүйцэтгүүлэхээр ажилтныг цагаар ажиллуулж, гүйцэтгэсэн ажил, ажилласан цагт нь тохирсон цалин хөлсийг тухай бүр тооцож олгож болно.

Цагийн ажил эрхлэлтийн хамгийн хүндхэн асуудал бол яах аргагүй ЦАЛИН ХӨЛС. Зарим байгууллагууд цагийн ажилтнуудынхаа цалинг бүрэн олгодоггүйгээс гадна дадлагын хугацаа хэмээн тодорхойлж, олон цагийн турш хөлсгүй ажиллуулах тохиолдол байдаг. Гэхдээ хөдөлмөрийн тухай хуулийн 66.5 буюу дээр заасанчлан цагийн ажилтанд ажил олгогчид цалин хөлсийг заасан хугацаандаа өгөх ёстой тухай хуульчлан өгсөн байна. Иймээс та цагийн ажил хийгээд цалингаа авч чадахгүй байгаа бол хөдөлмөрийн тухай хуулийн энэ хэсгийг үзүүлж, цалингаа авах хэрэгтэй.

Хүн бүр эдийн засгийн хувьд хүндхэн сорилттой нүүр тулдаг. Үүнийг давж гарах арга бол яах аргагүй хөдөлмөр эрхлэлт. Гэхдээ оюутан залуусын хувьд хөдөлмөр эрхлэх эрх зүйн орчин бүрэн бүрдээгүйгээс үүдэн чөлөөт цагаараа болон хичээлийнхээ цаг завыг тохируулан цагийн ажил хийдэг. Харамсалтай нь зарим тохиолдолд ажил олгогчид цалин олгодоггүйгээс үүдэн цагийн ажлын биржээр дамжуулан илүү найдвартай ажилд зуучлуулахыг зорьдог байна.

Гэвч албан ёсны зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг цагийн ажлын биржүүд байдаг ба иргэдээс бүртгэлийн хураамж аваад эргүүлэн ажилд зуучилж өгдөггүй аж. Тиймээс залуучууд та бүхэн ямар нэг хөдөлмөрийн биржид бүртгүүлэхээр төлөвлөсөн бол сайтар судалж байж шийдвэр гаргахыг энэхүү сурвалжилгаараа дамжуулан сануулж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Түгжрэл бууруулах 420 тэрбум төгрөгийг ирэх жил 586 тэрбум төгрөг болгоно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Түгжрэл бууруулах 420 тэрбум төгрөгийг ирэх жил 586 тэрбум төгрөг болгоно
 
ЧУУЛГАН: 2025 оны төсвийн тухай хуулийг УИХ-аар яаралтай хэлэлцэхийг дэмжлээ
ЧУУЛГАН: 2025 оны төсвийн тухай хуулийг УИХ-аар яаралтай хэлэлцэхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.