Засгийн газар 2014 онд тогтоол гаргаж Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Концессийн гэрээгээр "Кью Эс Си" ХХК-д 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болсон. Гэвч өнгөрсөн дөрөвдүгээр сард тус компанийн үйл ажиллагааг зогсоон, үйлдвэрийг улсад авах асуудлыг хөндөж эхэлсэн билээ.
Концессын гэрээгээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эзэмшиж, "Уул уурхай, металлургийн цогцолбор" төслийг хэрэгжүүлж яваа "Кью Эс Си" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижиртэй үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцсан юм.
-Таны ярианаас анзаарахад нэг мөрдөгчийн мэдэгдлээр Засгийн газар шийдвэр гаргачихаж гэсэн ойлголт төрсөн. Зүгээр л нэг мөрдөгчийн мэдэгдэл дүгнэлтээр бүхэл бүтэн хүнд үйлдвэрлэлийн төслийг зогсоосон гэхээр санаанд багтахгүй байна л даа…?
-Манай концессын гэрээг цуцалсан тогтоол гарахад анхаарал татсан нэг зүйл байгаа нь таны сонирхсон наад өнцөг чинь. АТГ-ын мөрдөгчийн мэдэгдэл л дээ. Гэрээ зурагдах үеийн үйл явц нь хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгаж буй нэг мөрдөгч "Энэ компани ажлаа хийгээгүй юм байна" гэж дүгнээд л Засгийн газарт мэдэгдэл хүргүүлчихсэн. Түүнийг нь үндэслээд Засгийн газар тогтоол баталсан гэх тайлбарыг өгч байгаа. Гэрээ байгуулах процессын явцад шалгалт хийж байгаа мөрдөгч энэ ийм төрлийн процессыг сайжруулах чиглэлийн мэдэгдлийг гаргах эрх зүйн зохицуулалт бол байдаг. Гэтэл тэр мөрдөгч өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлэн бидний хэрэгжүүлж байсан гэрээний хэрэгжилтэд дүгнэлт өгсөн байгаа юм. Ингээд ч зогсохгүй Засгийн газар өнөө мэдэгдэлд нь үндэслээд шийдвэр гаргачихсан. Салбарын яам, мэрэгжлийн хүмүүс нь шалгаж тогтоогдоогүй үед ийм мөрдөгчийн мэдэгдлээр концессын гэрээг цуцлах нь байж боломжгүй зүйл. Зүй нь энэ асуудлыг дүгнэх газар нь мөрдөгч биш Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам зэрэг байгууллага баймаар. Гэтэл хэн нэг мөрдөгч Засгийн газар руу мэдэгдэл явуулаад л олон хүний олон жилийн хөдөлмөрийг шууд зогсоочихсон.
Бидний хийж байсан ажлыг төр засгийнхан бүгд мэдэж байгаа шүү дээ. Ерөнхий сайдаасаа эхлээд ТӨБЗГ, УУХҮЯ гээд бүгд л ирж үзэж шалгадаг байсан. УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд хүртэл бүгд ирж үзсэн. "Сайн ажил явж байгаа юм байна" гээд ам сайтай байсан. Бидний ажил тийм л нээлттэй явж ирсэн.
-АТГ-аас очиж шалгаж байсан уу?
-Үүнийг л би хэлэх гээд байгаа юм. Нэгэнт ийм том төслийг шалгаж байгаа тохиолдолд аль аль талаас нь тодруулж тайлбар авч байж шийдвэр дүгнэлтээ гаргах ёстой баймаар. Мөрдөгч мэдэгдлээ бичихээс өмнө манайхаас ямар нэгэн байдлаар тайлбар мэдээлэл огт аваагүй. Мөрдөгчөөс мэдэгдэлтэй нь танилцахыг хүсэхэд татгалзсан. Сүүлд мэдэгдлийг нь олж харсан л даа. Мөрдөгчийн эрх мэдлээ хэтрүүлсэн ажиллагаа гэж харахаар юм билээ.
-Та бүхэн шүүхэд хандсан байсан. Шүүхийн процесс яаж үргэлжилж байна?
-Засгийн газрын гэрээ цуцлах тогтоол болон ТӨБЗГ-ын тогтоолыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн. Мөрдөгчийн мэдэгдлийн эсрэг гомдлыг прокурорт гаргалаа. Учир нь мөрдөгч өөрийнхөө шалгаж байгаа асуудлын хүрээнд биш өөр төслийн ажлыг сайн муу гээд дүгнэчихсэн. Прокурор "Мэдэгдлийг заавал биелүүлэх ёстой зүйл биш. Тиймээс үүнийг манайх хянах ёсгүй" гээд буцаачихаж байна. Гэтэл Засгийн газар мөрдөгчийн мэдэгдэл ирсэн болохоор зайлшгүй арга хэмжээ авах ёстой гэдэг тайлбар хэлээд байдаг.
Бидний зүгээс үүнийг захирамжлалын шинж чанартай бичиг баримт гэж үзээд хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд өгсөн. Хэрэг мөрдөж байгаатай холбоотой учир хүлээж авахгүй гэсэн хариу сонссон. Ингээд харахаар мөрдөгч гэж маш том эрх мэдэлтэй хүн болчихож байгаа биз. Мөрдөгчийн мэдэгдлийг хуульд нийцсэн эсэх, зөрчсөн эсэхийг хэн ч өнөөдөр хянахгүй гэсэн үг юм байна гэсэн ойлголт л төрсөн. Прокурор ч хянахгүй, захиргааны хэргийн шүүх ч хянахгүй гээд төсөөл дөө. Тэгсэн мөртлөө Засгийн газар нь түүнд үндэслээд шийдвэр гаргахаас өөр арга байхгүй гэж байгаа. Үүнд л бид гайхаж байна.
Концессын гэрээн дээр тодорхой заалтууд бий. Засгийн газар өөрөө шалгаж үзээд “Эд нар юу ч хийгээгүй байна. Цаашаа явуулах боломжгүй” гэж гэрээлэгч талтай тодорхой үндэслэлтэй дүгнэх юм бол гэрээг цуцалж болох зохицуулалт бий. Гэтэл бидний ажил үргэлжилж байсан, тэд ч олон удаа шалгаж байсан. Хэрэв шууд цуцлах шийдвэр гаргах юм бол гаргасан зардал болон ирээдүйд олох байсан ашгийг нь буцааж нөхөн олговор байдлаар олгох ёстой гэсэн байгаа.
-Дарханы төмөрлөгийн үйлдвэр нийгэм эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой гэдэг нь тодорхой. Нөгөө талаар гангийн үйлдвэрлэлийн цаг үе нь ч өнөөдөр эгзэгтэй байх шиг?
-Бид хугацаа алдаж байна. Асуудлаа зөв аргаар шийдмээр байна. Одоо бол эгзэгтэй цаг үе. Монгол Улс гангийн үйлдвэртэй болох уу, үгүй юу гэдгийг шийдэх цаг. Учир нь Монгол Улсын хэмжээнд хаягдал төмрийн нөөц дуусч байгаа. Гангийн үйлдвэрлэлийн мэдлэг туршлагатай хүмүүс ч хуруу дарам цөөхөн үлдсэн. Мэргэжилтэй боловсон хүчнийг үргэлжлүүлэн сургаж бэлтгэх асуудал энэ салбарт хамгийн их хөндөгддөг. Хугацаа алдах тусам шинээр оруулж ирэх тоног төхөөрөмж үнэ өртөг өссөөр байна. Сүүлдээ гангийн үйлдвэрийн өртөг өснө, ажиллах боловсон хүчин хомсдоно. Энэ бүхнийг харгалзаад Засгийн газар нааштай шийдвэр гаргах болов уу гэсэн хүлээлттэй байна.
Эх сурвалж: Өдрийн сонин