Монгол төрийн "нүд" өнөөдөр л нээгдэв. Хэдхэн жилийн өмнө Африкийн ядуу буурай Танзани улсын төрийн "нүд" яг манайх шиг ингэж нээгдэж байсан удаатай. Тэнд хуурамч дипломын асуудал сөхөгдөж, 10 мянга орчим төрийн албан хаагчийг нэгхэн өдрийн дотор уулгалан халж байв. Танзани бол ямар хэмжээний улс гэдгийг хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа байх.
Яг энэ бодит түүх өнөөдөр манай улсын боловсролын салбарт давтагдлаа. Манайх одоохондоо гэмтнийг арай л олж, "шонд өлгөж" амжаагүй байна. Ирээдүйд олох л байх. Хуурамч дипломын асуудал зөвхөн өнөөдөр л сөхөгдөж байгаа зүйл биш л дээ. Олон жил ужгирсан, олон хүн "хэрэглэсэн" том далд бизнес. Гагцхүү одоо л боловсролын салбарынхаа ялзарч муудсан уг үндсийг олж, "тайрах" ёстойг ойлгов бололтой. Хожимдсон ч гэсэн бол энэ сайн зүйл.
Өмнө нь боловсролын салбарын нэн тэргүүний асуудал нь сайдын халаа сэлгээ байв. Үүнийг дагаад тогтворгүй засаглал, тогтворгүй бодлого боловсролын системээ үндсээр нь өмхийрүүлэв. Үүнийх нь гороор энэ салбар дээрээсээ доор хүртлээ авлигад "идэгдэж", ямар сайндаа л дипломоо хуурамчаар үйлдэж байх вэ. Та бод доо. Хуурамч дипломтой, мэргэжлийн гэх тодотголтой 724 багш орон даяар тархан, ажиллаж, амьдарч байж. Энэ хүмүүс бидний хүүхдүүдэд анхны А үсэг, амьдралын А хоёрыг зааж байсан байх юм. Өөрөө ч бүрэн боловсорч амжаагүй хуурамч этгээдүүд хэдэн хүүхдийн амьдралыг буруу замаар будаа тээлгэсэн бол. Бодохоос ч жихүүцэс төрөм.
Энэ бол манай боловсролын систем аль хэдийнээ харанхуй хавцал руу уначихсан байсны тод жишээ. Л.Энх-Амгалан сайд үүнийг зориглож барьж авсан нь сайн хэрэг. Эхэлсэн ажлаа дуусгах л хэрэгтэй. Өнөөдрийн гол дүр яалтчгүй БШУ-ны сайд ба 724 хуурамч багш нар байлаа.
Т.Алтанзагас