БШУЯ-наас хуурамч дипломтай багш нарын асуудлаар мэдээлэл өглөө. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "21 аймаг, 9 дүүргийн сургуулиудын 71 мянган багшийн диплом байна. Тэгэхээр 51 мянган багшийн 71 мянган диплом гэсэн. Нэг багш хоёр дипломтой байхыг үгүйсгэхгүй. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд энэ 71 мянган дипломын 59 мянгад нь шалгалт хийсэн. Цаана үлдсэн 12 мянган дипломыг шалгана.
Шалгасан 59 мянган дипломоос 442 зөрчилтэй болох нь тогтоогдсон. 2000 гаруй нь сэжигтэй байсан. Дипломын дугаар давхардсан зөрчил 454, бусдын нэрийг ашиглах, гарын үсгийг өөрчилсөн, дугаар өөрчилсөн, тамга буруу дарагдсан, регистрийн дугаар өөрчилсөн, өөр сургуульд олгосон дугаарыг авч ашигласан гэх мэт зөрчлүүд байсан.
Мөн сураагүй хүүхдүүдэд диллом бичиж өгч байсан асуудал гарсан. Тухайлбал, Газарчин сургууль. Завхан аймгийн 21 суманд суралцаагүй хүүхдүүдэд диплом бичиж өгч байсан асуудал гарсан. Суралцаагүй хүүхдүүдэд диплом олгодог асуудал хавтгайрсан байна" хэмээлээ.
Сануулахад, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан шаардлага хангаагүй 13 их дээд сургуулийг хааж байгааг мэдэгдсэн. Үүний нэгд нь Газарчин дээд сургууль багтсан байдаг.