БШУЯ-наас Багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүн болоод үүнтэй холбоотойгоор цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Боловсролын суурь нь СӨБ болон ЕБС байдаг учир хүүхдүүдийнхээ ирээдүйг зөрчилтэй дипломтой хүмүүст даатгах ёсгүй гэж ойлгож байгаа. Энэ удаа гарсан зөрчлүүдийг мэргэжил, сургууль, аймаг, дүүргээр нь зарлаж байгаа юм. Цаашид бид боловсролын бичиг баримтуудыг блокчейн технологит шилжүүлж байна. Ингэснээр хуурамч бичиг баримтууд үйлдэгдэх, зөрчилтэй дипломтой хүмүүсийг ажил албанд томилох асуудал эцэс болно гэж ойлгож байгаа.
Энэ чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Ингэхдээ,
- Боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт үйлдлийг хуулийн байгууллагад шилжүүлэн, шалгуулах
- Гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдсон итгээдийн улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах, боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, ашигласан этгээд болон түүнийг ажилд томилсон эрх бүхий албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлөх
- Өөрт олгогдоогүй, хүчингүй болгосон дугаар ашигласан, дипломын дугаарыг зөрүүтэй болон давхардуулан олгосон, архив бичиг хэрэг хөтлөлтийн зааврыг зөрчиж, баримт мэдээллийг зөрүүтэй бүрдүүлсэн, огт өгөөгүй гэх мэт зөрчил гаргасан дээд боловсролын сургалтын байгууллагад хугацаатай үүрэг даалгавар өгч хариуцлага тооцно" гэв.