БШУЯ-наас Багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүн болоод үүнтэй холбоотойгоор цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийж байна.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "21 аймаг, 9 дүүргийн сургуулиудын 71 мянган багшийн диплом байна. Тэгэхээр 51 мянган багшийн 71 мянган диплом гэсэн. Нэг багш хоёр дипломтой байхыг үгүйсгэхгүй. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд энэ 71 мянган дипломын 59 мянгад нь шалгалт хийсэн. Цаана үлдсэн 12 мянган дипломыг шалгана.
Шалгасан 59 мянган дипломоос 442 зөрчилтэй болох нь тогтоогдсон. 2000 гаруй нь сэжигтэй байсан. Дипломын дугаар давхардсан зөрчил 454, бусдын нэрийг ашиглах, гарын үсгийг өөрчилсөн, дугаар өөрчилсөн, тамга буруу дарагдсан, регистрийн дугаар өөрчилсөн, өөр сургуульд олгосон дугаарыг авч ашигласан гэх мэт зөрчлүүд байсан.
Энэ шалгалтыг хийх явцад үйл ажиллагааг зогсоох шалгалтын ажлын хэсэгт ажиллаж буй хүмүүсийг дарамтлах, манай яаманд тусгайлсан өрөөнд ажиллаж байсан ажлын хэсгийн компьютерын "хард" хоёр удаа алдагдсан. Мөн 400 гаруй хуурамч дипломыг цаасаар баталгаажуулсан цаасан хайрцаг алдагдсан. Үүнийг цагдаагийн байгууллагууд шалгаж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд манай яаманд халдлага гарч бичиг баримтууд алдагдсан" гэдгийг хэллээ.