Засгийн газрын энэ оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 148 тоот тогтоолоор “Кью Эс Си” ХХК-тай 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр байгуулсан Концессын гэрээг цуцалсан. Улмаар “Кью Эс Си” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хэрэгжүүлж буй Уул уурхайн, металлургийн цогцолбор барих төсөл зогсонги байдалд орсон байдаг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд тус компани гангийн үйлдвэр барих дэд бүтцийг бий болгосон гурван том төслийн нэг нь Төмөртэй өртөө аж.
Тус өртөөний талаар “Кью Эс Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижир "Төмөртэй өртөө гэдэг маань Монгол Улсын стратегийн ордод хамаардаг Төмөртэй ордыг түшиглэж байгуулагдсан өртөө байгаа. Хоёр том ачилтын талбайтай, төмөр зам вагон орох дөрвөн замтай, мөн эндээ гаалийн бүрдүүлэлтээ хийчихдэг. Гаалийн хяналтын бүс болчихсон. Эндээс экспорт хийгдэхэд гааль нь эндээс хийгдчихэнэ. Гэрэлтүүлэг, вагоны зүтгүүрийн депо засварын газар нь, өртөөний удирдлага хяналтын хэсэгтэй. Мөн мотопозын барилга, ажилчдын орон сууц гэх мэтчилэнгээр иж бүрнээр нь хийсэн. Энэ бидний зогсож буй томоохон бүтээн байгуулалтын хэсэг бол өмнө намаг байсан газар. Хөлдүүс ихтэй ийм хүндрэлтэй газар баригдсан. Концессын гэрээнд хийгдсэн гол зорилго маань эргээгээд Төмөртэй ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн зорилгын хүрээнд хийгдсэн ажил. Тэгэхээр Төмөртэй ордод уул уурхайн үйл ажиллагаа явуулах шаардлагатай уул уурхайн техник төхөөрөмжүүдийн худалдан авалтууд хөрөнгө оруулалтууд хийгдэж ашиглалтад орсон. Техник үзлэгийн засвар үйлчилгээний төвүүд хийгдсэн. Мөн үүний цаана цагт 750 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай хуурай баяжуулах үйлдвэр ашиглалтад орсон ажиллаж байгаа. Сүүлд Английн технологиор төмрийн хүдрийг угаах технологийг турших зорилгоор нэг шугам нэмж ашиглалтад оруулсан байдаг.
Ер нь ашиглалтад орсноос нь хойш бид Төмөртэй өртөөгөөс 7-8 сая орчим тонн бүтээгдэхүүн гарсан байгаа. ТЭЗҮ-гээрээ бол Төмөртэй уурхайн ашиглалт нь жилдээ 7-8 сая тонн бүтээгдэхүүн гаргах ёстой гэсэн тооцоолол байдаг. Гэхдээ гадаад тээврийн нөхцөл байдлаас хамаараад тэр нь хүрч байгаагүй. Дээд тал нь 2 сая л хүрч байсан.
2016 онд энэ бүтээн байгуулалтын ажлыг Монголын төмөр зам ТӨХК-д хүлээлгэж өгөөд, Монголын төмөр зам компани өөрсдөө анх удаа өөрсдийн гэсэн суурь бүтэцтэй төмөр замынхаа тээврийн үйл ажиллагааг явуулдаг болсон байгаа. 2016 оны дөрөвдүгээр сараас хойш тасралтгүй МТЗ компани ажиллуулж, тээврийн үйл ажиллагаа нь орлого олдог. Тэгээд 2017 оноос хойш Улаанбаатар төмөр зам компаниас вагон нийлүүлээгүй байдаг. Өөр хувийн хэвшлийн компаниудтай хамтарч ажиллаад, тээврийн үйл ажиллагааг явуулж байгаа.
Төмөртэй уурхай сая төрд очсоноос хойш зургаан сарын сүүлээс хойш ажиллахгүй. Хэдийгээр орж чадахгүй байгаа ч гэсэн одоогоор үйл ажиллагаа явагдаж байгаа юм бол сонсогдохгүй байна. Энд баяжуулах үйлдвэр ажиллаж байсан бол дуу нь сонсогдож байх ёстой" гэв.