Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн хүч, нөлөөгөөрөө урд өмнөх кабинетүүдээсээ хавь илүү гэх Засгийн газрын цаг явж эхэлсэн. Тэдэнд алдах, алгуурлах хугацаа байхгүй. Ялангуяа Ерөнхий сайдад. Боомт хариуцсан сайдаа томилсон даруйд нь Засгийн газрынх нь шинэ бүрэлдэхүүнийг шинжих гэсэн боловч намрын чуулганаас наашгүй бололтой.
Генсекийн гэнэтийн “тоглолт”
МАН-ын генсекийн огцом эргэлтийг олон хүн таамаглаж чадаагүй. Магадгүй мэдээлэлд ойрхон улс төрийн хүрээнийхэн л эрт мэдэж, эрт гайхширсан биз. Д.Амарбаясгалангийн энэ үйлдэл кабинетаа шинэчлэх Л.Оюун-Эрдэнийн ёстой гэнэтийн бэлэг байсан нь үнэн. Харин түүний томилгоо явсны дараагаас МАН-ынхан ирээдүйн улс төрөө холыг харж “зурсан”. Тэр зурагт нь ирэх сонгуулийн дараа Д.Амарбаясгалан Ерөнхий сайд, Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга гэж буусан гэх яриа чих дэлсэж эхлэв.
Учир нь гурван том сонгуульд дараалан ялуулсан, генсекээр хамгийн урт хугацаанд ажиллаж байгаа Д.Амарбаясгалан генсекийн суудлаас Ерөнхий сайдад яригдвал зарчим талаасаа утгагүй. Тиймээс засагт оруулж ажиллах нь зөв гэж МАН-ынхан тооцжээ. Ерөнхийлөгч ч үүнд нь хутгалдаж генсекийг “талбайтайгаа танилц” гэх маягаар Засгийн газарт оруулсан гэх яриа чих дэлсэв. МАН-ынхан завсаргүй төрийн өндөр албан тушаалуудад ээлжилж суух стратегийн үзүүр эндээс харагдаж байна.
Хамгийн баян Засгийн газар
Хамгийн баян Засгийн газар болов. Тодруулбал, “Хурд групп”-ын эзэн Б.Чойжилсүрэн, “Оргил”-ын Ж.Ганбаатар, “Ньюпрогресс”-ын С.Бямбацогт, “Гацуурт”-ын Ч.Номин, “MCS”-ийн гаралтай Л.Энх-Амгалан, “Дорнод гурил”-ын Х.Болорчулуун, “Хүннү” ХХК, “Их засаг” их сургуультай Н.Учрал гээд дандаа бизнестэй. Улс төрд олон жил явчихсан, намдаа нөлөөтэй, хөрөнгө санхүүтэй хүмүүсийг оруулж ирлээ. Үүний цаад зорилго нь засагт ажиллах хугацаанд нь улс төрийн поверыг нь ашиглах. Ирээдүйн сонгуулиар намынхаа гол санхүү, мөнгөний асуудлыг нь хариуцуулахаар төлөвлөсөн нь ойлгомжтой. Тэдний ихэнхийг нь оруулж ирэх лоббиг, сонгуулийн гол ажлыг бэлтгэдэг генсек зүтгүүлсэн гэх “бор шувуу” саарал ордонд энд тэндгүй нисэж байна лээ.
Увсаас 5, Говь-Алтай, Хэнтий аймгуудаас тус бүр дөрвөн сайд томилогдов
Шинэ сайдуудын томилгоог аймгуудаар нь харвал таван сайд томилуулснаараа Увс толгой цохиж байна. Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, С.Амарсайхан нар бол Увсаас сонгогдсон болон Увс гаралтай сайдууд юм. Нэг аймгаас ийм олон сайд нэг Засгийн газарт ажиллаж байсан түүх урд хожид бараг л байхгүй. Тиймээс ирэх жилүүдэд Увсынхан нэлээд хүчтэй “засаглах” бололтой.
Тавын таван сайд байгаа цагт Ц.Нямдоржийг хоосон үлдээнэ гэж бараг л байхгүй. Тун удахгүй мань экс сайд ямар нэгэн юм дуулгах биз ээ.
Говь-Алтай аймгаас энэ засагт гурван сайд ажиллах гэж байна. Д.Амарбаясгалан, Ч.Номин, С.Энхболд, Б.Мөнхбаатар нар Говь-Алтайнх. Соёлын сайд болон Эрүүл мэндийн сайдууд ааваараа Говь-Алтай болдог бол Б.Мөнхбаатарын хувьд Төв аймаг гэж явдаг ч өөрийгөө Увсын гаралтай гэж ярьдаг нэгэн.
Хэнтий аймгаас мөн адил дөрвөн сайдаар ажиллах гэж байна. Ерөнхий сайд, Б.Бат-Эрдэнэ аварга, Х.Нямбаатар болон Н.Учрал.
Дарханаас Сангийн сайд Б.Жавхлан, Ж.Сүхбаатар гэсэн хоёр сайд энэ засагт ажиллана. Гэхдээ Ж.Сүхбаатар гишүүн ээж талаараа Хэнтий, Сүхбаатар талын хүн гэж явдаг аж. Тэгвэл Хөвсгөлөөс Л.Энх-Амгалан, Д.Сарангэрэл нар Л.Оюун-Эрдэнийн засагт ажиллана. Архангай, Ховд, Дорнодоос тус бүр нэг, нэг хүн сайдаар томилогдлоо. Шинээр бүрдсэн кабинетын бүрдлийг аймгуудаар нь авч үзвэл иймэрхүү дүр зураг бууж байна.
Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун тэргүүтэй ашиг сонирхлын зөрчилтэй сайдууд томилогдов
Энэ Засгийн газарт ашиг сонирхлын зөрчилтэй сайдууд олон томилогдсон. Өөрөөр хэлбэл, өмнө тухайн салбартаа хамаарах бизнесийг эрхэлдэг байсан. Зарим нь одоо ч компанидаа хувь хувьцаа эзэмшдэг байгаа юм.
Тодруулбал, Б.Чойжилсүрэн “Хурд” гэх аварга том барилгын компанитай. Эрчим хүчний сайдын эрхлэх ажлын хүрээнд дулаан, цахилгааны асуудал багтдаг. Орчин цагт шинээр баригдаж буй барилгуудын гол проблем нь дулааны шугам татах байдаг. Тиймээс Б.Чойжилсүрэн бол ашиг сонирхлын зөрчилтэй сайд юм.
Дараагийнх Х.Болорчулуун. “Дорнод гурил”-ыг үүсгэн байгуулж, хөл дээр нь босгосон түүнийг Хөдөө аж ахуйн салбарт яагаад ч сайдаар томилох боломжгүй нэгэн.
Спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Аварга” дээд сургуультай спорт хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ ч гэсэн ашиг сонирхлын зөрчилтэй.
Засгийн газрын шинэ сайдуудыг ерөнхий агуулгаар нь харвал иймэрхүү дүр төрх ашиглагдаж байна. Мэдээж Увсынхан засаг дотроо нэлээд хүчтэй засаглах бололтой. Томилгоог том зургаар нь харвал аль ч бүлэг фракц, аймгийг орхигдуулалгүй жин банг нь тааруулжээ. Харин "Сү"-гийн фракцаас тун цөөхөн хүн харагдаж байх жишээний. Мөн энэ кабинет МАН доторх хамгийн мөнгөтэй, бийлэгжүү хүмүүсээр бүрдсэн гэдэг нь бас нэг онцлох өнцөг нь байна. Тун удахгүй “дан дээл”-тэй сайдууд болох Эрүүл мэнд, Барилгын сайдуудыг сольж гишүүн сайд тавина. Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн сэлгээ хийсэн Засгийн газар улс төрийн “бяр”-аараа хамгийн хүчтэй нь болж байна.
Харин юу хийж, бүтээж чадсан гэдгийг нь хоёр жилийн дараа л дүгнэе даа.
Г.Лхагвадорж