Үсрэнгүй хөгжлийн боломж манай улсад хэдэнтээ тохиолдсныг яг цав тоолж мэдэхгүй ч нүдэндээр өрнөсөн буруу эргэлтийн тухай энэ удаад өгүүлэхээр шийдлээ. Төрийн ордон хавиар бичиг цаас нухаж ид ажиллаж, боловсрож явсан үе минь байх тул болж өнгөрсөн үйл явдлыг өчигдрийн л юм шиг санаж байна.
2008 оны сонгуульд МАН ялсан ч намын дарга С.Баяр хамтарсан засаг байгуулахаар болов. Гол зорилго нь “Оюу толгой” “Таван толгой”-г хөдөлгөх. Савангийн дуурь шиг олон жил улигласан эдгээр мега төслүүдийг гараанаас гаргасан түүний шийдвэрийг стандарт бус гэж нэрийддэг. Ямартай ч үүргээ гүйцэтгэсэн, үр дүн ч гарсан. Хэдэн арван жил 3-4 тэрбумын хооронд эргэлддэг байсан жижиг эдийн засаг эгшин зуур 3 дахин тэлж 13 тэрбум ам.долларт хүрлээ. “Рио Тинто” орж ирснээр хөрөнгө оруулагчид Монголыг ихээр сонирхож эхлэв. Маркетингийн нэр хоч ч зүгээр байлгасангүй “Дараагийн Дубай” энэ тэр гэж хөөргөж гарлаа. Зарим эдийн засагчид Монголын ДНБ 2020 онд 75 тэрбум ам.долларт хүрч нэг хүнд оногдох нь 10.0 мянган ам.долларыг давна гэж тооцоолж байв. \Өдгөө манай ДНБ 14 тэрбум орчимдоо таг гацжээ.
2011 онд Францын тансаг бренд “Луй Витон”-ны Монгол дахь салбар азидаа борлуулалтаар тэргүүлэв. Ланд 200 авто машины Монголоос бусад улсын захиалгаа дийлдэхээ байж Япончууд квот тогтоож байлаа. Жилд 20-30 мянгаар нэмэгддэг байсан тээврийн хэрэгслийн тоо хоёрхон жилийн дотор даблдаж 200 мянгаас 500 мянгад хүрэв. Улаанбаатарын зам пиг, хүмүүс унах унаатай болсон ч бас уур уцаартай болцгоолоо.
Их мөнгөний цутгалаас бидний шинэ зовлон эхэлсэн түүхтэй. Юм үзээгүй өлмүүн ард түмний араншин сэдэрч улсаараа галзуурч эхлэх нь тэр. Алаагүй баавгайн арьсны үлгэрээр мега төслүүд хэрэгжихээсээ өмнө популизм нь түрүүлж хувь хишиг нэрээр тараагдчихсан байсан ба баавгайгаа нядлахаар юу болох нь анхнаасаа л ойлгомжтой байж дээ. Дөнгөж 1 их наяд байсан улсын төсөв 4 дахин томорч тендерийн бүүм боллоо.Сум хөгжүүлэх сан гэж сум бүрт 50.0 сая төгрөг тавьж өгсөнд бөхтэй нь бөхдөө, морьтой нь мориндоо зориулж хөшөө босголоо. Бөх ч гүй, морь ч гүй хотын нэг дүүрэг засаг даргынхаа багадаа тэжээж байсан банхар нохойнд зориулж хөшөө босгосон байдаг. Сумынхаа хүн амыг өсөхийг бэлэгдэж бэлэг эрхтний хөшөө босгоны хажууд бол жижиг тэнэглэл. Өөдлөх айл үүднээсээ гэж дуу дуугаа авалцан аймаг болгон архиддаг хаалгаа шинэчиллээ.
Хүүхдийн 10.0 мянган төгрөгийг 20.0 мянга болгох даруухан хуулиар энэ бүхэн эхэлсэн юм даг. УИХ-иар тогтоолыг нь хэлэлцэж байхад нэг депутат өгүүлрүүн “Ер нь уул уурхайгаас орж ирж байгаа мөнгийг халамжинд тарааж болохгүй, голланд өвчинд нэрвэгдэнэ. Гэхдээ хүүхдийн мөнгө бол зөв юмаа”...Дараагийн удаа Оюутан бүрт 70.0 мянган төгрөг тараахаар болов оо. Нөгөө депутат мөн өгүүлрүүн “халамжинд тарааж болохгүй, гэхдээ оюутнуудаа дэмжих нь зөв”. Дараагийн удаа ямаанд мөнгө өгөхөөр болов. Мөнөөх бас л өгүүлрүүн “Ер нь бол болохгүй .... Гэхдээ Монгол ямаа мөнгөтэй байх ёстой”...
Чуулганы танхимд “эдийн засгаа солонгоруулья” “баялгийн сан байгуулья” “аж үйлдвэрээ хөгжүүлье” гэх мэт мундаг ажил хэрэгч саналуудыг гаргадаг улс төрчид хамгийн ихээр ярьсныхаа эсрэг кноп дардаг байлаа.
Яван явсаар нийт төсвийн 20 хувь нь халамж болж нэг айлд 3-4 төрлийн төрийн хайр орж ирдэг боллоо. Ядуурал эгшин зуур 10 хувь руу орж буув. Дөрвөн архичин хүний хөгжлийн 21.0 мянган төгрөгөө нийлүүлж фонд байгуулаад архи, бэлэн гоймонгоо яг бүтэн сар залгуулдаг байсан гэх юм билээ. Сарын сүүлээр хотын бүх баарууд оюутнаар дүүрнэ. Гуанзанд цуйван цохих оюутан банштай цайгаар хоолойгоо чийглэнэ. Бидний амьдрал дандаа зовлонтой байгаагүй юм шүү. 2010, 2011, 2012 он бол Монголын түүхнээ гулгисан гурван жил байсан. Ихэнх нь найрлаж согтож явсан болохоор санадаггүй л байх.
Үгээгүй хоосон айлд шуудай мөнгө оруулж өгвөл шууд дампуурдаг гэж Баабар нэгэнтээ хэлсэн удаатай. Юм үзээгүйн өвчин буюу ядуугийн фарадокс биднийг хэн болохыг харин ч нэг таниулсан даа. Хөрөнгө оруулагчдыг адгийн шаар, луйварчид гэж бараг албан ёсоор нэрлэх болов. Уул уурхайн бизнестэй нэгнээ газар шороогоо зарсан адгийн хужаа гэж хараана. Элдэв төсөл, бүтээн байгуулалт ярьдаг, ерөөс хөдөлж, хөдөлмөрлөж урагшлах гэсэн хүн бүхнийг жадлан зэвүүцэх болов. “Увертюра” гэж хамтлагийн “өнө мөнх эх орон” дуу фм радиогоор цуурайтаж, оюутолгойг гэрээг үзэглэж байгаа зэвүүцэм дүрстэй клип нь хаа сайгүй цацагдана.
Гадаадын хөрөнгө оруулалтанд 100.0 мянган ам.долларын босго тавьж албан ёсоор ялгаварласан цор ганц ардчилсан улс боллоо. Уул уурхайн хайгуулыг ч бүрэн зогсоолоо.
Төрийн сайд нь дэлхийн банкны удирдлагуудтай “эдийн засгийн алуурчдаар юу байна” гэж мэндэлдэг болов. Монголд боломж хайсан, хөрөнгө оруулахыг санаархсан зочин болгонруу нулимж хөөв. “Хогоо өгөөч, боловсруулах үйлдвэр бариад өгье” гэж ирсэн франц эрээс нэгэн хурган дарга авлига нэхэж нүдийг нь орой дээр гаргасан гэдэг. Монт Бланкийн анхилиун ус хамар цоргитол цацсан ч мань даргын амных нь өмхий давж үнэртээд байсан гэж хожмоо дурсах юм билээ. Элдэв халамж тэтгэмж нэмэгдэхийн хэрээр нийгмийн үзэн ядалт улам дэвэрнэ. “Бид нарт сар болгон 21.0 мянган төгрөг тарааж байгаа юм чинь, эд нар дээгүүрээ бол аймар идэж байгаа” гэх таксины жолоочтой ч таарч байлаа. Манай нийгмийн сонгодог төлөөлөл л дөө.
Ийнхүү дээрээ популист доороо анархи нь зохилдож бид жаргал даахгүйн зовлондоо жаргаж, төр засгаа муучлах, хөрөнгөтэй чинээтэйгээ үзэн чадах, хөрөнгө оруулагчдаа хулхидан доромжлох нэг төрлийн паранойд автсан нь одоо ч арилаагүй хэвээр. Нүүрснээс учиргүй их мөнгө олох хэрнээ уул уурхайг чин сэтгэлээсээ үзэн ядна. Хамгийн хоржоонтой нь Оюу толгойг хөдөлгөсөн хэд нь адгийн шар болж удтал чичлүүлсний эцэст орон шоронд орж шагналаа хүртсэн. Элстэй уут цоолж элдэв айдсаар том төслүүдийг гацаасан гадны агентууд ардын баатар болон мандсан. Дарга нар хэдий их мөнгийг ард түмэндээ хайр халамж болгон тараана, яг тэр хэмжээний үзэн ядалтыг хариуд нь хүртэнэ. Гачлантай ийм зохицлыг Ницше “мөнхийн эргэлтийн хууль \зовлонгийн тойрог\” гэжээ.
Нийгэм угаасаа л аранхи зантай, бага ажиллаж их идэх хүсэлтэй байдаг гэж М.Горький аль 100 жилийн өмнө бичсэн байх аж. Золбин нохойн гэдсэнд шар тос тогтдоггүй гэдэг. Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэх гэх мэтээр төстэй зүйр үг ч элбэг юм. Бидний урагшгүй нь их болохоор амны бэлэггүй ийм хэлцүүд тэр хэрээрээ олон байдаг биз.
Мөнгөөр бороо орсон үүлэн чөлөөний тэр боломжийг бид зүгээр л жорлонд урсгаад өнгөрсөн. 5-р цахилгааны станц, нефтийн үйлдвэр, төмөр зам, угаах үйлдвэр гээд тоотой, тулгамдсан төслүүдээс нэгийг ч урагшуулаагүй. Адаглаад төв цэвэрлэх байгууламжаа ч шинэчлээгүй.
Зөвхөн таван толгойг иж бүрнээр нь хөдөлгөхөд Монголын ДНБ дахиад 2-3 дахин томрох боломжтой гэж эдийн засагчид үздэг юм билээ. Гэтэл таван толгой нь өдгөө болхи технологи, хоцрогдосон тээвэр, өндөр зардал, үлэмж хулгайн үүр уурхай болжээ. Цахилгаан станц “где?” угаах үйлдвэр “где?” төмөр зам “где?”. Сорчилж ашигласаар томоохон хөрөнгө оруулалт татах, иж бүрнээр эрүүл бизнесийн хуулиар хөгжүүлэх боломж бараг устаж үгүй болж байна. 2009 онд төмөр замаа тавьсан бол 500 сая ам.доллар болох тооцоо гарч байж. Өдгөө энэ зардал бараг 4 дахин нэмэгдэж 2 тэрбум ам.доллар хэдийн залгисан ч төмөр зам байдаггүй ээ.
Товчхондоо Монголд туссан үүлэн чөлөөний боломжийг бид ашиглаж чадаагүй. Ямар ч нийгэмд хүртэх ёстой шийтгэл гэж байдаг гэх. Бид өнгөтэй өөдтэй бүхнийг хамтралжуулж, хувийн ашигтай бүхнийг хурааж, улсын үйлдвэрийн орлогоор ус дулаанаа төлүүлж, орд газраараа тэтгэврийн зээлээ тэглүүлж, соёл иргэншлээс нүүр буруулж, гурав дахь ертөнцөөс тусгаарлагдаж, эзлэн түрэмгийллийг дэмжиж, хуульгүй дур зоргийг өөхшүүлж, хоёрхон хүний эрх мэдэлд бүх ардчиллаа тушааж, улс төрийн намуудаа устгаж, үнэн үгийг үзэн ядаж, хөдөлмөр бүтээмжээр биш магтаал зусардлаар тушаал дэвшиж, жүжиглэж байгаадаа үнэмшиж, эрдэм боловсролыг шоовдорлож, эрүүгийн хуулиар чөлөөт сэтгүүл зүйг боомилж, цар тахал, аюулгүй байдал нэрээр эрээ цээргүй шахааг цэцэглүүлж, хулгайч нь шүүгчтэйгээ, сэтгүүлч нь улс төрчтэйгээ нэг орноос босдог болсныхоо горыг хүртэхдээ л хүртэнэ. Үүнд хэн ч буруугүй, зүгээр л бидний туулах ёстой зам, хүртэх ёстой шийтгэл, хаа нэгтээ тээглэсэн заяа нь тэр юм.