Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар шинэ сайдуудаа томилж, УИХ байнгын хороодын дарга нарыг хольж солиод хоёр ч хоноогүй байхад нэгэн сонирхолтой улс төрийн дүр олны өмнө гэнэт гарч ирлээ. Улс төрд өрнөж буй аливаа үйл явц урдаас төлөвлөөгүй байдаггүй. Бүгд урьдчилсан бэлдсэн зохиолын дагуу явдаг нь бичигдээгүй хууль гэлтэй. Түүнийг намын нөхөд нь "бүдүүн" гэж хочилдог. Тэр ч нэр хочиндоо таарсан зангараг харуулж, жинхэнэ БҮДҮҮН ДУУГАРЛАА.
УИХ-ын дарга асан, МАН-ын экс дарга М.Энхболд гурван жил гаруйн дараа хэвлэлд улс төрийн шинжтэй нэгэн яриаг өгсөн нь энэ байлаа. Тэрбээр Удирлагын академид аавынх нь нэрэмжит танхим байгуулагдах үеэр livetv.mn сайтад товч ярилцлага өгсөн бөгөөд түүний яриа богинохон гэлтгүй улс төрийн шинжтэй олон мессежийг агуулсан байх юм.
НЭГ, Шинэ сайдууд томилогдож, засаг төр бужигнан Ардын намынхан томилгооны “дарсандаа” бялуурч дуусаагүй байхад М.Энхболд хэвлэлээр гарч ирсэн нь яавч зүгээр нэг тохиолдол биш. Цаг хугацааны хувьд ч санамсаргүй зүйл огт биш. Магадгүй удтал нам жим байсан түүний улс төрд эргэн ирэх үйл явцын эхлэлийн цэг ч байж мэднэ.
ХОЁР, “Улс төрд хэзээ эргэн ирэх вэ” гэдэг сэтгүүлчийн асуултад эргэлзэж тээнгэлзэх зүйлгүйгээр “Цаг хугацаа харуулах байх даа” гэж хариулав. Өнгөрсөн хугацаанд хэвлэлийнхэнтэй мэр сэр таарахдаа өчигдрийнх шиг улс төрдөө эргэн ирнэ гэдэг агуулгыг бараг л гаргаж байгаагүй. Аль болох энэ асуултаас мурьж, зугтаж байлаа. Түүний хэлсэн “Цаг хугацаа харуулах байх даа” гэдэг үгний ньюансыг нь ажиглавал тэр улс төрд эргэн ирэхдээ бэлэн болсон нь ил тод уншигдаж байна. Өөрөөр хэлбэл дээр дурдсан М.Энхболд гэнэт хэвлэлд улс төрийн шинжтэй яриа өгсөн нь улс төрд эргэн ирэхээ зарлах гэсэн арга байж мэднэ.
ГУРАВ, М.Энхболд улс орны эдийн засаг, нийгмийн амьдралыг тун тааруу гэж дүгнэв. Үүнийгээ цар тахал, гадаад орчин дайн самууны нөлөөтэй холбоотой байх. Гэхдээ хоёр хөрштэйгөө харилцаа холбоо тааруу байна гэж одоогийн засаг төрийг "хурган" чимхээд амжив. Үүнийгээ тэрбээр хойд “айл”-тай нэг их холбож яриагүй л болов уу. Гол нь Монголын эдийн засгийн гол урсгал болсон урд “айл”-тай учраа олж чадахгүй байна гэдгийг хэлж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд манайх геополитикийг алдаа гаргаж, БНХАУ-тай харилцах харилцаандаа хэд хэдэн замаар сэв суулгасан гэдгийг судлаачид болон улс төрийн хүрээнийхэн хангалттай ярьж буй. Тиймээс л Хятадууд ялихгүй шалтаг, шалихгүй шалтгаанаар хил гаалиа хааж, боож биднийг улсаар нь хүнд байдалд оруулсаар байна. Наанаа эелдэг инээчихээд, цаанаа гашуунаар гөвсөөр л байна тэд.
ДӨРӨВ, Эцэст нь улс төрд эргэн ирнэ гэдгээ зарлаад буй М.Энхболдын ярианы дараагаас ямар улс төр өрнөх бол гэдэг асуулт үлдлээ. Үүнээс илүү сонирхолтой асуулт гэж өнөөдөртөө алга. Хэдхэн жилийн өмнө У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрт улс төрийн бүх капиталаа нялга "шүүрдүүлсэн" М.Энхболд жинхэнээсээ эргэн ирвэл юу болох бол.
Мэдээж түүний өнгөрсөн 20 жилд босгосон улс төрийн хүн хүч МАН дотор, төрийн алба дотор хангалттай бугшиж буй нь ойлгомжтой. Харин хэзээ, яаж эргэн ирэх вэ гэдэг л сонин байна. М.Энхболдыг улс төрөө хийж эхлэхэд түүний багийнхан бүгд хөдөлж, гаднаас орж ирнэ. Тэдний тэргүүн эгнээнд нь хэн байх вэ. Одоогийн улстөрчдөөс хэд нь, яг хэн хэн М.Энхболдыг эргэж налах бол.
Үүнийг эсэргүүцэж, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар ямар акц зохион байгуулах вэ гээд улс төрийн маш сонирхолтой асуултууд хөвөрч байна. Мэдээж, энэ бүхнийг маш нарийн тооцоолсон болоод л М.Энхболд өчигдөр гарч ирсэн нь ойлгомжтой. Удахгүй улс төр ч халуухан болох шинжтэй.
Мөн энэ дашрамд сануулахад, М.Энхболд өмнө нь 2007 онд бас л бүхнээ алдаж, улс төрөөс “шүүрдүүлж” байсан. Гэвч тэр 2012 онд бүхнийг эргүүлэн авч, 2017 он болтол Монголын "хаан" байлаа.
Г.Лхагвадорж