Монгол Улсын Засгийн газрын Лхагва гараг бүрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр Барилга, хот байгуулалтын Сайд Б.Мөнхбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Засгийн газрын мөрийн хөтөлбөрт батлагдсан чухал ажил бол шинэ хотуудыг барих ажил байгаа. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах чиглэлээр хот төлөвлөлтийг хийх, Хөшигийн хөндийд суурьшуулах нь засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан.
Монгол Улс 1980 онд хамгийн сүүл Багануур хотыг барьсанаас хойш өнөөдрийг хүртэл шинэ хот бариагүй. Өнөөдрийн байдлаар Хөшигийн хөндийн хөгжлийн ерөнхий төлөвлөлтийг шинэчлэн Засгийн газраар батлуулсан.
Төлөлвлөлт батлагдсан үеэс бид инженерийн дэд бүтцийн эх үүсвэр, шугам сүлжээний ажлын зургуудыг хийж эхэлсэн. Үүнтэй уялдуулан дулаан, цахилгаан, цэвэрлэх байгууламжийн эх үүсвэрүүд, шугам сүлжээ хаана байрлах, үерийн далан, хөрсний ус зайлуулах ажлыг хэрхэн хийх зэрэг зургаан ажлын хүрээнд инженерийн дэд бүтцийн ажлын зургуудыг хийсэн. Ингэснээр инженерийн зураг төсөл эцэслэгдэн батлагдаж, техникийн шийдэл болон төсөв гарч байна.
Тодруулбал, 498 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг гаргаж ирсэн. Хөшигийн хөндийн онгоцны буудлыг тойрсон инженерийн дэд бүтцийн эхний ажлыг энэ тав дахь өдрөөс эхлүүлнэ" гэв.