Монгол Улсын уран гулгалтын түүхэнд 1962 онд МУБИС-ийн багш Д.Цолмон уран гулгалтын хичээлийг эхлүүлж байжээ. Өдгөө 60 жилийн дараа "Степпе Арена" ХХК-ийн урилгаар Япон Улсад ажиллаж амьдардаг уран гулгагч, багш Г.Марал-Эрдэнэ эх орондоо ирж уран гулгалтын анхан шатны хичээлийг заасан бөгөөд наймдугаар сарын 8-ны өдөр тус сургалтад хамрагдсан 4-35 насны 50 гаруй суралцагч нар 14 хоногийн турш сурсан зүйлээ гэр бүл болон найз нөхөддөө тайлан тоглолт болгон үзүүлсэн юм.
UBN сайтын сурвалжлах баг мөсөн талбайн үүдээр ороход саа, чимэг болсон бяцхан хүүхдүүд гүйлдэн тоглоцгоож, талбай руу гарах ээлжээ хүлээн догдлон байгаа нь харагдлаа.
Тоглолтын үеэр Г.Марал-Эрдэнэ, О.Мишээл багш нарын тусгай үзүүлбэр багтсан бөгөөд суралцагч нарыг насны ангиллаар нь 3 бүлэгт хуваасан тоглолтын үзүүлбэр болсон юм.
Хамгийн бяцхан уран гулгагч Б.Анударий
Сургалтад хамрагдсан хамгийн бяцхан уран гулгагч Б.Анударий: "Мөсөн дээр гарах бүртээ бүжиглэмээр гоё мэдрэмж төрдөг. Том болоод алдартай мэргэжлийн тамирчин болно" хэмээн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцлаа.
Б.Анударийн ээж Б.Бямбадэлгэр "Хамгийн анх охиноо 3 настай байхад аавынх нь төрсөн өдрөөр гэр бүлээрээ мөсөн дээр гулгаж сургалтад явж байсан дурсамж бий. Анх гулгаж эхэлснээсээ хойш нэг жил Америк Улсад хичээллүүлээд саяхан монголдоо нүүж ирсэн. Ирэнгүүт л хүүхэд маань уран гулгалтаар хичээллэх боломж олдсонд маш их баяртай байгаа. Энэ сайхан өргөөг барьж өгсөн хүн болгонд талархаж байна. Цаашдаа хүүхдийг минь сургах боломжийг нээлттэй байлгаж байнгын хичээллэх боломжийг олгоосой гэж хүсэж байна.
Би бэлтгэл дээр нь хоёр удаа л ирсэн. Охины маань аав бусад үед нь хамт байсан. Бусад хүүхдүүдийг мөсөн дээр үзүүлбэрээ үзүүлэхийг нь хараад өмнөөс маш их баярлаад бахархах мэдрэмж төрсөн. Манай гэр бүлийн зүгээс энэхүү сургалтын үр дүн маш сайн байсан гэж үзэж байна. Хүүхэд гэдэг чинь байнгын хичээл сургуулилттай байх юм бол сурсан зүйлээ мартдаггүй. Бид Америкаас ирээд л шууд охиноо яаж, хаана уран гулгалтаар хичээллүүлэх вэ гэж бодож эхэлсэн. Ямар ч байсан тэшүүрийг нь цүнхлээд л ирсэн.
Охиноо үргэлжлүүлээд мэргэжлийн тамирчин болгох нь аавынх нь маш том мөрөөдөл. Гэвч тамирчин болох үгүйгээ охин минь том болоод өөрөө л шийдэх байх гэж бодож байна. Харин том болтол нь аав, ээж нь чадах чинээгээрээ бэлтгэл сургуулилтад явуулахыг хичээнэ" гэв.
8 настай суралцагч охины ээж Г.Нандин-Эрдэнэ "Охин минь одоо 8 настай. Уран гулгалт гэдэг эмэгтэй хүүхдэд эр зориг, эвсэл, тэсвэр, хатуужил гээд бүх зүйлийн суурийг тавьж өгсөн гайхалтай спорт юм байна гэдэг дүгнэлтэд хүрлээ. Дэлхийн спорт гэдэг утгаараа Монголд маань уран гулгалт хөгжих боломжийг бүрдүүлж, мөсөн талбай барьж өгсөн хамт олонд талархаж байна. Г.Марал-Эрдэнэ багшийн хувьд үнэтэй цаг заваа гарган эх орондоо ирж хүүхдүүдэд хичээл заасанд баяртай байна. Хэдий богино хугацаанд ч гэсэн суралцагч нар маань анхан шатны техникийг бүрэн эзэмшиж мэргэжлийн түвшний хичээлийг сурлаа. Мөн туслах багш О.Мишээл гээд 16 настай багш бий. Энэ сургалтыг зохион байгуулснаараа монголд уран гулгалт хөгжих хамгийн том хөрөнгө оруулалт гэж харж байна. Цаашид ямар ч эргэлзээгүйгээр охиноо уран гулгалтаар хичээллүүлнэ" хэмээлээ.
Уран гулгалтын сургалтад хамрагдсан сурагч "Надад уран гулгалтаар хичээллэх маш гоё байсан. Дахиад боломж олдвол гулгамаар байна. Маралаа багш болон Мишээл багш нартаа баярлалаа. Уран гулгалтын хичээлд явуулж өгсөн аав ээждээ баярлалаа" гэв.
Ингээд тус уран гулгалтын сургалтыг удирдан багшилсан Уран гулгалтын багш Г.Марал-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.
"Монгол хүүхдүүд сэтгэлийн хат, тэсвэр хатуужил маш сайн байсан боловч тууштай байдал дутмаг санагдсан. Тиймээс үргэлжлүүлэн уран гулгалтаар хичээллээсэй гэж хүсэж байна. Монгол хүүхдүүдэд амжилт гаргах боломж авъяас бий"
-Сайн байна уу. Хэдэн жил уран гулгалтаар хичээллэж байгаа вэ. Японд очоод хэдэн жил болж байна вэ?
-Сайн байна уу. Би 5 настай байхдаа Япон руу явсан. 10 настай байхдаа уран гулгалтаар хичээллэж эхэлсэн. 16 жил хичээллэж байна.
-Монголоос уран гулгалтын багш хийх санал ирэхэд ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Би олон жил Монгол хүүхдүүдэд уран гулгалтын хичээл заах юмсан гэж боддог байсан. Тиймээс маш баяртай хүлээж авсан.
-Та хаалтын үйл ажиллагаан дээр "Тэшүүрээ үүрээд Монгол руу явах миний мөрөөдөл байсан" гэж хэлсэн шүү дээ. Энэ мөрөөдөл нь биелэж байна. Сая шавь нар нь үзүүлбэрээ үзүүлээд дууслаа. Танд яг одоо ямар сэтгэгдэл төрж байна вэ?
-Хамгийн анхны хичээлийн үеэр хүүхдүүд ганцаараа гулгаж ч чадахгүй байсан. Гэхдээ миний зааж байсан зүйлийг хичээнгүйлэн хийн сайн сурч байсан учир надад урамтай байсан. Энэ 2 долоо хоног маш их ачаалалтай завгүй өнгөрсөн. Өнөөдөр суралцагч нарынхаа үзүүлбэрийг эцэг эхийн нүдээр харж уярсан.
-Монголд ирээд багшилна гэдэг төсөөлснөөс нь ямар санагдаж байсан бэ?
-Анх ирэхэд миний төсөөлсөн түвшинээс доогуур санагдаж байсан. Би арай жаахан дээр түвшний хичээл сэдэвлэж ирсэн. Гэвч суралцагч нарт бүүр анхан шатны техникээс эхлэн заах шаардлага гарсан. Уг нь хүүхдүүдэд суралцах орчин нь элбэг байвал бүх анхан шатны техникийг аяндаа хараад сурах зүйл их бий. Гэсэн хэдий ч сургалт маш үр дүнтэй болсон гэж бодож байна.
-Таны хувьд өмнө нь багшилж байсан уу?
-Их сургуульд байхад оюутнуудын хамрагддаг сайн дурын ажил байдаг. Түүнд хамрагдаж оюутнуудад уран гулгалтыг заах туслах багшаар ажиллаж байсан.
-Бусад орны хүүхдүүд болон монголын суралцагч хүүхдүүдийн хувьд юугаараа ялгаатай, юугаараа давуу талтай гэж харж байна вэ?
-Улсын онцлог гэхээсээ илүү надад мэдрэгдсэн зүйл нь манай Монгол хүүхдүүд сэтгэлийн хат, тэсвэр тэвчээр, тэмүүлэл сайтай санагдсан. Ямар ч байсан "би хийнэ" гэж зүтгэж байсан. Харин эсрэгээрээ тууштай байдал дутмаг санагдсан учир үргэлжлүүлэн суралцаасай гэж хүсэж байна.
-14 хоногийн 6 удаагийн оролттой энэхүү хичээлийн турш суралцагч хүүхдүүдтэйгээ ямар дурсамжийг бүтээсэн бэ. Хамгийн сэтгэлд хоногшсон зүйл юу байсан бэ?
-Хүүхдүүдэд уран гулгалтын үндсэн элементийг сургаж чадсандаа маш баяртай байна. Яагаад гэвэл энэ нь хүүхдүүдийг цаашдаа гулгах хүсэл тэмүүллийн үндэс нь болж өгнө байх. Үүнийг л хийж өгсөндөө маш баяртай байна.
-Энэ хугацаанд суралцагч нартай ажиллахад тулгамдаж байсан асуудал байгаа юу?
-Миний Монгол хэл муу учраас санаа зовж байсан. Энэ л надад тулгамдаж байсан асуудал. Хүүхдүүд англи хэл ойлгодог байсан. Тиймээс англи, монгол хэлийг холиод ярьж байж ойлголцсон. Хүүхдүүд маань хааяадаа надад монгол хэл зааж өгдөг. Энэ нь маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Бүгд хөөр баяртай, аз жаргалтай өдрүүдийг өнгөрөөсөн. Эхний долоо хоног хэцүү байсан. Гэсэн хэдий ч хоёр дахь долоо хоногоос хүүхдүүдийн нүд нь гялалзаж сургалт руугаа тэмүүлж байгаа нь мэдрэгдсэн.
-Дахин Монгол Улсад ирж уран гулгалтын спортыг дэлгэрүүлэх боломж олдвол та ирэх үү?
-Мэдээж би дахиад ирмээр байна. Ирж чадах боломж нь гараасай гэж хүсэж байна. Техникийн хувьд хүүхдүүдэд өшөө заамаар маш олон зүйл бий.
-Таны зүгээс цаашид алсын зайнаас буюу онлайн сургалтаар хичээлээ үргэлжлүүлэх боломжтой юу?
-Сургалтад хамрагдсан хүүхдүүдээ энэ хэвээр нь орхимооргүй байна. Тиймээс мэргэжлийн уран гулгалтын академи байгуулаад энэ хүүхдүүддээ онлайнаар уран гулгалтыг олон чиглэлийн хичээлийг заамаар байна" хэмээлээ.
Тус сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулах талаар "Степпэ Арэна" ХХК-ийн Хэвлэл мэдээллийн ажилтан О.Зулбэл "ОХУ-ын Олимпын аварга авсан олон тамирчдад багшлах санал тавьж байгаа. Мөн Киргизийн уран гулгагч нарт санал тавьсан. Есдүгээр сард ОХУ-ын мэргэжилтнүүд ирж мөсөэ өргөөтэй танилцах юм. Аль болох нааштай хариу хэлэх багшийг авчраад багшлуулах бүрэн боломжтой. Тун удахгүй ганцаарчилсан тэшүүрийн сургалтын бүртгэл эхэлнэ. Бид цагийн хувиараа гаргахаараа цахим хуудсаар дамжуулан мэдэгдэнэ" гэдгээ хэллээ.
Монгол Улсад олон улсын зэрэгтэй олон тамирчид төрөн гарснаараа улс орны эдийн засаг, хөгжилд томоохон түлхэц болох юм. Мөн манай улсад уран гулгалтын спортоор амжилт гаргах бүрэн боломж бий гэдгийг тус богино хэмжээний сургалт баталлаа.