Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: “Адлагдсан“ худалдаа эрхлэгчдийн ТЭМЦЭЖ яваа энэ АМЬДРАЛ

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
15 минут 9 секунд

Түм түжигнэж, бум бужигнасан их хотын амьдрал. Хатуу ч гэсэн хорвоогийн жамтай хүн бүхэн л нүүр тулна. Хоосон хонохын бэрхийг, хоёр идэхийн жаргалыг наймхан настай балчираас наян настай буурал ч мэдэрчээ.

Гэвч тэд гаднаа инээж, дотроо уйлсаар. Энгийн хэрнээ эгэл амьдралаар биеэ чимсэн ч нуруундаа хамаг зовлонгоо хад чулуу болгоод үүрчихжээ тэд. Аваад хаях чадал байхгүй, тэртээ хол өшиглөчих тэнхээ ч алга. Нийгмийн бодлого нь нэрнээс цаашгүйдэж, халамжийн бодлого нь хавтгайрсан ч жинхэнэ эзнээ тойроод гардаг нь харамсалтай. Гэтэл бид гуравхан саяулаа шүү дээ.

Хоёр, гуравхан алхаад л хорвоо ямар хатууг мэдэж болно. Хоёр, гуравхан хүнтэй учрахад л хорвоод туулж буй зовлонг нь тэмтэрч мэднэ. Даанч бид харсан ч анзаардаггүй, анзаарсан ч ойшоодоггүй болохоор бие биенийхээ ямар амьдрал туулж байгаад төдийлөн анхаараад байдаггүй мэт. Хэлэхэд бэрх ч тоочоод барамгүй олон ачааг нуруундаа үүрсэн хүмүүсийн аж амьдрал хийгээд эдийн засгийн уналтын хуйд дайрагдсан гар дээрээс худалдаа, үйлчилгээ эрхэлдэг зарим иргэдийн амьдралын бодит байдлыг сурвалжиллаа.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг “МУБИС орчим"

Олон хүний хөлд дарагдсан нийслэл хотын төв. Өмнө нь очсон хүн бүхнийг инээмсэглэн угтаж, урдаа байгаа жингийн тавцан дээр урих нь нэг л содон. Замын хажуугийн брожур дээр суучихаад бяцхан ачаа үнсэн, өхөөрдөж буй нь эмээ ач охин хоёр энэ хорвоо дээрх хамгийн том жаргалыг мэдэрч байгаа мэт.

Энэ эмээг Ж.Пүрэв гэдэг. Хүмүүсийн жинг үзэж, хоногийнхоо хоолыг залгуулдаг. 50 төгрөг бариад "Эмээ энэ мөнгөөр жин үзээд өгөөч" гэхэд инээмсэглээд л хүлээж авч байгаа нь хэн бүхний хайр хүндлэлийг татна. Ж.Пүрэв эмээ удам залгах нэг хүүтэй аж. Хүүгийнхээ бага охиныг өөр дээрээ өсгөн хүмүүжүүлж, амьдрахын эрхэнд 200 төгрөгөөр хүмүүсийн жинг үздэг байна. Харин түүний ач охиныг М.З гэдэг. Энэ жил 7-р ангид орох хөөрхөн сэргэлэн охин бий. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд хичээлийнхээ хэрэгслийг бэлдэхээр Багшийн дээдийн нүхэн гарцанд маск худалдаалж буйгаа ярьлаа. Ирээдүйд сэтгүүлч болох мөрөөдөлтэй бяцхан охинд нь энэ жил өмсөх форм байхгүй талаар эмээ хэлсэн юм. Үүнээс гадна, амьдрал тун хэцүү байна гэсэн ч сэргэлэн охиныхоо дэмэнд өлгийдүүлж, болохгүй, бүтэхгүйг давж байгаа талаараа хуучиллаа.

Ж.Пүрэв эмээ "200 төгрөгөөр хүмүүсийн жинг үздэг. Сайн хийвэл өдөртөө 10,000 төгрөг хийнэ. Муу хийвэл түүнээс бага. Одоо гэхдээ хүнсний бүтээгдэхүүний үнийг дийлж чадахааргүй байна. Өдөрт олсон мөнгөөрөө хоногийнхоо хоолыг л залгуулж байна даа. Орой харихдаа нэг талх, нэг сүү л аваад харина. Маргааш нь олсон мөнгөөрөө багахан мах гэх мэтчилэнгээр авна. Ер нь 1 кг гурил, будаа авна гэж байхгүй дээ. Хоёр идэхгүй хоосон хоночихгүй л амьдарч байна. Тэглээ гээд урдаа хайрцаг тавиад гуйлга гуйгаагүй шүү дээ.

Хүү маань хоёр хүүхэдтэй. Надтай хамт байгаа нь бага нь. Том нь саажилттай юм. Уг нь хүүгээ ч бас өөр дээрээ аваад өсгөмөөр л байдаг. Гэвч болохгүй юм. Охиноо л хүн шиг өсгөх гээд хичээж байна. Хүү бэр хоёр маань тусдаа байдаг. Түүнээс гадна хамаатнууд бий л дээ. Гэхдээ бүгд амжиргааны төвшин доогуур. Яг л надтай адилхан. Тэр хүмүүсийг бас зулгааж амьдармааргүй байдаг.

Эмээ нь тэтгэврээ авдаг. Гэхдээ бас хаана ч хүрэлцэхгүй юм. Хүнсний талонд хамрагдах гээд очсон боловч хорооноос "ТА ЯВ" гэсэн. Дулааны улиралд бол дажгүй ээ. Болгож, бүтээгээд амьдраад байдаг юм. Өвөл болохоор л яана даа гэж эмээж сууна. Түлээ нүүрснээс эхлээд асуудал их шүү дээ. Ядаж л манайх худгаасаа маш хол. Би битгий хэл миний охин ч усаа авч чадахааргүй тийм хэцүү. Халтиргаа гулгаанаас үүдээд асуудал зөндөө бий. Эмээ нь хөл муутай, дээр нь ач охин маань нүхэн гарцанд маск зарж байгаа. Нэг лангуутай. /Инээв/

Өглөө намайг энд суулгачихаад, орой хөтлөөд харьдаг юм. Энэ жил охин маань формгүй гээд л ингээд зогсож байна. Сэргэлэн гэж жигтэйхэн. Муу охин маань л надад түших тулгуур, таяг минь болж байна даа" гэв. Биднийг ярилцах зуурт түүний ач охин эмээдээ савтай хоол авч ирч өглөө.

М.З охинтой багахан хуучлав. Охиноос өөрөө хоолоо идсэн эсэхийг асуухад "идчихсээн" гэх намуухан хоолойгоор дуугарав. Охины тормогор алаг нүд нь хичээлийн шинэ жил эхлэхэд бүх зүйлээ бүрдүүлчихнэ дээ гэсэн итгэл төрүүлж буй мэт.

Охин "Өмнө нь дэлгүүр ороод зерогийн бал авахад 600 төгрөг гэдэг байсан. Гэтэл одоо 1100 төгрөг. Дэвтэр 900 гэж байсан бол одоо 1200 болчихсон байна лээ. Энэ сарын 20-нд хүүхдийн мөнгө бууна. Магадгүй хүүхдийн мөнгө буухаар хичээлийн хэрэгслийн үнэ нэмэгдчих байх. Би ирээдүйд сэтгүүлч болох мөрөөдөлтэй" гэсэн юм.

Амьдрал хэцүү гэсэн ч эмээ охин хоёр бие биенийхээ халуун илчинд дулаацан явна. Хоёр зуун төгрөг багадахгүй, хоёр мянган төгрөг ихдэхгүй, боломжоороо хөдөлмөр эрхэлж, өөрсдийн амьдралаа залгуулж байгаа нь анхаарал татахын хэрээр сэтгэлийн утсыг ч хөндөж байснаа нуух юун.

Улаанбаатар хот, СБД “Нэгдүгээр эмнэлэг"

Эмээ охин хоёрыг орхин цааш явах замдаа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гадна жижиглэн худалдаа эрхлэгч Б.Батнууртай таарсан юм. Түүний хувьд жилийн өмнө авто ослоор эхнэрийгээ алдан, өнөөдөр ганцаар худалдаагаа эрхэлж байна гэдгээ хэлсэн бөгөөд өнөөг хүртэл эхнэрийх нь амь насыг хохироосон иргэн хариуцлагаа хүлээхгүй байгаад нь гомдон, цөхрөнгөө барсан тухайгаа хэллээ.

Тэрбээр "Кофе шофууд их нээгдчихсэн болохоор бараа зарагдахгүй юм. Ганц нэг бараа л зарагдаж байна даа. Нэг ширхэг кофе 400-500 төгрөг, нэг углааш 10,000-20,000, нэг ширхэг тамхи 300 төгрөг гэх мэтээр л зарж байна. Бид чинь эмнэлгийн хажууд байгаа болохоор өвчин зовлонтой хүнээс яаж мөнгө нэхээд байхав гээд боломжоороо л юмаа зарчихдаг юм.

Өмнө жил эхнэрийг минь гэрийн маань хашааны урд нэг жолооч дайраад, амь насыг нь хороочихсон юм. Шүүхээр яваад яваад өнөөг хүртэл шийдүүлж чадаагүй л байна даа. Одоо бүр өмгөөлөгч нартаа ч гомдож байна. Шүүх хуралд орсон ч нэг үг дуугардаггүй. Цөхрөнгөө барна гэж үүнийг л хэлдэг байх.

Ханьтайгаа хамт энд бид хоёр хамт зогсдог байсан юм. Эндхийхэн бүгд мэднэ дээ. Элэг бүтэн байхдаа дутагдаж, гачигдах зүйл мэдэхгүй, бүтэн хоол, бүтэн нойртой хонодог байсан. Гэтэл одоо ганцаараа хөдөлмөрлөхөөр хоосон хоночилгүйхэн шиг л өдрийг барж байна даа.

Би охин, хүү, 4 зээтэйгээ хамт амьдардаг. Хүү маань барилгын компанид ажилладаг юм. Охин хүүхдүүдээ хараад гэртээ байдаг л даа. Эхнэрийгээ алдсанаас хойш их л хэцүү байна. Ядаж л би энэ бараануудыг хаанаас яаж авдаг байсныг нь мэдэхгүй юм. Хань минь урагшаа явж бараагаа авч ирдэг байлаа.

Түүнээс гадна эхнэрийн маань амь насыг хохироосон хүн 2 жил тэнсэн харгалзах ялаар яллуулсан. 49 хоногоос нь хойш нэг ч ирээгүй, оршуулгын зардалд ч хувь нэмрээ оруулаагүй. Олон олон шүүхийн танхимын хаалгыг татаж, хэрэг шийдэгдэхгүй байснаар одоо бүр хуулийн өмнө ч хүчин мөхөсдөж, туйлдаж байна. Сайн өмгөөлөгч олоод шүүхдье гэхээр үнэ өртгийг нь дийлэхгүй юм" гэв.

Б.Батнуур ахын амьдрал энгийн мэт боловч хань ижлээ алдсанаас хойш их туйлдаж буй нь харагдана. Хажууд нь түшиж тулах ижил заяа нь тэнгэрт дэвшиж, хэрэг үйлдсэн хүн нь нартын доор чөлөөтэй алхаж байгааг төсөөлөхөд ч бэрх санагдана. Боломжтой бол сайн өмгөөлөгч олдоосой гэж хэлэх нь эрхгүй зүрх зүсч байв.

Улаанбаатар хот, БЗД “Баянзүрх зах"

Хүмүүсийн хөл тасардаггүй газар бол яах аргагүй Баянзүрх зах. Баянзүрх захын гадна маш олон иргэд гар дээрээс жижиглэнгийн бараа худалдаалдаг. Амьдралд нэмэртэй учраас энд зогсож, халуунд халж хүйтэнд хөрж байдгаа худалдаа эрхлэгчид хэлж байсан юм. Үүнээс гадна ковидоос өмнө цагдаа нар хөөж туудаг байсан бол одоо харьцангуй багассан гэнэ. Худалдаачдаас яриа авч байх зуурт нэгэн хос эрхгүй анхаарал татав.

Тэднийг П.Элдэв-Очир, О.Болормаа гэдэг. Тэд хуучин бараа бүтээгдэхүүнийг 1000-5000 төгрөгийн хооронд зарж, өдрийн хоолоо залгуулдаг талаар ярьлаа. Тэдний хувьд гэрээ гал түймэрт алдсанаас хойш орох оронгүй, ойчих аягагүй өдөр хоногийг өнгөрөөж, хээрээр гэр хийж, хийн плиткээр гал хийж яваа тухайгаа хэлсэн юм.

Эхнэр О.Болормаа "Эгч нь багаасаа л амьдрал үзсэн хүн. Сонсголын бэрхшээлтэй. Гэвч групп тогтоолгохоор очиход хорооноос хүлээж аваагүй, тоогоогүй. Дээр нь бид хоёр гэрээ шатааснаас хойш Сэлбэ голын хөвөөгөөр л отог босгоод амьдарч байна. Хуучин бараануудаа хураагаад энд хүнд үлдээдэг юм. Гэвч бараа маань заримдаа дутчихна.

Хааяа бараа зарагдахаар бид хоёр замын эсрэг талд байгаа "Шөлөндөө"-өөд орж хоол иддэг юм. Заримдаа хийн плиткан дээрээ хоолны материал олдвол хоол хийгээд идчихнэ.

Бид хоёр хоёр хүүхэдтэй. Хоёулаа манай ээж дээр байдаг. Хүүхдийн мөнгө нь ээжид маань очдог. Хар багаасаа 16 настайгаасаа л хойш өчнөөн хэцүү амьдрал тууллаа. Хүүхдийн колонд ч орж байсан. Одоо орох оронгүй болохоор амьдрахын эрхэнд гадуур хоноод л, өдөрт нь наймаагаа хийгээд л явж байна" гэсэн юм.

Харин түүний нөхөр П.Элдэв-Очир "Миний хувьд ч мөн группт орох эрхтэй. Гэвч группт ороогүй л явна. Гэрээ шатааснаас хойш нэг иймэрхүү байдалтай л амьдарч байна. Гэхдээ олон түмний буянаар болж байна аа. Хэнээс ч хулгай хийж, гуйлга гуйгаагүй хөдөлмөрөөрөө амьдарч байна. Энэ хавийхан бол бид хоёрыг мэднэ дээ. Хүмүүс хуучин бараа гэлтгүй бүгдийг нь авдаг юм. Тэгээд ч гараа хөдөлгөж байгаа цагт хоосон хонохгүй шүү дээ" гэх өөдрөг хариуг өгч байлаа.

Тэдний гол хүсч байгаа зүйл бол групп тогтоолгох. Мөн хорооноосоо тусламж хүсч, гэр гуйсан боловч өөр хүмүүст өгчихдөг талаар ч хэлж байсан юм. Гэрээ шатааснаас үүдэн орох оронгүй болж, хатуу ч гэсэн хорвоогийн жамыг хамт туулж байгаа эхнэр, нөхөр хоёр юм.

Тэд бол бидэнтэй хамт мөр зэрэгцэн амьдарч буй гурван сая иргэний зөвхөн нэг хэсэг нь. Дөрвөн хүнтэй уулзахад гурав нь ардаа амьдралын бэрхийг үүрч явдаг аж. Гаднаа энгийн эгэл мэт боловч түүний цаана нэгэн нууц заавал байдаг. Ядуурал, эдийн засгийн уналт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт эдгээр хүмүүсийг ч тойроогүй гарч. Бид нэгнийхээ амьдралаар амьдарч үзээгүй болохоор бие биедээ хатуу ханддаг нь туйлын үнэн.

Хэн ч ардаа ямар их зовлон гуниг, саад бэрхшээл туулж байгааг үгээр хэлэхийн аргагүй шүү дээ. Энэхүү сурвалжилгаараа бид хэн нэгний амьдралыг шүүн тунгаах гэсэнгүй, бас гуниг зовлонг нь олонд түгээхийг ч хүссэнгүй.

Хамгийн гол нь бид бие биедээ хайртай байж, хэрэггүй муу үгээр нэгнээ бүү хэмхлээсэй, битгий ялгаварлан гадуурхаж, ад шоо үзээсэй харин түүний оронд баярлаж, талархаж, энэрч, хайрлаж байгаасай гэдгийг сануулахыг хичээлээ.

БАЙР СУУРЬ: Ван И-гийн айлчлалыг ТЭД ЮУ ГЭЖ ДҮГНЭВ
БАЙР СУУРЬ: Ван И-гийн айлчлалыг ТЭД ЮУ ГЭЖ ДҮГНЭВ
 
Т.Ням-Очир: Улсын хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчлэхэд 160-180 тэрбум төгрөг шаардлагатай
Т.Ням-Очир: Улсын хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчлэхэд 160-180 тэрбум төгрөг шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.