Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Хүй долоон худагт наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Монгол түмэндээ алдартай Хүй мандлын дэнжид тав дахь удаагаа зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам”наадмыг аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болохын хувьд НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас дэмжин, Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулдаг уламжлалтай.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх өвөрмөц наадмыг амжилттай зохион байгуулахад Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар, Цагдаагийн удирдах газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ, УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн ТҮК гэхчлэн олон байгууллага оролцож ажилласан юм.
Ингээд Даншиг наадмыг үзэж сонирхсон гадаадын жуулчдын сэтгэгдлийг хүргэж байна.
Франц улсаас ирсэн жуулчид Мари Амели, Роман "Бид Монголд анх удаа ирж байна. Манай хөтөч биднийг “Даншиг наадам-Хүрээ цам”-г үзэхийг санал болгосон тул энд ирээд байна. Бид Франц улсаас ирсэн. Францыг бодоход Монгол Улс маш өргөн уудам цэлгэр тал нутагтай юм. Францад ийм цэлгэр тал байдаггүй. Маш сайхан амарч, амар амгаланг мэдрэхээр нутаг юм шиг санагдаж байна. Маргаашаас аялал маань эхлэхээр илүү сайхан газруудыг үзэх байх. Хаашаа л харсан адуун сүргүүд байгаа нь ч сайхан юм" гэв.
АНУ-аас ирсэн жуулчин Брендон Бэкман "Манай эхнэр монгол хүн. Бид энэ жил Америк улсаас Монголд ирж, гэр бүл дээрээ зочилж байна. Ирснээсээ хойш Улаанбаатар хотоор болон хөдөөгөөр аялсан. Үнэхээр үзэсгэлэнтэй орон юм. Даншиг наадам үнэхээр сонирхолтой санагдлаа. Өмнө нь монгол бөхийн барилдааныг интернэтээс л үзэж байсан бол ингээд бодитоор нь харах сайхан байна. Бөхийн барилдаан, хурдан морины уралдаан гээд бүгдийг интернэтээр үзэх биш бодитоор харж байгаадаа баяртай байна" гэлээ.
АНУ-аас ирсэн жуулчид Жере Рикман, Конни "Хурдан морь унаж буй хүүхдүүд үнэхээр мундаг санагдлаа. Бас байт харваа ч сонирхолтой байлаа. Анх удаа Монголд ирж байгаа болохоор бүх зүйл гайхалтай, сонирхолтой санагдаж байгаа. Гэхдээ бидний аялал одоо л эхэлж байна. Удахгүй нуур үзэхээр явна. Бас говь руу ч явна. Мөн хөдөө малчин айлд очиж хэд хонохоор төлөвлөөд байгаа. Үнэхээр сэтгэл хөдөлж, догдолж байна" гэсэн юм.