Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бараалхав. Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгааг Ерөнхийлөгч онцолж, олон улсын амаргүй нөхцөл байдал, цар тахлын үед ч харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн, ойр дотно хамтарч ажиллах нь зүйтэйг тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, энэ хүрээнд дунд хугацааны стратеги төлөвлөгөө батлан хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахын төлөө байгаагаа хэлэв.