Наймдугаар сарын 12-14-ний өдрүүдэд Говь-Алтай аймагт "Алтайн залуус" чуулга уулзалтыг зохион байгуулахаар болсон. Ингэхдээ тус чуулга уулзалт нь сум сумдын гэр бүл төлөвлөөгүй залуусыг хооронд нь танилцуулах зорилготой хэмээн мэдээлсэн нь олон нийтийн анхаарлыг татаад буй. Тэгвэл тус чуулга уулзалтын талаар Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатараас тодрууллаа.
-Танай аймагт зохион байгуулагдах гэж буй "Алтайн залуус" чуулга уулзалтын талаар олон нийт их сонирхож байна. Ялангуяа ганц бие залуусыг хооронд нь танилцуулна гэдэг нь сонирхол татаж байх шиг. Та тус чуулга уулзалтын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Аймаг, орон нутаг бүр өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Гэхдээ миний хувьд сум, багуудаараа хамгийн их явж, иргэдтэйгээ уулзалт хийдэг Засаг дарга байх. Сум, багаар явж иргэдтэй уулзалт хийгээд явахад аймгийн төв дээр зам талбай хийхээс илүүтэй иргэдийнхээ эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, мал аж ахуйн бизнесийн тал дээр менежментийн зөвлөгөө мэдээлэл мэдлэг эзэмшүүлэх нь чухал гэж харсан. Өнгөрсөн гучин жилийн хугацаанд хүний эрүүл мэндэд огт анхаараагүй юм байна бид. Хөдөө сумдад эмч нарын баг очиж ажиллахад сум, баг бүрийн иргэдээс хорт хавдар илэрч байна. Дан ялангуяа залуучуудаас энэ төрлийн өвчлөл ихээр илэрч байна. Тиймээс бид залуучуудынхаа эрүүл мэндэд анхаарах цаг болсон.
Үүнээс гадна залуучуудыгаа аятай тухтай амьдрах, ирээдүйдээ итгэлтэй байх, гэр бүлээ төлөвлөж, бизнесээ эхлүүлэх чиглэлд нь зөвлөгөө өгч, хамтарч ажиллахгүй бол хөдөөгийн малчин залуусыг зөнд нь хаячихсан байна. Төрийн бодлогоос гадуур л орхигдоод байна шүү дээ.
Малаа маллаж, нийгэмшихгүй байсаар хөгширч байна. Хөдөөгийн сумдаар уулзалт хийхэд ялангуяа эцэг, эхчүүд нь нэг л хүсэлт тавьдаг. Мал маллаж, нутгаа сахиж буй хэдэн залуус нь гэр бүлгүй, хүнтэй танилцах нөхцөл алга, залуучуудад чиглэсэн арга хэмжээ байхгүй байна гэж хэлж байгаа юм. Иймээс залуучуудыг хооронд нь уулзуулж, учруулж хооронд нь танилцуулж, эрүүл мэндэд нь анхаарах үүднээс тус чуулга уулзалтыг зохион байгуулна. Бүх талын сургалт мэдээлэл өгөх тул энэ үеэр залуус өөр хоорондоо танилцах боломжтой.
-Цаашид өргөжүүлж Баянхонгор, Завхан, Ховд зэрэг аймгуудтай хамтарч зохион байгуулна-
-Та цус ойртолт их байгаа тул эл чуулга уулзалтыг зохион байгуулах нь ач холбогдол өндөртэй гэж мэдээллийнхээ үеэр хэлсэн?
-Тийм ээ. Говь-Алтай аймаг нь 21 аймгаас цус ойртолт өндөртэйд тооцогддог. Сүүлийн 30 жилд болсон алдаа завхрал нь нэг нэг уулын аманд хашиж хаячхаад хүмүүстээ анхаараагүй.
Судалгаа хийж үзэхэд, нэг суманд хамгийн дээд талдаа 20-30 насны 80 орчим ганц бие эрэгтэйчүүд байна.
Тэгэхээр зовлонг нь ойроос харж, ойлгож байгаагийн хувиар бид нар л эдгээр залуусыг бусадтайгаа танилцах, гэр бүлээ төлөвлөх тал дээр анхаарал тавих хэрэгтэй. Ингэж анхаарахгүй энэ чигээр нь уулын мухарт хаячхаж болохгүй шүү дээ.
-Олон нийтээс ирж буй санал, сэтгэгдлүүдийг та харав уу. Ер нь дэмжиж буй хүмүүс их байна уу?
-Говь-Алтайчуудын хувьд маш зөв үйл ажиллагаа болж байгаа. Энэ нь Говь-Алтайчууд ялангуяа хөдөөгийн малчин иргэдийн хувьд хамгийн их хүсэж хүлээсэн арга хэмжээ болно. Яахав, Говь-Алтайн хувьд анхных нь л байх. Монгол Улсад ч өмнө хийгдэж байгаагүй арга хэмжээ байх.
Улаанбаатарт байгаа Говь-Алтайг мэдэхгүй, фейсбүүк гар утасны ард суугаа хүн юу гэж хэлэх нь хамаагүй. Хийдгээрээ хийнэ. Цаашид уламжлал болгон зохион байгуулна. Зөвхөн Говь-Алтай гэлтгүй цаашид өргөжүүлж Баянхонгор, Завхан, Ховд зэрэг аймгуудтайгаа нийлж хийнэ гэсэн бодолтой байгаа.
Хөдөө нутагт ирж ажиллаж амьдарч байгаагүй хүн амьдралыг нь ойлгохгүй шүү дээ. Тэр байтугай орчныхоо амьдралыг ч ойлгохгүй хүмүүс олон байгаа шүү дээ, Улаанбаатарт. Ядахдаа хөдөөгөөр ирж нэг тойрч үзчихээд энэ зүйл буруу юу, зөв үү гэх шүүмжээ хэлэх хэрэгтэй.
-Уулын мухарт байгаа залуучууд бусадтайгаа танилцах, хөгжих боломж нь хаалттай байна гэдэг ҮНДСЭН ХУУЛИЙН ЗӨРЧИЛ-
-Сумдад хүйсийн харьцаа алдагдсан гэх асуудлыг их ярьсан?
-Өмнө хэлсэнчлэн нэг суманд хамгийн дээд талдаа 20-30 насны 80 орчим ганц бие эрэгтэйчүүд байна шүү дээ. Гэтэл нөгөө талд эмэгтэй хүн байхгүй. Энэ бол эмгэнэл. Үндсэн хуулиараа эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах, сурч боловсрох эрхтэй. Гэтэл уулын мухарт байгаа энэ залуучууд бусадтайгаа танилцах, хөгжих боломж нь хаалттай байна гэдэг үндсэн хуулийн зөрчил шүү дээ. Арга хэмжээ сайхан болно гэдэгт итгэлтэй байна.
-Чуулга уулзалтын хөтөлбөр нь гарсан уу. Ямар арга хэмжээнүүд зохион байгуулагдах вэ?
-Хөтөлбөр нь гарсан. Ирсэн залуусыг эрүүл мэндийн үзлэг үйлчилгээнд хамруулна. Шаардлагатай эмчилгээ, зөвлөгөө үзүүлнэ. Жижиг дунд бизнесийг хэрхэн эхлүүлэх гэх мэт бизнес, хууль эрх зүйн зөвлөгөөг өгнө. Гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалтуудыг хийх юм. Ер нь хувь хүний хөгжилд чиглэсэн олон сургалтууд багтсан байгаа.
-Говь-Алтайн өрх бүр жилд 100 орчим сая төгрөгийн орлоготой болно гэх төлөвлөлтийг хийсэн-
-Хөдөө, орон нутгаас боловсрол эзэмшихээр явж байгаа залуус эргээд орон нутагтаа очиход амьдрах орчин, ажлын байр зэрэг нь нэн тэргүүнд тулгамдах асуудал нь болдог. Таны хувьд Засаг даргаар хоёр удаа сонгогдон ажиллаж буйн хувьд аймаг орон нутгаа хэр хэр хөгжиж байна гэж харж байна. Хөгжүүлэх чиглэлд ажил арга хэмжээнүүдийг авч чадаж байна уу?
-Говь-Алтай аймгийн хувьд өрсөлдөх чадвараас гадна бусад олон үзүүлэлтэд сүүл мушгидаг байсан. Бидний хувьд аймгаа хөгжүүлэх, ард иргэдээ дэмжих дөрвөн хөтөлбөрийг гаргаж хэрэгжүүлж байгаа.
Нэгдүгээрт, боловсролын тогтолцоо. Говь-Алтай аймаг ЭЕШ-ын дүнгээр 21 аймгийн 20-д жагсдаг байсан бол өнгөрсөн жил арван байраар урагшилсан. Боловсролын түвшингээрээ улсдаа эхний таван байранд багтах зорилт тавьсан.
Сүүлийн 20 жилийн хугацаанд Говь-Алтай аймгийн одоо амьдарч байгаатай дүйцэхүйц тооны хүмүүс Улаанбаатар руу шилжсэн байна. Жилд 1500 орчим хүн хот руу шилжиж байна. Манай аймгаас Улаанбаатар хот руу шилжиж буй иргэдээс судалгаа аваад үзэхэд боловсрол муу, эрүүл мэндийн асуудал, ажлын байр гэх шалтгаануудыг хэлдэг.
Хоёрдугаарт, ажлын байр. Говь-Алтай аймагт сүүлийн 30 жилд ажлын байр огт нэмэгдээгүй. Төрийн алба л данхайсан болохоос ажлын байр нэмэгдэж бизнесийн орчин бүрдэхгүй байгаа. Энэ нь хэд хэдэн зүйлтэй холбоотой. Нэгдүгээрт, хил боомт байдаггүй. Бургастай боомт нь Шинжаан Уйгарын нутагтай хиллэдгээс болж хаалттай болчихсон. Арилжаа наймаа хийх боломжгүй, Монгол Улсын хамгийн үнэтэй шатахуун, бараа бүтээгдэхүүн хэрэглэдэг учраас амьжиргааны түвшинд нөлөөлж хот руу шилжээд байгаа юм. Бид газар тариалан, жимс жимсгэнэ гэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Ингэхдээ ард иргэддээ газар тариалан эрхэлж бизнес эрхлэх боломжийг нь нээж өгөх чиглэлд ажиллаж байна.
Энэ хөтөлбөрөөр 20 мянган га-д алим, жимс, лийр тарихаар төлөвлөсөн. Үүний дүнд Говь-Алтайн өрх бүр жилд 100 орчим сая төгрөгийн орлоготой болно гэх төлөвлөлтийг хийсэн. Энэ бүтчихвэл иргэд маань заавал Улаанбаатар аль эсвэл гадаад явах шаардлагагүйгээр нутагтаа бизнес эрхэлж чинээлэг сайхан амьдрах боломжтой.
Гуравдугаарт, орон сууцжуулах төлөвлөлтүүдийг хийж байна. 17 сум бүрт 120 айлын орон сууц барих инженерийн шугам сүлжээний зураг төслийг нь хийж дуусгалаа. Дөрөвдүгээрт, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд тодорхой зорилтуудыг тавьж, ажиллаж байгаа.