Сүүлийн үед Монгол Улсад усан үзэм тариалсан гэдгээрээ олон нийтийн анхаарлыг татаж буй БНСУ-ын иргэн Ким Сон Чул нь Сэлэнгэ аймгийн Баянгол суманд /хуучнаар буюу хүмүүс Баруун хараа гэж нэрлэдэг/ амьдарч, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж байна. Манай сурвалжлах баг Ким Сон Чул судлаачийн амьдардаг Баянгол суманд очиж, тариалангийн талбайтай нь танилцаж, олон сонирхолтой сэдвээр ярилцлаа.
Биднийг ургацын талбай дээр очиход нүүр дүүрэн инээмсэглэсэн, хижээл насны нэгэн эрхэм угтаж авсан юм. Хүмүүс түүнийг усан үзэм тарьсан гэдгээр нь мэддэг. Гэтэл тэрбээр зөвхөн усан үзэм гэлтгүй маш олон төрлийн жимс, хүнсний ногоо тариалдаг аж. Мөн дээрээс нь Монгол Улсын төлөө гэх сэтгэлтэй, олон монгол хүүхдийн сурч, боловсрол олж авах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн гэдгийг ажилчид нь онцолж байлаа. Ингээд БНСУ-ын иргэн Ким Сон Чулийн ярилцлагыг хүлээн авч уншина уу.
-Та анх хэзээ Монгол Улсад ирж байв. Хэзээнээс энд амьдрах болсон бэ ?
-Анх 2000 оны гуравдугаар сард Монгол Улсад ирсэн. 2007 он хүртэл Улаанбаатар хотод амьдарсан. Харин 2007 онд Баянгол суманд ирснээсээ хойш эндээ амьдарч байна.
-Яагаад Монголд амьдрах болов?
-Монгол Улсад надад хий зүйл их байна гэж бодсон. Тэгээд л Монголд ирээд ажил хийсэн. Анх Монголд ирээд хоёр жил Ён Сэ эмнэлэгт инженерээр ажиллаж байгаад 2002-2007 оны хооронд "Хүрээ" дээд сургуульд багшаар ажиллаж байсан.
-Тэгэхээр багш, инженер мэргэжилтэй гэсэн үг үү ?
-Миний жинхэнэ мэргэжил электроник, мэдээлэл технологийн инженер. Тариаланч биш. Харин манай аав ногоо тарьдаг хүн байсан. Миний хувьд 2001 оноос тариаланчийн ажлаа эхлүүлсэн. Одоо 22 жил болж байна.
-Монголд хэнтэй амьдардаг вэ ?
-Анх 2000 онд эхнэр хоёр хүүхэдтэйгээ Монголд ирж байсан. 2005 онд бага охин маань төрсөн. Харин гурван хүүхэд маань том болоод Солонгос руу буцацгаасан. Одоогоор эхнэртэйгээ амьдарч байна. Эхнэр Улаанбаатарт байдаг. Том охин маань Монголд АШУҮИС-ийг шүдний эмчийн мэргэжлээр төгссөн. Үргэлжлүүлэн сурахаар Солонгос явсан. Хүү мөн адил энд ахлах сургуулиа төгсөөд 7-8 жилийн өмнө Солонгос руу сурахаар явсан. Бага охин энд сурч байгаад одоо Солонгост сурч, амьдарч байгаа.
-Энэ талбайд таны хэдэн хүлэмж байгаа вэ. Хэчнээн төрлийн хүнсний ногоо, жимс тарьдаг вэ?
-Энд 90 хүлэмж байгаа. Нийтдээ 30 гаруй төрлийн хүнсний ногоо, жимс тарьж байна. Харин эмийн ургамлыг тарихаар судалгааны ажлаа эхлүүлсэн. Судалж байгаа.
-Монголд түгээмэл ургадаггүй зарим төрлийн жимс, хүнсний ногоо тариалдаг гэсэн шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Монгол хүмүүс дуртай, импортоор оруулж ирж иддэг зүйлсэд судалгаа хийж, тарьж байна. Ихэнх нь болж байгаа. Миний хүсэж байгаа зүйл бол Монгол хүмүүс иддэг ногоогоо өөрсдөө тариалж, түүнийгээ өөрсдөө хэрэглэх юм. Олон төрлийн ногоо тарьж, судалгаа хийж байгаагийн учир нь энэ.
-Монголд тариалахад хамгийн хэцүү байсан хүнсний ногоо, жимс юу байсан бэ?
-Усан үзэм, эрдэнэ шиш байсан.
-Хүмүүс таныг усан үзэм тарьсан гэдгээр нь мэддэг болсон шүү дээ. Усан үзэм хэзээнээс тарьж эхэлсэн бэ?
-2001 оноос Монголд усан үзэм тарих судалгааг эхлүүлсэн. Харин жилийн өмнөөс үр дүн гарч байна. Цаашид ургах боломжтой гэж үзэж байгаа учир их хэмжээгээр тарьж, Монгол хүмүүсийн хэрэгцээг хангамаар байна.
-Зөвхөн усан үзмийн судалгааны ажил 20 гаран жил үргэлжилсэн байна шүү дээ. Ер нь ногоо, жимсийг тарихад судалгааны ажил хамгийн их хугацаа шаарддаг гэж ойлгож болох уу?
-Тийм. Судалгаа хийгээд гарсан үр дүн, технологийг Монголд ногоо тарьдаг хүнд зааж байгаа. Энд ажиллаж буй ажилчид бүгдээрээ Монгол хүн. Бүгдээрээ ногоо, жимс тарих технологийг сурч байгаа. Нийтдээ энд 10 хүн ажилладаг. Ажилчид маань зун, намар, хавартаа эндээ ажиллаж, амьдардаг. Харин өвлийн улиралд гэртээ харьдаг.
-Энд тарьж буй жимс, хүнсний ногоонууд дөрвөн улиралд ургадаг уу?
-Хавар, зун, намар гурван улиралд ургана. Өвлийн хүлэмжтэй болмоор байна. Өвөл ажил зогсох үед судалгааны ажил хийдэг. Хятад Улс хүн ам ихтэй. Тиймээс Хятад хүмүүсийн дуртай жимс, эмийн ургамалд судалгаа хийж байна. Үр дүн гаргаж экспорт хийх хүсэлтэй байна. Тэрхүү технологийг Монгол хүмүүст зааж өгөх болно.
- Та гадаад улсад бизнес эрхэлж байна шүү дээ. Хоёр улсын засгийн газраас дэмжлэг авах боломж байдаг уу?
-Надад дэмжлэг авах боломж байхгүй. Харин сумын захиргаанаас миний хийж байгаа бүх ажилд сайн тусалдаг.
-Тарьсан ногоо, жимсээ хэрхэн борлуулдаг вэ ?
-И-март дэлгүүрийн гурван салбарт худалдаалдаг. Өөр газар худалддаггүй. Учир нь манай ногоо, жимс И-март дэлгүүрт нийлүүлэхдээ дутдаг. И-март тарвас, амтат гуа, чинжүү зэрэг ногоонуудаа зундаа импортоор бараг авдаггүй манайхаас авдаг.
-Улаанбаатар хот руу ногоо, жимсээ хэрхэн тээвэрлэдэг вэ ?
-Манай компани И-март руу хүргэлт хийдэг. Долоо хоногт гурван удаа бараагаа тээвэрлэдэг. Заримдаа 4-5 удаа явах ч тохиолдол гардаг.
-Судалгааны дүнд бий болсон сортоор тарьж буй ногоонуудаа долоо хоногт ойролцоогоор хэдэн удаа хураадаг вэ?
-Өргөст хэмх, хулуу, тарвасыг өдөр бүр хураадаг. Харан амтат гуа, үрлэн помидор зэргийг долоо хоногт гурван удаа хураадаг.
-Нэг ногоо эсвэл жимсний сортыг гаргаж авахын тулд хэр удаан хугацаанд судалгаа хийдэг вэ?
-Дунджаар 7-10 жил судалгаа хийсэн. Хамгийн удаан судалгаа хийсэн нь усан үзэм. 20 гаруй жил судалгаа хийсэн.
-Таны тарьж буй хүнсний ногоо, жимсн импортын ногоо, жимснээс ялгарах гол давуу тал нь юу вэ?
-Хамгийн гол нь чанар өөр байна. Өнөөдөр хураасан манай ногоо, жимс маргааш и-мартад худалдан авагчдын гар дээр очно. Хугацааны хувьд олон хоног өнгөрөхгүй мөн цэвэрхэн байна. Солонгос улсаас онгоцоор ирсэн ч долоо хоног шаардлагатай байдаг.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Нэгдүгээрт Монгол хүмүүсийг хүнсний ногоо, жимс зэргээр нь хангах. Үүний дараа Хятад, Япон, Солонгос зэрэг Азийн орнууд руу экспорт хийх юм.
-Цаашид Монголд ажиллаж амьдарсаар байх уу. Солонгос руу буцах бодол байгаа юу ?
-Одоохондоо Солонгос явах төлөвлөгөө байхгүй.
- Монголоор маш сайн ярьдаг юм байна. Хэр хугацаанд сурсан бэ. Сурахад хэцүү байсан уу?
-Монголд ирснээсээ хойш 2-3 жилийн дараа бага багаар ярьж эхэлсэн. Монгол хэл сурахад маш хэцүү. Англи хэл сурч байсан ч хамгийн хэцүү нь Монгол хэл байсан.
Уг усан үзмийг ургуулахын тулд 20 гаруй жилийн хугацаанд судалгаа шинжилгээ хийжээ. Зурагт харагдаж буй усан үзэм нь өмнөх жилээс ургаж эхэлсэн байна.
Түүний гаргасан энэхүү сорт нь өвөл ч хөлдөхгүй, үхэхгүй тасралтгүй ургаж байгаа юм. Уг усан үзмийн мод нь дөрвөн настай аж.
Гурван жилийн хугацаанд зөвхөн мод нь ургаж өмнөх жилээс эхлэн ийнхүү жимс нь ургаж эхэлжээ. Одоогоор усан үзмийг томруулах талаас нь судалгаа хийж байгаа гэдгийг Ким Сон Чул судлаач хэллээ. /Цахимаар олны анхаарлыг татсан усан үзэм нь доор харагдаж буй усан үзэм бөгөөд дэлгүүрт зарагддаг усан үзмээс хэмжээгээрээ жижиг юм./
Дашрамд сануулахад, Ким Сон Чул судлаачийг Монголд анх удаа усан үзэм тарьж, ургуулсан гэж олон хүн буруу ойлголттой байгаа юм. Тодруулбал, манай улсын зарим тариаланчид 10 орчим жилийн өмнөөс усан үзэм тариалж эхэлсэн. Ким Сон Чул судлаачийн судалж буй усан үзмийн сорт нь жилийн дөрвөн улиралд ургадаг гэдгээрээ онцлогтой юм.
Эрдэнэ шиш нь тариалахад бэрхшээлтэй хүнсний ногоонд тооцогддог байна.
"Melon"
Амтат гуа гэх жимсийг Солонгос улсаас импортолбол, нэг килограммыг нь 30-40 мянган төгрөгөөр худалдаалдаг байна. Харин Монголдоо тариалж эхэлснээр нэг килограммыг нь 8900-9900 төгрөгөөр худалдаалдаг аж.
Ким Сон Чул тариаланчийн талбайд улаан болон шар гэсэн хоёр төрлийн улаан лооль ургадаг. Шар лооль нь илүү чихэрлэг амттай бол улаан лоолийг монголчууд түлхүү хэрэглэдэг. Улаан лоолийг долоо хоногт удаа буюу хоёр өдөрт нэг удаа хураадаг байна. Жишээлбэл, зурагт харагдаж буй шар, улаан лооль нь хоёр хоногийн дотор ургаж, хураахад бэлэн болдог гэсэн үг.
"Чингис хааны үед буюу 800 жилийн өмнө анх Хун Да Гуг гэх хүн Монгол Улсаас тарвасны үр авчирч Солонгост ургуулсан түүхтэй"
Ким Сон Чул судлаачийн талбайд таван төрлийн тарвас ургадаг. Тэдгээрийн дотроос Солонгос улсдаа хамгийн алдартай, содон түүхтэй нэгэн төрлийн тарвасыг тарьж байгаа аж. Тэрбээр доорх зурагт харагдаж буй тарвасын талаарх түүхийг бидэнтэй хуваалцлаа. "Анх 800 жилийн өмнө буюу Чингис хааны үед Хун Да Гуг гэх хүн Монгол Улсаас тарвасны үр авчирч, Солонгост ургуулсан түүхтэй. Мүдинь уулын тарвасын сорт нь 1230-1240 оны үед, одоогоос яг 800 жилийн өмнө, Солонгос улсад Гурёгийн хаант засгийн үед Монголоос үр авч ирээд Кэсонд тариалдаг байсныг 350 жилийн өмнөөс Гуанжоуд тариалж эхэлсэн.
Гурёгийн үе өнгөрөөд Чусоны үед зурагдсан тарвасны зургийг харсан ч гэсэн одоо байгаа судалтай тарваснаас өөр. Эсрэгээрээ Мүдинь уулын тарвасны хэлбэртэй ойролцоо байдаг. Гурёгийн үед Монголоос орж ирээд олон жилийн турш таригдаж ирсэн гэсэн үг. Тиймээс Мүдинь уулын тарвас сортыг дахин Монгол хүмүүст дэлгэрүүлэх гэж байна. Тариалалтын арга нь төвөгтэй хэцүү гэдэг ч, тариалж үзэж байгаа юм.
Монголоос Гурё уруу авч явсан учраас магадгүй Монголын уур амьсгалд сайн таарч ч болох юм шиг байна.
Монгол хүмүүс ч 800 жилийн өмнө тарвас тарьж байсан гэдгийг мэдвэл сайн байна" хэмээсэн юм.