Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Цэнгүүн: Кино урлаг бол ариусал юм

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
15 минут 40 секунд

Амьдралыг утга учиртай, сонирхолтой болгодог өч төчнөөн л зүйлс байдаг. Хүн бүр л ямар нэг зүйлийг хоббигоо болгон судалж, хөгжүүлж байдаг нь энгийн үзэгдэл.Гэвч тэр хобби гэх зүйлдээ үнэнчээр хандан жинхэнэ сонирхогч болсон хүн ховор биз ээ. Тэгвэл жинхэнэ сонирхогч гэж хэлэгдэхэд зохих, зөвхөн киногоор дагнасан кино баримт, шүүмж, бичвэр гээд 380 гаруй архивтай кино сонирхогч Г.Цэнгүүнтэй ярилцлаа. Түүнтэй ярилцсан киноны тухай амттай яриаг уншигчдадаа хүргэе.

Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?

Намайг Ганболдын Цэнгүүн гэдэг. 1988 онд төрсөн. Унаган хотын хүүхэд. Одоогоор гэрээрээ ажилладаг. Кино сонирхож судалдаг.

Ихэвчлэн ямар төрлийн кино үзэх дуртай вэ?

Сайн л кино бол төрөл жанр нээх анхаардаггүй. Сайн кино бол ямар ч хэлбэрээр санаагаа хэлж чаддаг.

Таны бодлоор сайн кино гэж ямар киног хэлэх вэ?

Кино урлаг өөрөө нэг төрлийн соён гэгээрүүлэгч юм л даа. Кино үзсэнээр хүмүүний мөнхийн асуултууд болох Хайр, ёс суртахуун, шударга ёс хийгээд үхэл хүртэлх бүхий л асуудалтай танилцаж, улмаар тэр талаар мэдлэг олж авч болдог. Тиймээс кино урлаг хамгийн чухал урлаг гэгддэг. Кино нь тухайн нийгмийн бүхий л хөндүүр сэдвийн толин тусгал болдог гэж үзвэл сайн кино сайн агуулгатай байх ёстой буюу дээр хэлсэн сэдвүүдээр хүнийг "цочоох" ёстой. Өөрөөр хэлбэл сайн кино үзэгчээ бодолд унагаж, эрэгцүүлэлд оруулах ёстой гэж боддог.

Хүмүүс ихэвчлэн бодолд унагадаг, үг дуу цөөтэй киног л арт кино гэж ойлгоод байдаг. Зарим алдартай кино найруулагчид сайн кинонд ихийг ярих хэрэггүй гэдэг. Тэгэхээр хүмүүс үг дуу цөөтэй, эргэцүүлэмж ихтэй киног арт хаус урлаг гэж ойлгодог. Таны блогт мөн арт кино цөөнгүй харагдсан.

Хүмүүс тэгж хэт хүндрүүлж бодоод арт киноноос дөлдөг тал бий л дээ. Үг, дуу цөөтэй киног л арт гэж бас хайрцаглагдаж болохгүй. Тухайн найруулагчийн кино хэл буюу кино бүтээх философиос л хамаарах зүйл. Арилжааны мөртлөө арт кино маш олон бий. Аймшгаар арт кино хийж болно, комедигоор арт урлаж болно. Ямар төрлийг шилж сонгох нь тухайн үзэгчийн л сонголт. Миний блогийн кинонууд ихэнх нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж цаг хугацааны шалгуурыг давсан бүтээлүүд байгаа. Мэдээж мэр сэр цэвэр хувийн сонирхолоор орсон кино байгаа. 

Та хэзээнээс кино урлагийг сонирхож судалж эхэлсэн бэ? яагаад киног ингэж онцгойлон сонирхон үзэх болов? ямар нэгэн сонирхолтой түүх байдаг уу?

Бусдын л адил багаасаа кино үзэж өссөн. Миний багад одоогийнх шиг сонголт байсангүй таарсанаа л үздэг байлаа. 10 жилийн өмнөөс нэг найзынхаа нөлөагөөр арт, сонгодог кинонууд үздэг болсон. Артфилм сайт бас их нөлөөлсөн дөө. Дутуу ойлгосон киногоо бүрэн ойлгох, хараагүй  ойлгоогүй зүйлсээ Монголоор унших юмсан гэж их хүсдэг байсан. Ингэх явцдаа өөрөө судалдаг болсон байсан. Тэгээд надшиг залууст кино мэдлэг өгөх зорилгоор блогоо нээсэн. Намтар, кино баримт, кино бичвэр гээд зөвхөн киногоор дагнасан 380 нийтлэлттэй блог сайт монголд байхгүй байх.

Кино ямар үүрэгтэй вэ? таны бодлоор

Би хувьдаа киног соён гэгээрүүлэх үүрэгтэй гэдэгт итгэж, тийм ч байгаасай гэж хүсдэг. Дэлхийн шилдэг  кино найруулагчдын намтарыг харахад тэдний ямар өндөр боловсролтойг олж харж болно.  Уран зохиол, уран зураг, хөгжим гээд мундаг мэдлэгтэй сэхээтнүүд байдаг. Жишээ нь  жүжигчин хүн гэхэд маш их ном уншсан, олон талын авъяастай байдаг шүүдээ.Тиймээс нийгмийн түүчээ болсон ийм хүмүүс хүмүүсийг соён гэгээрүүлэх үүрэгтэй гэж боддог.

Ажиглаад байхад ном их уншдаг хүмүүс сүүлдээ кино салбар луу орсон тохиолдол байдаг. Зохиолчид хүртэл найруулагч болдог олон тохиолдол бий. энэ талаар?

Тийм ээ.  Кино урлаг өөрөө цогц урлаг. Яруу найраг, хөгжим, уран зураг гээд р бүх урлагийг агуулж байдгаараа онцлог бас төгс гэж хэлж болно . Зохиолч, зурааач,  сэтгүүлчээс кино урлагт орсон хүмүүс байдаг. Мөн давхар хоёр ажил хийдэг ч хүмүүс бий. Найруулагч хүн кино зохиолоо өөрөө бичдэг болохоор зохиолч ч гэж хэлж болохоор. Мөн олон хүнтэй харилцаж тэдэнд зааж сургадаг учир цэргийн жанжин ч байж болохоор. Жишээ нь алдарт С. Кубрикийг кино зургийн талбай дээр яг л жанжин шиг байдаг гэдэг. 

Зохиолыг нь уншчхаад киног нь үзэхээр сэтгэлд хүрдэггүй олон кино байдаг.Тийм болохоор зарим нь зохиолыг нь уншхаасаа өмнө киног нь үзсэн нь дээр ч гэж үздэг. Хүмүүс зохиолыг нь уншчхаад киног нь яг адилхан хийлгэх гээд байдаг тал бий.Ийм зөрчилдөөнд яаж хандвал зүгээр вэ?

Сайн ном зохиол сайн кино болох нь ховор байдаг. Тухайн ном зохиолыг хүн уншаад өөрийнхөө төсөөлөлд үйл явдал, баатруудаа төсөөлчихсөн байдаг, нэг үгээр хүн болгоны төсөөлөл өөр. Гэтэл найруулагч өөрийнхөөрөө төсөөлөөд кино болгочихоор зөрчилдөөн үүсдэг гэж боддог. Кино болоход тохирдоггүй, бууж өгдөггүй номнууд бас байна, жишээ нь 100 жилийн ганцаардал кино болоод хэрэггүй гэж боддог, бас Монте Кристо гүн роман маш олон кино хийгдсэн ч ерөөсөө нэг л болж өгдөггүй. Яагаад гэхээр анхнаасаа кино болно гэж бичигдээгүй учраас тэр шүүдээ. Найруулагч хүн классик зохиолыг кино болгох юмуу ямар нэгэн зохиолыг кино болгохдоо маш болгоомжтой хандахгүй бол киногоо ч зохиолоо ч баллах аюултай. Уран зохиол, кино зохиол 2 тусдаа зүйл, ном заавал сайн кино болох албагүй, бас шууд зохиолыг кино болгох боломжгүй, заавал кино зохиол болгон дахин бичих юмуу тэр зохиолоос санаа аван кино зохиолоо бичдэг. Гадаадад кино зохиолчид гээд мэргэжлийн хүмүүс байдаг шүүдээ. Би кино урлагийг илүү харааны урлаг буюу уран зурагтай хүйн холбоотой гэж боддог. Мэдээж зохиол чухал ч нэгдүгээрт кино уран зураг шиг гоо зүйтэй байх ёстой гэж боддог. 

Та монголын кино урлагийн талаар яриач? Монголд кино зохиолчид гээд тусдаа хүмүүс байдаг болов уу? Монголын киног хэр үздэг вэ?

Монгол кино бараг үздэггүй. Хаа нэг таарвал хардаг, тэгээд уур хүрээд больдог хэхэ. Социализмын үед Монголчууд кино хийж чаддаг байсан. Тэр үеэ алтан үе гэж гэрлээд одоо ч уйдахгүй дахин дахин үзэцгээж байна. Орчин үеийн Монгол кино дэндүү хуулбарласан, маягласан, холливууд хийгээд солонгос хэлбэрийн холимог болчихсон гэхүүдээ. Ямар ч гоо зүйгүй, мэргэжлийн бус, эрээвэр хураавар байдаг. Хошин шогийн хэдэн жүжигчид кино урлагийг баллаж байна шүүдээ. Алтан үе нь өнгөрсөн бол мөнгө үе нь ирэх биздээ? Надад лав мэдэгдэх юм алга. Яахав хэдэн хүн киногоо зарж хоолоо л олж идэж байх шиг байна. Арт энэ тэр гэж ярих хол байна. 

Социализмын үеийн кинонууд яагаад тийм сайн байсан юм бол? одоо цаг үе өөрчлөгдөөд техник, технологи хөгжсөн энэ үед илүү сайжрах байтал яагаад социализмаас муу гэгдээд байгаа юм бол?

Тэр үед төрөөс санхүү мөнгийг нь шийдээд өгчихөөр кинондоо л анхаардаг байсан гэж боддог. Энэ нь эргээд хариуцлага шаардах тул үнэхээр хичээж ажиллахаас яахав. Мөн боловсон хүчин нь гадаадад бэлтгэгдэнэ.  Шалгуур өндөр. Одоо мөнгө л чухал болохоор хурдан хийгээд хурдан мөнгө олъё гэсэн сэтгэлтэй, нэг тийм халтуурны гэхүүдээ. Дээр нь дуучин, загвар өмсөгч гээд мэргэжлийн бус жүжигчид тоглуулахаар ашгаа л бодож байгаа нь харагдаж байна. Тухайн үед болсон болоогүй ч нэг идеалогитой  байлаа. Тэр идеалогио тойруулаад киногоо бүтээнэ. Тэгэхээр зорилготой гэсэн үг. Зорилготой учраас сайн бүтээл төрнө. Одоо бидэнд идеалоги байхгүй. Цензургүй бас эрх чөлөөтэй ч сайн бүтээл гаргаж чадахгүй л байна.

Тухайн киноноосоо урам зориг авах, хэлэх гэсэн санаагийн ойлгоод амьдралын мөрдлөгө болгох, тухайн дүрийн хэлсэн үгийг цээжлээд хэн нэгэнд хэлэх ч юмуу,  тиймэрхүү зүйл байнга л тохиолддог. Жишээ нь 

Загалмайлсан эцэг кинон дээр гадны хүний дэргэд гэр бүлийнхэнтэйгээ битгий муудалц ~ гэсэн үгийг би баримталдаг. Ер нь сайн кино их мөлжүүртэй байдаг шүүдээ

Үзсэн киноноосоо авсан туршлагаа бодит амьдрал дээр хэрэгжүүлдэг үү? ингэж үзсэн үү? Магадгүй хүн бүрийг үзэх ёстой гэж боддог, энэ киноноос ийм олон өнцөг, олон зүйлийг ойлгох болно гэж боддог нэг киноны тухай яриач

Заавал нэг кино гэвэл би Английн найруулагч David Lean-ын Brief Encounter (1945) киног залуус маань үзээсэй гэж хүсч байна. Энэ кинонд галт тэрэгний буудал дээр танилцаж байгаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүний талаар гарна. Тэд бие биедээ дурлачихна, харамсалтай нь хоёулаа гэр бүлтэй. Ингээд тэд хэн хэнийхээ ар гэрийг хохироолгүй хүсэл тачаалаа тэвчин жинхэнэ ухамсартай хүмүүст шиг шийдвэр гаргаад салдаг. Одоо манай нийгэмд байгаа салалт, хууран мэхлэлт хийгээд хариуцлагыг уг кинонд тусгадаг. Хайр заавал бүтэх албагүй. Сайхан дурлаад гэхдээ хариуцлагаа нас биед хүрсэн хүн шиг үүрэх ёстой

Дэлхийд сүүлийн үед кино шүүмжүүд киног илүү нэр алдарт хүргэж байна. Тэгэхээр тийм хэмжээнд кино шүүмж хөгжсөн гэсэн үг. Таныг кино шүүмжлэгч гэж хэлж болох уу? 

Би кино шүүмжлэгч биш. Би зүгээр кино сонирхогч хүн. Ямар ч урлагийн сургууль төгсөөгүй, өөрөө сонирхолоороо судалдаг. Над шиг залуус олон байдаг. Кино шүүмжлэгчид удахгүй бий болоод албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх байх. Аливаа урлаг хөгжихөд шүүмжлэгчдийн хатуу үгс заавал хэрэгтэй. Манайхаас бусад оронд шүүмжлэгчдийнхээ үгийг сонсч, тэдний нийтлэлийг мөнгө төлж авдаг. Энэ чинь ажил мэргэжил болчихсон. Манай кино урлаг сул дорой байгаа нь шүүмжлэгчид байхгүй, шүүмжлэлийн соёл хөгжөөгүйтэй багагүй холбоотой гэж хардаг. Шүүмжлээд хэдэн үг хэлсэн хүнийгээ ад үзэх юмуу эргүүлээд доромжлоод байхаар хэцүү л дээ. Одоо хийж байгаа нэгнээ битгий шүүмжил, ингэж байж хөгждөг, мундаг юм бол өөрөө хий гэх мэт бүдүүлэг, хоцрогдсон боловсролгүй үгээр ам хаадаг шүүдээ. Мэдээж шүүмжлэгч хүн урлагийн өндөр мэдрэмж, мэдлэгтэй байх ёстой. Манайхан залхуу болохоор өөрсдөө хөгжихгүй байна л даа.

Кино үзэх хоббиг  хөгжүүлвэл юунд хэрэгтэй вэ? яаж зөвөөр ашиглаж болох вэ?

Кино үзсэнээр мөнгөтэй болохгүй /инээв/. Сайн кино үзэж суухад цаг яав ч дэмий үрэгдэхгүй л дээ. Гоо зүйн мэдрэмж хөгжинө, үүнийг дагаад сайн мууг ялгаж сурна, ёс суртахууны үнэ цэнийг ойлгоно. Найзуудтайгаа бааранд дэмий чалчиж сууснаас киногоор дамжуулан хүний мөн чанар судалж суух нь хэрэгтэй бус уу? Жишээ нь ; Тарковскийн кино тэр чигээрээ яруу найраг, Хичкок айдсаар хүний ухамсарыг тайлбарлах гэж оролддог, Озү киногоороо бясалгалуулдаг бол Чаплин хүмүүнлэг байдлыг магтдаг шүүдээ. 

Таньд киноны цуглуулга байдаг уу? эсвэл кинотой холбоотой өөр ямар нэгэн зүйлийн цуглуулга ч юм уу?

Кино ерөөсөө цуглуулдаггүй. Файлаар бол хадгалахад байлгаж байдаг. Би ном цуглуулдаг. Хүн ер нь нээх олон юм цуглуулах дэмий санагддаг.

Яагаад ? харин ч хүмүүс тиймэрхүү жижиг зүйлс цуглуулж түүнээсээ гоё мэдрэмж авч байвал гоё биш гэж үү

Олон юм хадгалдаг хүн олон юмнаас хамааралтай болчихдог. Би багадаа хөлбөмбөгийн өмсгөл, хөгжмийн CD-ууд цуглуулдаг байсан. Дараа нь бүгдийг нь хүмүүст бэлэглэчихсэн. Одоо бол номондоо л анхаардаг. Мэдээж хэн юугаа цуглуулах нь тэр хүний асуудал. 

Кино урлагаар мэргэшье суръя гэж бодож байсан уу? мэргэжлийн шүүмжлэгч болох бодол бий юу?

Кино зохиол бичиж үзэх хүсэл байгаа. Одоохондоо бодож л байна. Биелэхгүй ч байж магадгүй /инээв/.

Миний бодлоор таны хүсэл биелэх байх гэж бодож байна. 

Баярлалаа чамд. 

С.Ганзориг: Нийт зөрчлийн 65 орчим хувь нь зохиогчийн эрхийн тухай зөрчил байдаг
С.Ганзориг: Нийт зөрчлийн 65 орчим хувь нь зохиогчийн эрхийн тухай зөрчил байдаг
 
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.