Үхрийн арьс товруутах гоц халдварт өвчний анхны тохиолдол Дорнод аймагт бүртгэгдсэн талаар Нийслэлийн мал эмнэлгийн газраас мэдээлсэн. Дорнод аймагт 8867 айл өрх мал аж ахуйтай гэсэн 2021 оны бүртгэл бий.
Иргэдийн дунд энэхүү өвчлөл зөвхөн мал амьтан буюу үхэрт халддаг уу аль эсвэл хүнд халдварлах боломжтой юу гэх эргэлзээ бий. Үхрийн арьс товруутах гоц халдварын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахаар Нийслэлийн мал эмнэлгийн ерөнхий газар, мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Т.Тунгалагтай ярилцлаа.
-Үхрийн арьс товруутах өвчлөл Монгол улсад анх удаагаа бүртгэгдсэн гэх мэдээлэл бий. Үүнтэй холбоотой иргэд, малчдын дунд энэ өвчлөлийн талаарх мэдээлэл дутмаг байгаа байх. Ямар улсаас гаралтай, хэзээ бүртгэгдэж байсан өвчлөл вэ?
- Энэхүү өвчлөл нь олон улсын худалдааны хорио цээрт байдаг Африкаас гаралтай вирусийн өвчин юм. Одоогоор Европ, Азийн орнуудад өргөн тархалттай байгаа. Ялаа, шумуул гэх шавжаар дамжиж амьд үхэрт халдварладаг өвчин юм. Тухайн халдварыг авсан үхрийн арьс, мах зэргийг хэрэглэж болохгүй. Устгалд оруулах шаардлагатай байдаг. 2022 он гарснаар энэхүү өвчлөлийн эсрэг арга хэмжээ авч ажиллаж байсан хэдий ч Дорнод аймагт бүртгэгдлээ.
-Дорнод аймагт халдвар бүртгэгдээд 1 сарын хугацаа өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар тус аймгийн аль сумдад хэдэн үхэрт халдвар илрээд байна вэ?
-Зургаадугаар сарын 18-нд эхний тохиолдол бүртгэгдэж лабораторийн шинжилгээнд оруулсан. Энэ өвчний голомтын болон сэжигтэй бүсийн хил хязгаарыг тогтоож ажилласан. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2-р баг, Булган сумын 2-р багт халдвар бүртгэгдээд байна. Бусад газарт өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна.
-Өвчлөл гарсан сумдад танай байгууллагын зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Баянтүмэн сумын 2-р багт аймгийн болон сумын онцгой комисс, Булган суманд орон нутгийн онцгой комиссууд хамтран тархалтыг зогсоох арга хэмжээ авч ажиллаж байна. Өнөөдөр гэхэд 10 гаруй үхрийн халдварыг илрүүлэн устгалд оруулах арга хэмжээ авч ажиллаж байна.
"Үхрийн арьс товруутах гоц халдвар нь хүнд халдварлах БОЛОМЖГҮЙ"
-Энэхүү өвчлөл нь ялаа шумуулаас дамжин халдварладаг гэсэн. Тиймээс зөвхөн үхэрт л халдварладаг уу?
-Тухайн шинж тэмдгээр өвчилсөн үхрийн арьсны гадаргуу дээр товруу үүсэн хагарч тавлаад тав нь гадаад орчинд унасан тохиолдолд үхрээс үхэртээ халдана. Түүнээс биш бусад амьтан малд, хүнд халдах боломжгүй.
-Халдварын эсрэг вакцинжуулалтын ажил хэзээ эхлэх вэ?
-Энэ жил ерөнхий эмчийн баталсан вакцинжуулалтын төлөвлөгөөний дагуу 1.2 сая тун вакцин ОХУ-аас импортоор авч эрсдэл бүхий 5 аймгийн үхэр сүрэгт энэ оны 5-р сарын 9-31-ний хооронд вакцинжуулж дууссан. Вакцинжуулалтын ажил дууссаны дараа Дорнод аймагт илэрсэн. Үүний шалтгаан нөхцөлийг тодорхойлохоор хууль хяналтын байгууллагууд болон улсын байцаагч нар ажиллаж байгаа. Малчны хариуцлагагүй байдал, малын эмчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалсан байх магадлалтай. Үүнтэй холбоотойгоор олон улсын байгууллагаас тодорхой хэмжээний вакцин нийлүүлэлт хийх шийдвэр гарсан хэдий ч хэзээ ирэх нь тодорхойгүй байна.
-Улаанбаатар орчимд 92 мянга гаруй үхэр байдаг. Хэрэв энэ гоц халдвар Улаанбаатар болон өөр аймаг сумдад бүртгэгдвэл Мал эмнэлгийн ерөнхий газраас ямар арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байна вэ?
-Өнгөрсөн жилээс эхлэн Мал эмнэлгийн ерөнхий газар, аймаг сумдын ерөнхий газар, ЦЕГ, ТЕГ гээд бүгд хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд малчдад болон мал эмнэлгийн байгууллагуудад энэ өвчин илэрвэл ямар шинж тэмдэг байх вэ. Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ гэх мэт анхааруулгууд өгч ажилласан.
Өмнөх долоо хоногт Улсын онцгой комиссын нэгдсэн шуурхай штабаас бүх аймгийн онцгой комиссын дарга, цагдаа, тагнуулын байгууллагатай хамтарсан урьдчилан сэргийлэх, цаг үеийн мэдээллийг хүргүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Нийслэлийн хувьд аль болох малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх шаардлага тавьсан. Эрүүл тайван байгаа бүсэд заавал вакцин хийх шаардлага байхгүй. Тиймээс зүүн 3 аймгаас Дорнодод гарсан голомтын болон сэжигтэй бүсийн дархлаажуулалтын хугацаа дуусах хүртэл амьд үхэр, түүхий эд болох арьс, ширийг зөөвөрлөхийг хориглосон. Мөн улсын хэмжээнд бүх үхэр сүргийг эрүүл мэндийн үзлэгт хамрагдуулж 100 хувь шүрших буюу угаах ажлыг үүрэг болгон өгсөн.
-Үхрийг угаах ажил хэзээнээс эхлэх вэ?
-Уур амьсгалын нөхцөл байдалтай уялдуулаад албан даалгаврыг 11 сарын дотор хэрэгжүүлэх ёстой байдаг. Бороо хур багатай газруудад энэ ажил эхэлсэн. Бороо их орж байгаа газруудад энэ ажил үр дүнтэй болохгүй учраас боломжтой нөхцөл байдлыг харж байна. Тус ажлыг аймаг болгоны Мал эмнэлгийн газрын ерөнхий эмч нар сумандаа зохион байгуулж байна.
"Тухайн малд халдварын тэмдэг илэрсэн тохиолдолд 12 цагийн дотор мал эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай"
-Энэхүү өвчлөлийг гоц буюу хохирол ихтэй халдвар гэж нэрлээд байгаа. Та мэргэжлийн хүний хувьд малчид болон иргэдэд урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг зөвлөгөө өгөөч?
-Энэ өвчин бол хамгийн их хохирол дагуулах өвчин. Малчид, аймаг орон нутагтаа эдийн засгийн хохиролтой, цаашлаад улс орны эдийн засагт том хохирол учруулах хүнд өвчин. Яагаад гэвэл энэ халдварын нууц үе нь маш удаан үргэлжилдэг. Шинж тэмдэг нь илрэхээрээ маш удаан өвчилдөг. Энэ хугацаанд үнээний сүүний гарц буурч, эцэж турна, ашиг шим нь байхгүй болдог. Ингэснээр үхэр онд орж чадахгүй. Мөн өвчилсөн малын түүхий эд, мах, сүү арьс шир болох бүгдийг хэрэглэх боломжгүй буюу үйлдвэрийн чанартай түүхий эд болж чадахгүй байдалд хүрдэг. Зах зээлд нийлүүлэх гэж байсан бүх үйл ажиллагаа зогсох гэм мэт хохирол гарна. Тиймээс өвчлөл гарсан эрсдэл бүхий нутгаас амьд малын шилжилт хөдөлгөөнийг битгий хийгээрэй гэж анхааруулмаар байна. Энэ мэт хөдөлгөөнийг эрүүл бүсэд хийсэн тохиолдолд сэжигтэй бүсээс болон бусад хамгаалалтын бүсээс заавал мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэж, гарал үүслийн гэрчилгээ болон хаанаас хаашаа явж байгаа зэргээ мэдэгдэж явдаг болсон. Хуульдаа тухайн үхэрт өвчний шинж тэмдэг илэрсэн бол 12 цагийн дотор мэл эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай.
-Ярилцсанд баярлалаа