Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэргийн ангийн захирагч В.Батжаргал: Хэрэг гарсанаас хойш цэргийн аав, ээж нь надтай ХОЛБОГДООГҮЙ

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
13 минут 15 секунд

No description available.Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн дугаар ангид алба хааж байсан 19-хөн настай хилчин цэрэг нуруу нугасандаа хүнд гэмтэл авсан ноцтой хэрэг өнгөрөгч зургаадугаар сарын 23-нд гарсан. Тухайн үед болсон процессийн талаар бид хохирогч цэргийн аав Д.Аюурзанатай ярилцсанаа уншигч та бүхэнд өмнөх нийтлэлээрээ хүргэсэн билээ.

Эргэн сануулахад, хохирогч цэргийн ар гэрийн зүгээс хойшлуулшгүй арга хэмжээг холбогдох албан тушаалтнууд аваагүй, алсын зайн дуудлага өгөөгүй, хүүд нь гэмтэл учруулсан цэргийг цэргийн ангийн хяналтаас гаргасан зэрэг асуудлуудыг гаргаж тавьсан. Түүнчлэн асуудал тавьж холбогдоход Хилийн цэргийн дугаар ангийн захирагч нь “Хохирсон нь хохирно” гэх мэтээр хэлсэнд гомдолтой байгаагаа ч хэлсэн юм.

Цэргийн албанд татагдана гэдэг нэг ёсондоо төр түүнийг хариуцаж, үүрэг ч хүлээнэ. Гэтэл эрүүл саруул хүүг нь цэргийн албанд татаж авчихаад, эргээгээд төр хариуцлагатай байж чадав уу. Д.Алтангэрэл хүү тавдугаар сарын 2-нд цэрэгт татагдсанаас хойш сар гаруйн хугацаа өнгөрсний дараа эмнэлгийн орон дээр аав, ээжтэйгээ уулзсан. Ийм нөхцөл байдал үүсэх хүртэл тухайн алба хааж байсан цэргийн ангийн албан тушаалтнуудын хяналт ХААНА явсан хэрэг вэ. Мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс бид эл хэргийн талаар Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн дугаар ангийн захирагч В.Батжаргалтай холбогдож, тодруулга мэдээллийг авлаа.

-Байлдагч бэртэл, гэмтэл авсан үед үзүүлэх ёстой бүхий л арга хэмжээг аваад явж байгаа-

-Танай цэргийн ангид алба хааж байсан цэрэг нуруу, нугасандаа хүнд бэртэл авч, Улаанбаатар хотод эмчлүүлж байна. Ер нь тухайн хэргийн талаар та бүхэнд ямар мэдээлэл байна вэ?

-Хэрэг гарсан өдөр буюу зургаадугаар сарын 23-наас хойш явагдсан бүхий л үйл ажиллагаа, авсан арга хэмжээ зэрэг нь эмч, эмнэлгийн ажилтнуудын шийдвэрээр явж байгаа зүйл. Бололцоотой бүхий л арга хэмжээг авсан. Сумаас аймаг хүргэж, аймгийн эмнэлэгт очсон даруйд бүхий л шинжилгээнд хамруулсан. Мөн аймгийн урдаа барьдаг мэс заслын н.Гантөмөр гэх эмчид хандаж, баг бүрэлдэхүүнд нь ч хэл дуулгасан байсан. Гэмтэл бэртэл авсан үед яаралтай үзүүлэх ёстой тусламжийг нь үзүүлээд явж байгаа.

Бидний зүгээс өвтөнд үзүүлэх эрүүл мэндийн эмчилгээ тал дээр тушааж, шаардах эрх байхгүй шүү дээ. Аймгаас Улаанбаатар хот руу газраар тээвэрлэж болох эсэхийг ч эмч нар шийднэ. Н.Дагвадорж, Д.Алтангэрэл хоёр бол хоёулаа л манай ангид алба хааж байгаа цэргүүд.

-Танай цэргийн ангийн эмч цуг ирээд буцсан гэсэн?

-Аймгаас манай нэг эмч цуг ирсэн. Улаанбаатар хот руу ирэхэд нь манай эрүүл мэндийн албаны дарга эмч нь энд ажилтай явж байгаад тосож авсан.

-22-ын товчооноос тосож авсан нь танай эмч байсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Манай эрүүл мэндийн албаны их эмч тосож авсан. ГССҮТ-д хагалгаанд орохоос авахуулаад Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт очих хүртэлх хугацаанд холбоотой ажиллаж байгаа. Одоо ч тэр. Тухайн цэргийн биеийн байдал, ар гэрээс нь хэн хэн байна зэрэг мэдээллийг аваад л явж байна. Ганцхан гэмтсэн цэрэг бус гэмтээсэн цэргийн ар гэр нь үргэлж санаа зовж манайх руу мэдээлэл авахаар холбогдож байгаа учраас мэдээллээр хангаж байгаа. Улаанбаатар хот очихоос авахуулаад тухайн цэргийн ар гэр, Д.Алтангэрэлийн гэр бүлийнхэнтэй нь цуг байсан.

-Хамгийн гол хөндөгдсөн асуудал бол тээвэрлэлт. Та бүхэн яагаад алсын зайн дуудлага өгөөгүй юм бэ. Өгсөн бол ядахдаа хугацаа алдахгүйгээр нисдэг тэргээр тээвэрлээд ирэх боломж байсан юм биш үү?

-Яаралтай түргэн тусламж л гэж байна шүү дээ. Үүнийг заставаас ангид, ангиас Ерөнхий газарт гэх шат дамжлагаар мэдээллээ дамжуулаад явсан. Ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудад өгөөд л явдаг гэсэн үг. Өөрсдийн эрүүл мэндийн алба ч ажиллаж байна.

-Хэрэг гарсанаас хойш аав, ээж нь надтай ХОЛБОГДООГҮЙ-

Хохирогч цэргийн ар гэрийн өгсөн мэдээллээр цэргийн ангийн хяналтад байх ёстой цэрэг сумын наадамд зодоглосон гэх. Түүнчлэн энэ талаар тодруулахаар холбогдсон Д.Алтангэрэлийн ээжид цэргийн ангийн захирагч нь "Хохирсон нь л хохирно" хэмээх хэнэггүй гэгч үгийг хэлсэн явдал зэрэг олон нийтийн бухимдлыг төрүүлж буй. Тэгвэл дээрх асуудлуудад ангийн захирагч В.Батжаргал ямар ХАРИУЛТ ӨГӨВ.

-Хамт алба хааж байсан цэргээ гэмтээсэн цэргийг ангийн хяналтад байлгах ёстой байтал сумын наадамд барилдуулсан гэх мэдээллийг ар гэрийнхэн нь бидэнд өгсөн. Энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юу?

-Би одоохондоо ээлжийн амралттай хотод ирчихсэн байна. Гэхдээ наадамд нэг байдлаар нэг ч цэрэг оролцуулж болохгүй гэх шийдвэрийг өгсөн. Тэр бол сумын наадам биш юм билээ. Цолгүй бөхчүүдийн дунд зохион байгуулагдсан барилдаанаа сонирхолтой болгох үүднээс хэдэн цэрэг барилдуулмаар байна гэх саналыг тавьсан гэсэн. Тухайн үед би байгаагүй. Миний зүгээс цэргийн алба хааж байсан залуустай холбоотой хэрэг гарсан тул цаашид бөхийн барилдаан байтугай гар барилдаан ч битгий хийлгэ гэх тушаалыг өгсөн. Ер нь ийм нөхцлийг дахин гаргахгүй байх чухал шүү дээ. Хүч, бяр шаардсан тэмцээн уралдаан зохион байгуулахгүй байх шийдвэрийг хэлж байв. Шийдвэр гаргачихаад нааш ээлжийн амралтаа аваад ирсэн.

-Тэгэхээр үнэн байх нь ээ?

-Ер нь тийм. Барилдах ёсгүй газар аваачиж барилдуулсан. Сумын удирдлагууд зургаан цэрэг биш юмаа гэхэд нэг цэрэг барилдуулаач гэсэн юм билээ. Тэгээд л н.Дагвадоржийг барилдуулсан. Манай цэргийн анги нь Алтай суманд байрладаг анги шүү дээ. Цэргүүдийн Тангарагийн баярын үеэр зохиогдсон барилдаанд тухайн цэрэг түрүүлсэн байсан.

-Энэ талаар хэлж, тодруулахаар холбогдсон ээжид нь та "Хохирсон нь л хохирно" зэрэг үгсийг хэлсэн гэсэн. Та үүндээ тайлбар хийх үү?

-Ээж нь ч, аав нь ч надтай нэг ч удаа холбогдоогүй. Би ээжтэй нь холбогдох гэж үзсэн. Ээж, аав хоёр нь дундаа нэг утасны дугаартай юм байна. Аав нь тухайн дугаар дээрээ голцуу байдаг юм байна. Зургаадугаар сарын 23-наас хойш манай цэргийн ангийн эмч эл асуудлыг хариуцаж ажиллаад л байгаа. Ямар эрүүл мэндийн тусламж үзүүлж байна, ар гэрийнхнээс нь хэн хэн байна гэх мэт мэдээллийг нь би аваад л явж байна. Хоёр цэргийн ар гэрийнхний дугаарууд ч надад байж л байна. Гэхдээ над руу аав, ээж нь холбогдоогүй шүү.

-Хоёр цэргийн ар гэрийнхэн бүгд л санаа зовцгоож байгаа-

-Гэмтээсэн цэргийн ар гэрийнхэн Д.Алтангэрэлийн гэр бүлтэй холбоотой байгаа юу?

-н.Дагвадорж гэх цэргийн хувьд сэтгэл санааны хувьд ч хэцүүхэн байдалд орчихож байгаа юм. Нэг нөхөр нь гэмтчихлээ. Тиймээс бид ангийн хяналтад байлгахгүй бол болохгүй шүү дээ. Н.Дагвадоржийн ар гэрийнхэн нь Д.Алтангэрэлийг хагалгаанд орсныг сонсоод сэтгэл онгойлоо гээд байж байгаа. Хоёр ар гэр хоёул л санаа зовцгоож байгаа шүү дээ.

-ХХЕГ-аас танай цэргийн ангид шалгалт хийж байгаа гэсэн. Энэ тал дээр мэдээлэл өгөөч?

-Эхлээд албаны шалгалтыг манай цэргийн анги өөрөө хийдэг. Тухайн үед юу болсон, ямарваа нэгэн албаны дарамт шахалт байсан эсэх, дүрмийн бус үйл ажиллагаа болсон эсэхийг анги эхлээд өөрөө шалгаад Хил хамгаалах Ерөнхий газар руу дүгнэлтээ хүргүүлдэг журамтай. Үүний дагуу Ерөнхий газраас нэмэлтээр баг томилж, дахин шалгалт хийсэн.

-Тэгвэл танай цэргийн анги өөрсдөө эхлээд хийх ёстой шалгалтаа явуулчихсан уу?

-Хийсэн. Дүгнэлт ч гарсан. Зургаадугаар сарын 24-нд шалгах баг бүрэлдэхүүнээ томилсон. Шалгалтын ажиллагаа хоёр өдөр хийгдсэн. Тухайн үед болсон процессийг шалгаж, ангийн цэрэг офицеруудаас мэдүүлэг аваад Ерөнхий газар луу явуулсан. Үүний дараагаар Ерөнхий газраас томилогдсон хоёр дахь шатны шалгалт очсон.

-Цэргийн ангид хийсэн шалгалтаар ҮНДСЭН ХОЁР ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ-

-Шалгалтаар ямар дүгнэлт гарсан талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Цагийн хуваарь зөрчигдсөн. Тухайн үед хугацаат цэргийн алба хаагч аж ахуйн ажилд явж байх үе биш. Хоёрдугаарт, үүнд хяналт тавих ёстой албан тушаалтнууд цаг хугацаандаа хяналтаа тавиагүй байна гэх үндсэн хоёр дүгнэлт гарсан.

-Танай цэргийн ангид алба хааж байсан цэрэг бэртэл авч, эрүүл мэндээрээ хохирчихоод байж байна. Та бүхний зүгээс холбогдох албан тушаалтнуудад хариуцлагын асуудлыг ярьсан уу?

-Одоо байлдагч Д.Алтангэрэлийн биеийн байдлыг сайжрах нь л чухал. Үүнээс шалтгаалаад цаашид ямар албан тушаалтанд хариуцлага яригдах нь тодорхой болно. Эхний шатанд ангийн зүгээс арга хэмжээ авсан байгаа. Цагийн хуваарьт хяналт тавих ёстой албан тушаалтнуудад ангийн захирагчийн хэмжээнд арга хэмжээ авчихсан байгаа. Үүнийг Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдсэн.

-Бүх л бололцоотой арга хэмжээ авч ажиллахын төлөө цэргийн анги ч, Хил хамгаалах газар ч ажиллана-

Цэргийн албанд татагдсан цэл залуухан хүү өнөөдөр эмнэлгийн орон дээр хэвтэж байна. Хариуцлагагүй гэх үгэнд багтах хэн бүхэн эл хэрэгт хариуцлага хүлээх нь зүй. Цаашид тухайн цэргийн алба хааж байсан цэргийн анги, Хил хамгаалах газар ямар арга хэмжээ авч ажиллах вэ гэдгийг асуулт болгон Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн дугаар ангийн захирагч В.Батжаргалд тавив.

Тэрбээр "Хилийн заставт алба хааж байсан хилчин цэрэг. Эрүүл мэнд, эмчилгээ талын үйл ажиллагааг бид зааж чадахгүй. Харин бүх л бололцоотой эмчлүүлэх арга хэмжээг зохион байгуулахын төлөө цэргийн анги ч, Хил хамгаалах байгууллага ч ажиллана. Одоогийн байдлаар сэргээх эмчилгээ хийж байгаа гэсэн мэдээллийг өгөөд байгаа. Гэмтээсэн цэргийн ар гэрийнхэн эргэлт өгөх гэхэд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг гаднаас эргэлт оруулахгүй байгаа юм билээ. Сахиур дотор байгаа. Бидэнд энэ хэргийн талаар нууж хаасан зүйл огт байхгүй" гэлээ.

Хохирогч цэргийн аав Д.Аюурзанатай ярилцсан өмнөх нийтлэлийг энд дарж уншина уу.

АУДИО ХЭЛБЭРЭЭР СОНСОХ:

Х.Баттулгын экс зөвлөх Ц.Ууганбаяр ял авахгүй гэдэгтээ бат итгэлтэй байгаагийн ШАЛТГААН ЭНЭ БОЛОЛТОЙ
Х.Баттулгын экс зөвлөх Ц.Ууганбаяр ял авахгүй гэдэгтээ бат итгэлтэй байгаагийн ШАЛТГААН ЭНЭ БОЛОЛТОЙ
 
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий ТӨЛӨВ
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий ТӨЛӨВ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.