Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны зургадугаар сарын 15-ны өдөр 01/662 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Нямдоогийн Баярмааг, мөн өдрийн 01/663 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Дэмбэрэлийн Батбаатарыг тус тус нэр дэвшүүлэн УИХ-д ирүүлсэн. Нэр дэвшигчдийн асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Хэлэлцэгдэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Үндсэн хуулийн цэц өнгөрсөн сарын 27-нд байж боломжгүй шийдвэр гаргасан. Манай Үндсэн хуульд сонгуулийн холимог тогтолцоо буюу хувь тэнцүүлсэн агуулга байдаггүй. 1991 оны аравдугаар сарын 15-нд Бага хурлаар холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулах санал хураалт явуулахад унасан. Үүнийг үндэслээд 2016 онд Үндсэн хуулийн цэц 05 тоот дүгнэлт гаргаж, Үндсэн хуульд холимог тогтолцооны агуулга байхгүй гэж дүгнэсэн. Гэтэл зургаан жилийн дараа энэ шийдвэрээ эргэж хараад цуцалчихсан. Та бүхэн үүнийг юу гэж үзэж байна вэ?
Хоёрдугаарт, би Улсын дээд шүүхэд хандан Үндсэн хуулийн цэцэд илгээсэн гурван гишүүнээ буцаан тат гэдэг шаардлага тавьсан. Та бүхэн УДШ-ийн шүүгчээр очихоороо энэ асуудалд яаж хандах вэ?.
Нэр дэвшигч Н.Баярмаа: Шүүгчийн ёс зүйн хүрээнд урьдчилан хариулах боломжгүй байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн цэц гаргасан шийдвэрийнхээ талаар өөрөө тайлбар өгөх нь хуульд нийцнэ. Энэ асуудлаар миний бие ямар нэгэн тайлбар хийх нь шүүгчийн ёс зүйн дүрэмд нийцэхгүй.
Нэр дэвшигч Д.Батбаатар: Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулиар тайлбар гаргах эрхтэй. Үндсэн хуулийн маргаантай асуудлыг Үндсэн хуулийн цэц шийддэг. Энэ тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг зөв, буруу гэх эрх хэмжээ бидэнд байхгүй. Хоёрдугаарт, цэцийн гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой асуудлын тухайд шүүгч хүн өөрт ирээгүй, хэрэг, материалыг нь судлаагүй аливаа асуудлаар дүгнэлт гаргах нь хориотой байдаг.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Та хоёр төрийн эрх барих дээд байгууллагын хэлэлцүүлэгт оролцож байна. Гэтэл та хоёр шүүх хуралд оролцож байгаа юм шиг хариулж байна. Би та хоёрыг ойлголоо. Та хоёр халаасны улс юм байна. Ийм хүмүүсийг яах гэж оруулж ирсэн юм бэ, С.Бямбацогт оо. Чи ийм хоёр юм оруулж ирсэн байна. Эд нар Ховдынх уу. Гарал үүслийг нь судалж үзэх хэрэгтэй.
Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: Ц.Даваасүрэн гишүүн ээ, хуулиа уншаачээ. Өөрт нь таалагдахгүй хариулт өгөхөөр хууль бус, чадваргүй, тэнэг хүн болж харагддаг. Таалагдсан хариулт өгөхөөр их шударга хүн болж харагддаг. Ийм байж болохгүй. Энэ хүмүүсийг би оруулж ирээгүй. Шүүхийн тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлөө шүүгчийн сонгон шалгаруулалт явуулаад, хамгийн өндөр үнэлгээ авсан хүмүүсийг шалгаруулсан. Үүнийгээ УИХ-д танилцуулснаар, нэр дэвшигчийн сонсголын зохион байгуулсан. УИХ нэр дэвшигчидтэй танилцах үүрэгтэй.