Соёлын өвийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа талаар Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээллээ. Энэ талаар ЦЕГ-ын ЭЦА-ны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн түүх, соёлын дурсгалт зүйлийн хууль бус эргэлттэй тэмцэх тасгийн дарга, дэд хурандаа Ц.Түвшинжаргал "Энэ оны хагас жилийн байдлаар соёлын өвийн эсрэг хэдэн хэдэн гэмт хэрэг бүртгэгдсэн. Хамгийн сүүлд гэхэд Монгол Улсын иргэн Э, Б нар нь бүлэглэх түүх, соёлын дурсгалт зүйлийг малтах, археологи палеонтологийн хайгуул хууль бусаар хийх гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна. Тус этгээдүүд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар бүлэгт заасан 25.1 Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах, 25.4 Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийж, 25.5 Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл үйлдсэнийг илрүүлсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн Э нь Хүннү, Түрэгийн хожуу хаант улсын Билгэ хааны угсааны иргэдийн эдэлж, хэрэглэж байсан, байж болзошгүй археологийн олдвор алтан эдлэл, түүх соёлын дурсгалт 90 орчим зүйлсийг хууль бусаар олж авсан, иргэн Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс хуучны сүм хийдийн туурийг ухаж 180 орчим түүх соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар малтаж олборлосон, бусдад худалдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон" гэв.