Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцас хэрэглэж, бусдад саад учруулсан иргэнийг тогтоон шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 36 секунд

Олон нийтийн цахим сүлжээнд 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдөр “************” нэртэй фэйсбүүк хэрэглэгчийн хаягнаас “Урд шөнө 3-4 цаг орчимд нэг хүн маш чанга шүгэлдээд салдаггүй. Бараг бүх айл сэрсэн байх. Пижигнэтэл орцны хаалга нүднэ. Жижүүр онгойлгосон байх, шатаар дээш доош гүйв. Гарч ирээд ахин чангаар шүгэлдэж эхлэв. .... Шөнө сэрэхэд ч чанга сонсогддог болохоор цочиж сэрэв. Бүүр гайхаад босоод цонхоор хартал, POLICE гэсэн хувцастай залуу таахалзаж байна. Яагаад шүгэлдээд байгаа юм бээ. Хүүхэд хөгшид бүгд сэрчихлээ гэтэл салаавч гаргалаа" хэмээн бичжээ.

Дээрх мэдээллийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас шалгалт явуулахад тухайн дүрс бичлэгт гарч буй цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцастай эрэгтэй нь өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сард Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчиж, цагдаагийн албанаас дутагдлаар халагдсан, Завхан аймгийн харъяат 27 настай, эрэгтэй “Д” болохыг тогтоосон байна.

Иргэн “Д” нь төрийн албан хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй хэрнээ цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцсыг хэрэглэсэн, согтуугаар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан үйлдэлд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйл, 15.21 дүгээр зүйлд зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Зөрчлийн хэрэг бүртгэх газраас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ МОНГОЛ УЛСЫН ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС

15.21 дүгээр зүйл.Улсын цол, одон, медаль, төрийн албан хаагчийн дүрэмт хувцас, таних тэмдгийг хууль бусаар ашиглах

1.Улсын цол, одон, медалиар шагнуулаагүй этгээд цолны тэмдэг, одон, медалийг зүүсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Улсын цол, одон медалийг хууль бусаар үйлдвэрлэсэн, эсхүл худалдсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Төрийн албан хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй этгээд хэрэглэсэн бол дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Төрийн албан хаагч, хууль сахиулагчийн нэр барьж үйл ажиллагаа явуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.5 дугаар зүйл.Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах

1.Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Зогсоолд машинаа тавиад дөрвөн цаг болсноос хойш цаг тутамд 4500 төгрөгийн төлбөр төлнө
Зогсоолд машинаа тавиад дөрвөн цаг болсноос хойш цаг тутамд 4500 төгрөгийн төлбөр төлнө
 
ПАРИС-2024: О.Есүгэн эхний тулаанаа 18.36 цагаас Колумбын тамирчинтай хийнэ
ПАРИС-2024: О.Есүгэн эхний тулаанаа 18.36 цагаас Колумбын тамирчинтай хийнэ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц