Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ё.Жаргалсайхан: Замын-Үүдэд ажилласан төрийн албан хаагчдын 1.3 тэрбум зардлыг Сангийн яам баталгаажуулаад шилжүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 16 секунд

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин "Ерөнхий сайд захирамж гаргаж, чингэлэг тээврийг хэвийн нөхцөлд оруулах 6.6 тэрбум төгрөгийн асуудлыг шийдсэн. Үүний дагуу маш олон хүн Замын-Үүдэд очиж ажилласан. АТҮТ-ийн 10, Монголын төмөр замын 2, ХХЕГ-ын 27 хүн, Зэвсэгт хүчний 57, ЦЕГ-ын 10 хүн гээд олуулаа очиж ажилласан. Гэвч Замын-Үүдэд буусан буудал, хоолныхоо мөнгийг төлөөгүй. Замын-Үүдийн ЗДТГ та бүхний идэж уусан 1.3 тэрбум төгрөгийг төлж чадахгүй. Тиймээс идэж уусан, байрласан буудлынхаа мөнгийг төл. Өмнөөс чинь ичиж байна" гэсэн юм. Уг мэдээллийн мөрөөр холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.

Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр "Энэ зардлыг төрөөс даах учиртай байсан. Гэтэл зардлынх нь санхүүжилт орж ирээгүй. Энэ мөнгийг юу, юунд зарцуулсан гэдэг задаргааны мэдээллийг Шадар сайдын ажлын албанаас авах нь зүйтэй" гэх тайлбарыг өглөө.

Бүрэн эрхт боомтын захиргааны дарга Ш.Лхачинжав "Сангийн яамнаас байр, унаа, хоолны мөнгө өгнө гэж би ойлгосон. Энэ мөнгийг яаралтай олгох асуудлыг Н.Энхтүвшин гишүүн хөндсөн" хэмээлээ.

Ингээд ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайханаас цөөн зүйлийг тодрууллаа.

-Замын-Үүдэд ажилласан алба хаагчид зочид буудал, хоолны мөнгө 1.3 тэрбум төгрөгийг төлөөгүй гэх асуудал чуулганы үеэр яригдлаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улсад эрчимтэй тархсан ковидын нөхцөл байдлын улмаас БНХАУ-аас Эрээний хилээ хаасан. Үүний улмаас манай талаас автомашинаар импортын ачаа бараагаа авч чадахгүй гурван сар болсныг та бүхэн сайн мэднэ. Хятадын талаас халдвар нэвтрүүлэхгүйгээр тээвэрлэлтийг явуулах боломж нь чингэлгээр ачаа барааг ачиж, хилийн дундын бүсэд солилцох зохион байгуулалт гэх санал тавьсан. Энэ дагуу тусгай горимоор энэ ажлыг зохион байгуулсан.

Энэ ажилд дэглэм, журам хатуу чанга баримтлах шаардлагын үүднээс цэрэг, хүчний байгууллагын албан хаагчдыг түлхүү ашиглаж, 3-4 сарын хугацаанд тусгаарлалтын байр, зочид буудалд байрлуулж ажиллуулсан. Чингэлэгтэй ачааг хилийн шугам дээр шилжүүлж машинд ачих, 50 гаруй машинаар логистикийн төвд хүргэж буулгах, чингэлэгээс ачааг шилжүүлж ачих зэрэг ажлыг 100 гаруй цэргийн албан хаагчид гүйцэтгэсэн. Үүнээс гадна мөн тэдний хамгаалалт, халдвар хамгаалал, ариутгал, автомашины түрээс, засвар үйлчилгээ, бэлэн байдалд оролцогчид, тэдгээртэй холбоотой бүхий л зардлыг Засгийн газраас гурван сарын хугацаанд хариуцаж, хөрөнгө гаргаж ажилласан. Чуулганы хуралдааны үеэр яригдсан асуудал зөрүүтэй мэдээлэгдсэн.

Байр хоолны зардлыг албан хаагчид биш. Харин Засгийн газраас Сангийн яам хянан баталгаажуулаад сумын онцгой комисс руу шилжүүлж, үйлчилгээ үзүүлсэн, гүйцэтгэсэн байгууллага, аж ахуйн нэгжид олгож байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын санхүүжилт одоогоор хараахан шилжүүлж амжаагүй байгаа. Тиймээс л асуудал яригдсан гэж ойлгосон.

-Хэдэн сарын төлбөр юм бэ?

-Энэ оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэлх төлбөр тооцоо.

-Энэ төлбөр тооцоог хаанаас тушаах юм бол?

-Сангийн яамнаас шилжүүлнэ. Удахгүй шилжүүлэх байх.

-Хил хамгаалах ерөнхий газрын 30 жолооч Замын-Үүд дэх 5700 жолоочийн ажлыг булаалаа гэж мөн УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин мэдэгдсэн. Энэ яг ямар учиртай юм бэ?

-Замын-Үүдэд тогтмол ажилладаг 1000-1500 жолооч байдаг юм. Хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайгаас Логистикийн төв буюу богинын тээврийг дээрх цэргийн 60 гаруй албан хаагч жолооч нар гүйцэтгэж байна. Харин Логистикийн төвөөс Улаанбаатар хот, аймгууд хүртлэх уртын тээврийг Замын-Үүдийн жолооч нар хийж байсан. Замын-Үүдийн жолооч нар богинын тээвэрт оролцох, улмаар хил гарч Эрээнээс ачаа бараа тээвэрлэх хүсэлт шаардлагыг байнга тавьж байгаа. Өнгөрсөн тавдугаар сарын 16-наас эхлэн хилийн цэргийн 30 жолооч тусгаарлалтад үлдэж, богинын тээвэрт автомашинуудад ачаатай, хоосон чингэлгүүдийг шилжүүлэн ачиж хүргэх ажлыг хийж, түрээсийн машинуудын оронд өдөр бүр 40 хүртэл Замын-Үүдийн жолооч нарын автомашин богинын тээвэрт оролцдог болж байгаа юм. Гэхдээ энэ ажлыг Замын-Үүдийн жолооч нар дангаараа гүйцэтгэх боломжтой гэдэг асуудлыг тавьж байгаа.

-Хятадын талаас Хилийн бүсэд ачаатай чингэлэг оруулж буулгасныг Монгол руу ачиж оруулах тээвэрлэлтийн ажлыг хүчний байгууллагын алба хаагчид хийдэг гэсэн үг үү?

-Тийм. Хятадын талаас коронавирусийн халдварыг нэвтрүүлэхгүй барих арга хэмжээг маш хатуу хяналтан дор авч хэрэгжүүлж байгаа. Хэрвээ тусгаарлалтад байгаа тээврийн жолооч нар дундаас халдвар илрэх юм бол хил хаах эрсдэл бий. Тиймээс л сахилга хариуцлага чанд баримтладаг цэргийн алба хаагчдыг дайчилсан. Үүнийг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй.

-Яг хэдэн цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн юм бэ?

-Нийт 60 гаруй жолооч цэргийн алба хаагчдаас гадна чингэлгээс ачаа буулгах ажилд 30 гаруй ачигч цэргийн албан хаагчид тусгаарлагдан ажилласан. Тэдний хувьд гэрээсээ хол, удаан хугацаагаар тусгаарлалт дор өвлийн улиралд ажиллана гэдэг амаргүй байсан. Тэдгээрээс гадна тэдний харуул хамгаалалт, халдвар хамгаалал, ариутгал, эрүүл ахуйнд нөхцөл байдалд цагдаа, онцгой, эрүүл мэнд, сум, орон нутгийн байгууллагуудын олон албан хаагчид хамтарч ажиллаж байна.

-Энэ байдал хэдий хэр хугацаанд үргэлжлэх бэ?

-Цаашдаа энгийн горимд шилжих асуудлыг Хятадын талд байнга тавьж байгаа. Хуучин горимоор тэвштэй автомашинаар Эрээн рүү орж ачаа бараа авч оруулж ирэх тээвэрлэлтээ эхлүүлэх нь бизнес эрхлэгчид хийгээд албаныхны туйлын зорилго. Тиймээс чиргүүл солилцох, монгол жолоочийг Эрээнд тусгаарлаж Хятадын талын богинын тээврийг гүйцэтгэх, кабин, машинаа ариутгаж Монголын автомашиныг Эрээн рүү оруулах, овор ихтэй ачааг хилийн бүсэд солилцох зэрэг арга замыг судалж, саналаа тавьж байна. Хамгийн гол нь жолооч нар дүрэм, журам дагаж мөрдөж ажиллах нь хамгийн чухал.

-Одоо өдөрт хэчнээн чингэлэг хилээр нэвтэрч байгаа юм бол?

-Өмнө нь 60 орчим автомашинд 70 орчим чингэлэг ачаа оруулж байсан. Өнөөдрөөс (2022.06.30) 70 орчим автомашинд 80 гаруй чингэлэг болж нэмэгдэж байна. Энэ долоо хоногт Хятадын талын терминалын өргөтгөлийн ажил дуусч байгаа тул аажмаар шат дараалалтайгаар нэмэгдүүлэх юм байна.

-Манайх хэзээ өргөтгөлийн ажлаа эхлүүлэх бэ?

-Ирэх долоо хоногт эхлүүлэхээр төлөвлөсөн.

-Гүйцэтгэлийн хугацаа нь?

-Хятадын тал нэг сарын дотор хийнэ гэж анх төлөвлөсөн. Гэтэл хоёр сар гаруй боллоо. Манай талын хувьд ч ийм хугацаанд хийгдэх байх. Учир нь яг ижил хэмжээний ажил хийгдэх болохоор тэр.

-Барилгын ажлыг хувь компани гүйцэтгэх үү. Эсвэл?

-Хилийн цэргийн барилгын анги салбар гүйцэтгэнэ. Зураг төслийн ажлаа нарийвчилж хийж дууссан. Хүн хүч, материал техникээ татах ажлаа эхлүүлэх байх.

-Зардал мөнгө нь шийдэгдсэн юм болов уу?

-Нийт таван тэрбум төгрөгийн ажил хийгдэхээр төсөв тооцоо гарч шийдвэрлэсэн. Хэрвээ терминаль өргөтгөчихвөл өдөрт 200 орчим чингэлэг хилээр нэвтрүүлэх боломжтой болно.

-Дээрх асуудлуудаас гадна 30 автомашины асуудал яригдсан?

-Хил хамгаалах байгууллагад улсын төсвийн хөрөнгөөр чингэлэг тээврийн 30 ширхэг автомашиныг худалдаж авсан. Эхний ээлжинд чингэлэг тээвэрт ашиглаж байгаад цаашид тэвштэй тээвэр хэвийн горимд орох үед үндсэн байгуулагадаа ашиглагдаад явна.

-Эдгээр автомашин аль байгууллагад харъяалагдаж байгаа вэ?

-Хилийн цэрэгт бүртгэлтэй байгаа.

ХОМ: Ц.Мөнх-Оргил, Ж.Ганбаатар нар хадгаламждаа 6 тэрбум төгрөгтэй
ХОМ: Ц.Мөнх-Оргил, Ж.Ганбаатар нар хадгаламждаа 6 тэрбум төгрөгтэй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.