Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банкны захирал Н.Мандуулын ярилцлагаас онцлох 10 эшлэл

Огноо
Унших
6 минут 26 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Хөгжлийн банкны захирал өчигдөр орой Үндэсний олон нийтийн телевизийн Цаг үе үзэл бодол нэвтрүүлэг оролцжээ. Нийтийн анхаарал татсан Хөгжлийн банкны их наядын өрийн эргэн төлөлт зэрэг цаг үеийн асуудлаарх ярилцлагаас онцлох 10 мэдээллийг онцлов.

Хөгжлийн банкны захирал Н.Мандуулын ярилцлагаас онцлох 10 ишлэл

1. Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа хойш 9.8 их наяд төгрөгийн эх үүсвэр татаж төвлөрүүлсэн. 7.5 их наяд төгрөгийн нийт 3000 орчим төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн бөгөөд 2/3 нь бүрэн төлөгдөж хаагдсан байдаг. Одоогийн байдлаар ₮2.7 их наядын эх үүсвэрийн өглөгтэй. Хүүтэйгээ 3,1 их наядын зээлийн активтай байна.

2. Манай банкны нийт чанаргүй зээлийн гуравны нэгийг төрийн өмчит компаниудын зээл бүрдүүлж байгаа. Энэ зээлийг эргэн төлүүлэхгүйгээр манай банкны цаашдын ирээдүйн талаар ярихад бүрхэг. Чанаргүй болсон зарим зээл гэхэд 8,9 жилийн өмнө нийгмийн чанартай төслүүдэд Засгийн газрын шууд шийдвэрээр шууд олгогдсон байдаг.

3. Засгийн газрын хурлаар хэд хэдэн нааштай шийдвэрүүд гарсан. Энэ нь төрийн өмчит компаниуд руу чиглэсэн. Хамгийн их өртэй байгаа ТОСК өөрийн гэсэн хөрөнгөтэй. Энэ хөрөнгөөрөө баталгаажсан үнэт цаас гаргаж, улмаар манай банканд эзэмшүүлэх зэрэг кейс болгон дээр ялгаатай шийдвэр гарахаар байгаа.

4. Хөгжлийн банк Төрийн орон сууцны корпорацийн Буянт 1, 2 орон сууцны хороолол болон аймаг болгонд 1000 айлын орон сууц барих төслийг 2 жилийн хугацаанд 100 орчим сая ам.доллараар санхүүжүүлсэн. Үүнийг Засгийн газраас иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах бодлогын хүрээнд найман жилийн өмнө даалгасан байсан. Санхүүжилт нь хийгдэж, төслүүд үр дүнтэй хэрэгжсэн. Гэхдээ тухайн үед Засгийн газраас гэрээний нөхцөлд нөлөөлөхүйц улс төрийн шийдвэрүүдийг гаргаж ирсэн нь өнөөг хүртэл хуримтлагдсан өр төлбөр үүсэхэд нөлөөлсөн.

5. Банктай зээлийн гэрээ байгуулсан, үүрэг хүлээсэн учраас тухайн аж ахуйн нэгж, компани зээлээ төлөх нь үнэн. Бидний зүгээс зээлийг эргэн төлүүлэх тал дээр шахалт үзүүлэхээс гадна ярилцаж, нөхцөл байдлыг ойлгож байгаа. Ам.долларын ханш чангарсан, Ковид-19 гарсан, хилийн хүндрэл үүссэн зэрэг эдгээр асуудлыг харгалзаж, аль болох уян хатан хандаж байгаа. Зарим аж ахуйн нэгжийн нөхцөл байдалд судалгаа хүртэл хийсэн. Гэхдээ эдгээр зээлүүд нь том дүнтэй байдаг. Гэхдээ аль нэг тал руу хэт туйлширч болохгүй. Гэрээ байгуулсан, зээл авсан аж ахуйн нэгж өөрөө хариуцлагатай байх нь чухал. Бид одоо хоёр талаасаа замын дунд уулзах л хэлэлцээрүүд хийгээд явж байна.

6. Засгийн газар баталгаатай бондын төлбөрөө төлж чадахгүй бол маш их хор уршигтай. Тухайлбал, улсын зээлжих зэрэглэл унах эрсдэл гарна. Түүнийг дагаад гадны хөрөнгө оруулалтууд татарна. Хувийн хэвшлүүд гадаадаас зээл авах, хөрөнгө татах боломжгүй болох эрсдэл бий.

7. Тухайн зээлдэгчийн зовлонг нь сонсоно. Ямар гарц, гаргалгаа байгааг олж тодорхойлохыг зорино. Яаж шийдэж болох талаар санаа, оноо дэвшүүлнэ. Маш олон тайлбар хэлж байгаа. Үүний дунд өөр нэг хөндөгдөж байгаа зүйл гэвэл зээлээ огт төлөөгүй, компанийн захирал нь Монголоос гараад явчихсан эсвэл хаяг, холбогдох мэдээлэл нь олдохгүй, өөрчлөгдсөн зээлдэгч хүртэл гарч ирж байгаа.

8. Банкны хувьд өнөөдөр яагаад ийм байдалд банк хүрсэнд дүгнэлт хийх ёстой. Зөвхөн засгийн шийдвэр гэдэг ч юм уу эсвэл тухайн үеийн ТУЗ, Гүйцэтгэх захирлыг энд буруутгахаас гадна дотоод зохион байгуулалт, тухайн ажлыг хариуцаж байсан хүмүүс хариуцлага алдсан эсэх дээр дүгнэлт хийх ёстой. Тэр ч утгаараа өнгөрсөн хугацаанд бид нөхцөл байдалд дүгнэлт хийж, 20 гаруй хүн ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэхдээ бүгдийг харлуулж болохгүй. Одоогийн байдлаар нэлээд орон тоо багатайгаар, гол нь зээлийн эргэн төлөлт дээрээ бүх анхаарлаа хандуулан ажиллаж байна.

9. Зээлийн эргэн төлөлтийг сайжруулахад хууль, хяналтын байгууллага маш том дэмжлэг болж байгаа. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал дээр гурван төрлийн хариуцлагын асуудал яригдана. Нэгдүгээрт, Ёс зүйн хариуцлага орно. Хоёрдугаарт, Бизнесийн хариуцлага. Энэ бол тухайн банк болон компани хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн хэрэгжилтэй холбогдоно. Үүнийг бид зээлдэгч нартайгаа уулзаад, хангуулах гээд ажиллаж байна. Гурав дахь нь, зээл олголт, энэ бүх процесс дээр гэмт хэргийн шинж чанартай үйлдэл гарсан уу. Үүнийг банк тогтоох субьект биш. АТГ, Эрүүгийн Цагдаагийн газар, Прокурорт мэдээллийг нь гаргаж өгч байгаа.

10. Одоогийн байдлаар АТГ дээр 32 хэрэг шалгагдаж байгаа юм билээ. Тэдний зүгээс томоохон ажлын хэсэг гаргаад, ийшээ анхаарал хандуулсны үүний үр дүнд зээлийн эргэн төлөлт сайжирч байгаа. Банкны зүгээс гэрээний хэрэгжилтийг хангах үүднээс иргэний шүүхэд ханддаг. Одоогоор 30 хэрэг Шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын түвшинд байна.

ТАНИЛЦ: ЭМДЕГ-тай энэ онд гэрээ байгуулсан СУВИЛЛУУД
ТАНИЛЦ: ЭМДЕГ-тай энэ онд гэрээ байгуулсан СУВИЛЛУУД
 
Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ
Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.