"Чингис хаан" музейн ханан дахь Их хаадын тамганы талаар олон нийт нэлээн шүүмжлэлтэй хандаж байгаа. Тэгвэл энэ тамгыг урласан Монголын урчуудын эвлэлийн ерөнхийлөгч асан, зураач Б.Төмөрбаатартай ярилцлаа.
-Чингис хааны музейн барилгад байршуулсан Их хааны тамганы талаар мэдээлэл өгөхгүй юу. Тамганы талаар олон нийт нэлээн буруу ойлголттой байх шиг байна?
-Эрт дээр үеэс Монгол овог, аймаг бүр өөрийн гэсэн тамгатай байсан. Чингис хаан төр барьж байх үедээ овог аймгуудыг нэгтгэн тамгыг оноож өгч байсан. Музейн хананд байршуулсан тамгануудын хамгийн эхэнд Өгөдэй хаан, Гүег хаан, голд Чингис хааны онгин тамга, Мөнх хаан, Ариг бөх гэсэн таван хааны тамга бүтээгдсэн байгаа. Зураач энэхүү саналыг гаргаснаар эрдэмтдийн зөвлөл хэлэлцэн баталгаажуулсан.
-Тамганы бэлгэдэл, утга учрын талаар мэдээлэл өгнө үү?
-Эрдэмтэн судлаач нарын баталгаажуулснаар аль нь ямар хааны тамга гэдгийг тогтоож байгаа. Хамгийн гол хаадын өөрсдийнх гаргаж байсан зоосон дээр тамга болон нэр нь байдаг. Чингис хааны музейн хананд байршуулсан тамга дээрх дүрслэлүүд нь сүүлийн үед олдсон археологийн үнэт олдворуудын нэг юм.
Бид бүх зүйлийг Хятадтай холбож ойлгож болохгүй. Гэтэл Монгол Улс өөрөө дэлхийг нэгтгэж байсан том гүрэн шүү дээ. Тийм ч учраас манай уламжлалт соёл урлаг их том хүрээг хамардаг. Энэхүү музейн хананд байршуулсан тамга нь зөвхөн Монгол Улсаас олдсон дүрслэлүүд юм. Эдгээр дүрслэлүүдийг бид өөрийн болгож авах нь хамгийн чухал. Танигдаагүй дүрснүүд гараад ирэхээр манайхан их цочирдож байх шиг байна. Энэ бол манай Монгол Улсын өв соёл мөн.
-Их хаадын тамгыг байршуулах санаачилгыг хэзээнээс эхлүүлсэн бэ?
-Миний хувьд барилгын чимэглэлийн чиглэлээр Ленинградад сурч ирсэн хамгийн сүүлийн хүн. Монголын алдарт архитектур Балдан энэ барилга дээр хамтарч ажиллах санал тавьсан. Бидний хувьд Чингис хааны музейн дотоод интерьер засалд ч оролцож байсан. Соёлын яамнаас биднийг хий гэж хэлээгүй. Мэргэжлийн үүднээс музейн гадна заавал байх ёстой чимэглэл гэж энэхүү тамгыг үзсэн. Музей байгуулах ажлын хэсэгт олон санал, хувилбар дэвшүүлсэний үндсэн дээр энэ хувилбар батлагдсан.
-Шүүмжлэл гарсантай холбоотойгоор энэхүү тамгыг урласан хүний хувьд ямар санагдсан бэ. Нөгөөтээгүүр энэ Их хаадын тамгыг хийхэд хэчнээн урчууд хамтран ажилласан бэ?
-Энэ тамгыг урлахад 6-7 барималч, 5-6 дархад хамтран жил гаран хугацаанд хийж бүтээсэн. Олон нийтийн шүүмжлэлийг сонссон. Монголчуудын хувьд өөрсдийн түүхийн талаар бага мэдлэгтэй гэж бодсон. Миний хувьд эрдэмтдийн судалгаан дээр үндэслэн Их хаадын тамгануудаар хоёр ч удаа үзэсгэлэн гаргаж байсан. Эдгээр тамга бол манай хаадыг төлөөлөх маш үнэ цэнтэй өв мөн. Хаадын тамганы талаар олон судалгаа бий. ШУА-ийн судлаачид судалсан боловч олны хүртээл болоогүй.
- Ярилцсанд баярлалаа