УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Та нар морь уралдаад байна гэж ярих юм. Түүний чинь цаана хүн уралдаж байна. Уяачид байна. Тэр уяачид чинь гаргасан хөдөлмөрийнхөө үр дүнд морио уралдуулаад айрагдуулаад эрч хүч авдаг. Нэр хүнд олж авдаг. Нэр хүндийг нь цол хэргэмээр олж авдаг. Гэтэл үүнийг нь болиулчих юм.
Мөн аймаг, сумын бүсийн уралдааныг байхгүй болгочихлоо. Юунаасаа харамлаад байгаа юм бэ. Та нараас нэг ч төгрөг гарахгүй" гэлээ.
УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Мөнхбат "Ажлын хэсгээс оруулж ирсэн ганцхан санал унасан. Тэр нь бүсийн наадамд цол олгоно гэсэн заалт. Энэ заалтаар 5 удаа санал хураахад уначихсан. Д.Ганболд, Б.Пүрэвдорж, А.Адьяасүрэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нарын 5 гишүүн бүсийн наадамд цол олгоё гэдгийг 5 удаа дэмжиж санал өгсөн. Гэвч цөөнх болсон" хэмээлээ.