Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Мандуул: “Хөгжлийн банк“ цаашид байх хэрэгтэй гэдэг нь “Амгалан“ дулааны станцыг төслийг санхүүжүүлэхээс харагдах болов уу

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 57 секунд

Хөгжлийн банкны удирдлагууд "Эдийн засгийн сэтгүүлч шинжээчдийн клуб"-ийн сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тус банкны өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай ярилцав. Энэ үеэр Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Э.Мандуул болон бусад удирдлагууд уулзалтын сэдвийн хүрээнд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Нийт чанаргүй зээлдэгчдээс нэн яаралтай анхаарал хандуулах нь ямар ямар зээлүүд байгаа вэ. Эдгээр зээлүүдийг эргэн төлүүлэх хүрээнд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-ТОСК төрийн өмчит үйлдвэрлэлийн газар дээр Буянт-Ухаа 1, Буянт-Ухаа 2 орон сууцны хорооллын төсөл мөн "Эрдэнэс Монгол" ХХК-ийн зээлүүд байна.

Төрийн орон сууцны корпорацийн хувьд Буянт-Ухаа 1, Буянт-Ухаа 2 орон сууцны хорооллын төсөлд санхүүжилт авсан. ТОСК гэх хуулийн этгээд, Хөгжлийн банк гэх хуулийн этгээд хоорондын гэрээ байгуулсан.

Энэ гэрээний нөхцөлд нөлөөлөхүйц хэмжээний шийдвэрүүдийг Засгийн газар гаргаж байсан нь өнөөгийн үүсээд буй өр төлбөрийг бий болгосон гэж бид үзэж байна.

Төрийн орон сууцны корпорацийн хувьд өөрийн эзэмшлийн өмч хөрөнгөтэй. Түүнийгээ түрээслээд янз бүрийн үйл ажиллагаа хийгээд явж байгаа. Төрийн орон сууцны корпорацад өөрийн эзэмшиж буй өмч хөрөнгө дээрээ суурилан үнэт цаас гаргаж манай банканд эзэмшүүлэх тогтоол гарсан. Бид тэрхүү үнэт цаасыг тодорхой нөхцөлтэйгөөр хоёрдогч зах зээл дээр арилжаалах байдлаар шийдвэрлэхээр болж байгаа.

-"Эрдэнэс Монгол" ХХК-ийн зээлийн хувьд?

-"Эрдэнэс Монгол" ХХК-ийн эзэмшилд байдаг "Тавантолгой- Гашуунсухайт"-ын авто замын төсөлд Хөгжлийн банкнаас санхүүжилт олгосон. 2013 оны арванхоёрдугаар сард манай зүгээс анхны эрсдэлийн дүгнэлтийг бичсэн юм билээ. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн "Таван толгой- Гашуунсухайт" чиглэлийн 245 км зам нь автозамын төсөл нь зээлийн эргэн төлөлт хийхэд маш хэцүү, эдийн засгийн үр өгөөж багатай төсөл учир зээл олгох шаардлагагүй гэсэн дүгнэлт тухайн үед гарч байсан. Гэвч Засгийн газрын тогтоолгүйгээр энэ зээл тухайн үед олгогдсон байгаа юм.

Зээлийг ойлгосны нэг жилийн дараа эрсдэлд орсон. Эрсдэлд орсон зээлийг дахин сунгах байдлаар тухайн үед Засгийн газраас шууд хамааралтай шийдвэрүүд гарч энэ зээл олгогдсон. Төр нэгэнт худалдаад авчихсан учир эрх мэдлээ хэрэгжүүлж, энэ замыг ашигтай ажиллуулах хэрэгтэй.

Ерөнхийдөө манай банкны үе үеийн эрсдэлийн ажилтнууд энэ зам нь цаашид хэрэгцээгүй болохыг дүгнэсэн байгаа. Гэтэл энэ замыг авахгүй бол болохгүй гэсэн байдлаар тухайн үеийн /2013 он/ сайдуудын тушаал гарсан. Нөгөө талаас төрийн шийдвэрүүд нь тооцоо судалгаагүй гарсан гэж хэлж болохоор байна.

"Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн 245 км автозамын эзэмших эрх нь "Эрдэнэс Монгол" ХХК дээр байгаа хэдий ч тухайн үед бизнесийн зарчмаараа ажиллаагүй. Бизнесийн зарчмаараа ажиллаж тарифаа нэмэгдүүлэх ёстой байсан. Гэтэл энэ ажлыг хийгээгүй орхигдуулсан. Үүнээс үүдэн манай банкнаас авсан зээл нь чанаргүй болон хуримтлагдсан байна. Бидний зүгээс "Эрдэнэс Монгол" ХХК-г энэхүү өрөө төл гэж байнга шаардаж байгаа.

"Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн автозам 2011 онд ашиглалтад орсон. Тухайн үед тус замыг барьсан компани нь 3 жил ашигласан. Үүний дараа төрд өгөхдөө тухайн үед гарсан зардлынхаа өртгөөр буюу анх оруулсан хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр өгсөн байгаа юм. Тухайн үеийн ЗГ-ын тогтоолоор "Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн автозамыг "Эрдэнэс Монгол" ХХК эзэмших шийдвэр гарсан. Энэ үед Хөгжлийн банкнаас зээл олгосон. Vexcel бичүүлж авснаар зээл олгосон.

Vexcel гэдэг нь ямар нэгэн бараа үйлчилгээний төлбөрийн хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл, мөнгөний чек гэсэн үг. Энэ нь хуульд зааснаар 1 жилээс урт хугацаатай байж болдоггүй.

Тухайн үед vexcel авахдаа үүнийг дараа жилийн төсөвт тусгах зохицуулалт хийсэн боловч төсөвт тусгаагүй орхисон юм билээ. Хуулийн хугацаа дуусаж Хөгжлийн банк vexcel-ийн төлбөрөө авах гэсэн боловч өгөх хүн байгаагүй. Товчхондоо төр "мурьсан" гэсэн үг. Ингэснээр Хөгжлийн банкнаас тухайн vexcel-ийг зээл болгон хувиргасан. Үүнтэй холбогдуулан тухайн үеийн удирдлагууд хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа.

70.6 тэрбум төгрөгөөс одоогийн байдлаар хүүтэйгээ нийлээд 156 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Хүүгийн төлөлт 76.6 тэрбум төгрөг, нөхөн зээл 40 тэрбум төгрөг байгаа. Ингэснээр 106.6 тэрбум төгрөг болж байна.

-Дараагийн судалж байгаа зээл юу байгаа вэ. Аж ахуйн нэгжүүд танайх руу хандах нь багасаж байна уу эсвэл нэмэгдсэн үү?

- ЗГ-аас манайд маш тодорхой чиглэл өгсөн.

Тодруулбал, Хөгжлийн банк нь хөгжлийн төсөл рүү хөрөнгө оруулалт хийх ёстой. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй төслүүдийг дэмжиж зээл олгох юм. Өмнөх шигээ орон сууц барилгын төслүүд рүү орохгүй байх чиглэл өгсөн.

Манай банк төслийн хүсэлтийг онлайнаар хүлээж авдаг. Ингэхэд төрийн өмчийн болон хувийн хэвшлийн компаниудаас хэд хэдэн төслийн хүсэлтүүд ирсэн байгаа. Бидний зүгээс судалгаагаа бүрэн хэмжээнд эхлүүлэлгүй, түр завсарлага аваад байна. Цаашид шинэ зээл олгохдоо маш болгоомжтой байж өмнөх алдааг давтахгүй байх болно. Эхний олгосон зээл нь дараа дараагийн зээлийн үндсэн суурь болно гэдэг үүднээс маш болгоомжтой хандаж байгаа.

Энэ зарчимд тулгуурлан Амгалан дулааны станцын өргөтгөлийн төслийг санхүүжүүлэх асуудлыг эхний ээлжид шийдвэрлэнэ. Бусад төслүүдэд зээл олгохдоо эх үүсвэрүүдийг харах болно. Мөн ирэх жилийн бондын эргэн төлөлтийн нөхцөл байдлыг муутгахгүйгээр улсад зайлшгүй амин чухал төслүүдийг санхүүжүүлэх ёстой гэх байр суурьтай байна.

Хөгжлийн банк цаашид байх хэрэгтэй. Ингэхдээ маш зөв зүйтэй зарчмаар ажиллах ёстой гэдэг нь одоо санхүүжүүлж буй Амгалан станцын төслөөс харагдах болов уу гэж бодож байна.

Арилжааны банкнууд Амгалан станцын төсөлд зээл олгохгүй юм билээ. Энэ төсөл нь ашигтай биш атлаа 56 тэрбум төгрөгийн том зээл олгогдох шаардлагатай байгаа. Дулааны тариф, төрийн бодлогоос хамаарч ашиг олно. Тиймээс энэ төрлийн буюу улс оронд нэн чухал, мөнгөн урсгалаараа зээлээ төлөх боломжтой төслүүдийг цаашид санхүүжүүлнэ.

БОАЖЯ: Энэ амралтын өдрүүдэд Богдхан уул руу алхаж, амарч зугаалахгүй байхыг АНХААРУУЛЖ байна
БОАЖЯ: Энэ амралтын өдрүүдэд Богдхан уул руу алхаж, амарч зугаалахгүй байхыг АНХААРУУЛЖ байна
 
ХОМ: МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгч Л.Төр-Од АВТОМАШИНГҮЙ ч 733 саяын ҮНЭТ ЭДЛЭЛ, 1.4 тэрбумын АВЛАГАТАЙ
ХОМ: МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгч Л.Төр-Од АВТОМАШИНГҮЙ ч 733 саяын ҮНЭТ ЭДЛЭЛ, 1.4 тэрбумын АВЛАГАТАЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.