Говь-Алтай аймгийн ИТХ-ын долдугаар хуралдаан энэ сарын 10-ны өдөр болсон. Уг хуралдаанаар Говь-Алтай аймгийн МАН-ын бүлгийн гишүүд аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарыг огцруулах асуудлыг чуулганы үеэр хөнджээ. Учир нь Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын нэр дээр бүртгэлтэй 2013 онд үйлдвэрлэсэн "Ланд круйзер 200" автомашин аймгийн ИТХ-ын 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 98 дугаар тогтоолоор нэг сая төгрөгөөр хувьчилсан. Уг "Ланд круйзер 200" автомашиныг 25.7 сая төгрөгөөр засвар хийгээд 1 сая төгрөгөөр Ховд аймгийн иргэний нэр дээр аймгийн нэгэн албан тушаалтан авсан. 2013 оны жийп автомашин зах зээлийн үнэ нь 130 сая төгрөг байгаа юм.
Түүнчлэн 2020 онд 11.5 сая төгрөгөөр худалдан авсан "Соната 7" автомашиныг 8.6 сая төгрөгийн үлдэх өртөгтэй байхад нь 1.5 сая төгрөгөөр худалдсан. Мөн Есөнбулаг сумын эзэмшилд байсан "ГАҮ 6000" улсын дугаартай Лексус 470 машиныг дуудлага худалдаагаар 500 мянган төгрөгөөр зарсан.
Мөн Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар тэргүүтэй удирдлагууд "Төрийн албаны тухай хууль"-ийг ноцтой зөрчсөн гэсэн тогтоолыг Төрийн албаны зөвлөлөөс гаргаж байжээ. Тодруулбал 115 хүнийг төрийн албаны хууль тогтоомж зөрчин хууль бусаар томилсон гэх мэдээллүүд цацагдаад байгаа.
Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар өөрийгөө шалгуулахаар өнөөдөр АТГ-т хүсэлт өгсөн. Тэрээр уг мэдээлэл өөрийг нь харлуулах гэсэн зохион байгуулалттай гүтгэлэг гэх тайлбарыг өгөөд байгаа билээ.