Эрх баригчид Үндсэн хуулиа өөрчлөх суурь дэвсгэрээ хангалттай тавьж чадлаа. Өнгөрсөн хугацаанд Т.Доржханд тэргүүтэй улс төрийн бүх намууд тогтолцооны өөрчлөлт гэх “малгай” дор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийхийг бараг 100 хувь дэмжиж гэрт гадаагүй балиашиглав.
Тэгвэл одоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө яг хэзээ хийх вэ гэдэг цаг хугацааг Ардын намынхан сонгоно. Уг нь тавдугаар сарын сүүлээр төслийг нь бэлэн болгоод наадмын өмнө амжуулахаар эрх баригчид хаврын чуулганы өмнө тооцож байсан. Гэвч өнөөдөр үргэлжилж буй процессыг харахад наадмын өмнө яагаад ч амжихааргүй болжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг зургаадугаар сарын 6-17-ны өдрүүдэд бэлэн болгож өргөн барихаар төлөвлөсөн байна. Ийнхүү наадмын дараагаас уг асуудлыг хэлэлцэж намартаа багтаж шийдвэрлэхээр тооцжээ. Тодруулбал, наадмын дараа долдугаар сарын сүүлээр эсвэл наймдугаар сардаа багтаж ээлжит бус чуулган хуралдуулж Үндсэн хуулиа хэлэлцэнэ. Улмаар батлах процессоо ирэх намар есдүгээр сард эцэслэн дуусгах юм байна.
Өөрөөр хэлбэл, 8-9 дүгээр сард багтааж эрх баригчид Үндсэн хуулиа өөрчлөх ажилд бүх анхаарлаа хандуулна. Улмаар цаг алдалгүй УИХ-ын гишүүдийг өргөн фронтоор оруулсан Засгийн газрын танхимаа шинээр эмхлэн зохион байгуулах учиртай. Шинээр бүрдсэн Засгийн газар ирэх жилийнхээ төсөв дээр ажиллаж 2023 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх ажлыг хийх бөгөөд хуулийн дагуу Засгийн газар 10 дугаар сарын 1-ний дотор төсвийн төслөө УИХ-д өргөн барьдаг билээ. Тиймээс цаг хугацааны хувьд шинэ Засгийн газар оройтлоо гэхэд 9 дүгээр сарын 12-ноос 16 гэхэд байгуулагдахгүй бол төсөв дээрээ 100 хувь сууж чадахгүй болно. Наймдугаар сараас хойш төсвийн саналуудыг яамдуудаас авч эхэлдэг бөгөөд яг сүүлийн хоёр долоо хоногт нь шинэ сайдууд улс төрийн өнцгөөс төсвийн төслийг нухна гэсэн үг.
Бүх талуудын ойлголцсон, цаашлаад нийгэм хүртэл битүү, сохроор хүлээн зөвшөөрсөн Үндсэн хуулийн өөрчлөлт ба шинэ Засгийн газар байгуулах процесс цаг хугацааны хувьд иймэрхүү дарааллаар өрнөнө.
Тэгвэл өөрчлөлтүүдийн хувьд сонгуулийн тогтолцоог холимог болгох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, гишүүдийг “давхар дээл”-тэй болгох зэрэг үндсэн агуулгууд өөрчлөгдөөгүй. Магадгүй зарим нэг заалтууд дээр нь нарийвчилж улс төрийн нэгдсэн шийдэлд хүрэх асуудлууд яг одоо Ардын нам дотор үргэлжилж байна.
Г.Лхагвадорж