Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АСУУДЛЫН МӨРӨӨР: “Старлинк“ компани Монголд үйл ажиллагаа явуулбал Юнивишн, Скаймедиа, Мобинет, ЖиМобайл зэрэг компаниудаар дамжуулж, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛНА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 14 секунд

Элон Маскын "Старлинк" компани манай улсын нутаг дэвсгэрт үйлчилгээгээ нэвтрүүлснээр шилэн кабель хүрээгүй алслагдсан бүс нутгуудад өндөр хурдны интернэтэд холбогдох боломж нээгдэнэ гэж албаны хүмүүс мэдэгдсэн билээ. Тодруулбал, тэрбумтан Элон Маск Монгол Улсад "Starlink" компаниа байгуулж, энэ талаарх мэдээлэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллийн санд байршсан байдаг.

Мөн Starlink.com сайтад 2023 оноос Монгол Улсад үйлчилгээгээ нэвтрүүлнэ гэж цэнхэр өнгөөр тэмдэглэн мэдэгдсэн байна.

Харин Соёлын сайд Ч.Номингийн нөхөр Г.Бат-Эрдэнэ "Маскын Старлинк үйлчилгээ орж ирнэ гэж байсныг мартаарай. Учир нь монголчууд даргын компаниар дамжихыг шаардсанд нөгөө хэд нь салаавч өгөөд дараагийн улс руугаа явав!. Дэлхий даяар эцсийн хэрэглэгчдээ шууд хүрэх боломжтой интернэтийн үйлчилгээг зөвхөн Монголд л "ченж"-ээр буюу "А", "Б" тусгай зөвшөөрөлтэй компаниар дамжиж хүрнэ гэдэг бодлого бол хясан боогдуулсан буруу бодлого.

Энэ компаниуд нь ихэнхи нь дарга нарын л компани байна" гэж жиргэсэн нь олон нийтийн дунд талцал үүсгээд байна.


Түүнийг ийн жиргэсний дараа салбар яамнаас мэдэгдэл гаргав. Мөн БСШУ-ны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан "Цахим Хөгжлийн яам ямар нэг лиценз, зөвшөөрөл өгдөггүй. Элон Маскаас авлига нэхэх бүдүүн зүрхтэй, өлөн ходоодтой, эрээ цэрээгүй даргыг мэдэж байгаа бол та илчлэх үүрэгтэй...!!! ГЭМТ ҮЙЛДЛИЙГ НУУН ДАРАГДУУЛАХ НЬ ХУУЛИЙН ЗААЛТТАЙ...!!!" гэж хариу бичсэн нь гал дээр тос нэмэх адил зүйл болоод байна.

Энэ асуудлаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос тодруулахад "Старлинк компани үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ хараахан гаргаагүй байна. Хэрвээ хүсэлт гаргавал тусгай зөвшөөрөл авах үндсэн шаардлагыг хангах ёстой. Түүнчлэн Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас баталсан бодлогын баримт бичгийн шаардлагад нийцэж байвал Монголд үйлчилгээ эрхлэхэд ямар ч асуудал байхгүй" гэсэн юм.

Тэгвэл салбар яамнаас баталсан Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах бодлогын баримт бичигт чухам юу гэж заасныг судалж үзлээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд Л.Энх-Амгалан сайдын батласан бодлогын бичиг баримт нь нийт дөрвөн заалттай. Үүнээс асуудал дагуулаад буй заалтыг нь онцлон хүргэе.

ГУРАВ: Нам орбитын хиймэл дагуулын сүлжээний ашиглалт

3.4.2 Интернэт урсгалыг "Харилцаа холбооны сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх" тусгай зөвшөөрлийг "Мэдээлэл холбооны сүлжээ" төрлөөр, "Үндсэн сүлжээ (улс хооронд) хамрах хүрээтэйгээр авсан тусгай зөвшөөрөл эзэмшигчээс түрээслэх гэж заажээ.

Бодлогийн баримт бичгийн 3.4.2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчээс түрээслэх гэдэг заалт цахим орчинд талцал үүсгээд байгаа.

Тиймээс уг заалтыг задалж, ямар учир агуулгатай болохыг салбарын мэргэжилтнүүдийн тайлбарласнаар хүргэе.

Нэг ёсондоо харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэхийн тулд "А" буюу бөөний, "Б" буюу жижиглэнгийн интернэтийн үйлчилгээ үзүүлэх эрх авах ёстой юм байна.

Хэрвээ нам орбитын компаниуд Монголд үйлчилгээ үзүүлэхийг хүсвэл интернэтийнхээ урсгалыг “А" буюу бөөний интернэтийн үйлчилгээ үзүүлэгч ААН-ээс авах ёстой. Харин эцсийн хэрэглэгч болох иргэн, ААН-тэй харьцахдаа заавал Монголд үйл ажиллагаа явуулах "Б" ангиллын тусгай зөвшөөрөлтэй авах юм байна.

"Б" ангиллын зөвшөөрөлтэй ААН-үүдэд "Скаймедиа", "Юнивишн", "Мобинет" зэрэг 70 гаруй компани хамаардаг.


Энэ зөвшөөрлийг нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгодог хуулийн зохицуулалттай. Хэрвээ "Старлинк" Монголд үйл ажиллагаа явуулах болбол "А" ангиллын тусгай зөвшөөрлийг өгөхгүй. Харин энэ эрхийг аль хэдийнэ авчихсан Монголын ААН-үүдээс түрээсийн үйлчилгээ авах ёстой гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас бодлогын баримт бичигтээ тусгасан байна.

Үүнийг нэг талаас нь харвал гадаадын ААН-ийг хясан боогдуулсан, "Скаймедиа", "Юнивишн", "Мобинет", "ЖиМобайль" зэрэг интернэтийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй ААН-үүдэд давуу эрх олгосон гэж харагдахаар.

Гэвч нөгөө талаас нь харвал, дотоодын ААН-ийн эрх ашгийг хамгаалах, гаднын компанид монополь эрх олгохоос сэргийлэхээр ийм заалт оруулсан гэж харагдахаар байгаа юм.

Учир нь харилцаа холбооны салбар бол стратегийн гол салбарт хамаардаг.

Энэ утгаараа үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавих учиртай. Нөгөө талаасаа Старлинк компанийн хувьд эцсийн хэрэглэгч буюу хувь иргэдэд ямар нэг үйлчилгээг шууд хүргэхгүй. Харин энэ үйлчилгээг авах боломжийг хүртэх СҮЛЖЭЭГ барьж байгуулах ажлыг гүйцэтгэж, түүгээрээ дамжуулан интернэт цацах юм байна.

Ташрамд дурдахад, салбар яамнаас баримталсан бодлогын баримт бичиг нь зөвхөн "Старлинк" компанид зориулсан бичиг баримт бус. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсад нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглагдахад зориулагдсан. Энэхүү бодлого батлагдсанаар нам орбитын хиймэл дагуул ашиглан интернэтийн үйлчилгээ үзүүлдэг "Старлинк", "Oneweb", "Amazon", "Telstra" зэрэг компаниуд Монгол Улсад үйлчилгээгээ үзүүлэх үүд хаалга нээгдэж буйг энд онцлох нь зүйн хэрэг биз ээ.


Танд хүргэсэн эл мэдээллээс Соёлын сайд Ч.Номингийн нөхөр Г.Бат-Эрдэнийн хэлсэн үгнээс цөөнгүй нь оргүй болохыг харсан байх.

Гэхдээ Элон Маскын компаниас үнэхээр Монголын нөлөө бүхий дарга мөнгө нэхсэн үү гэдэг бас л эргэлзээтэй. Учир нь Элон Маск бол дэлхийн технологийн мангас гэж хүндлэгддэг. Тэр хэрээрээ өөрийн нэр төрийг бий болгосон бизнсемэнд тооцогддог. Тиймдээ ч Монголын хурган дарга нарыг тоож харьцах хэмжээний нэгэн биш гэдэг нь тодорхой.


Нөгөөтэйгүүр, "Би одоо айж байна. Дарамтад орж байна.

Ченжүүдийн дайралт болон тэдний утсан хүүхэлдэй төрийн хурган дарга нар арьсаа хамгаалах гэж бүх талаар чичрэн дайрч байна. Би одоо хэнд хаана хандах ёстой вэ" гэж Соёлын сайд Ч.Номингийн нөхөр Г.Бат-Эрдэнэ буюу БАТКА жиргэсэн юм.

Эл жиргээний араас асуудал улам даамжирсаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүргийг хариуцагч Л.Энх-Амгаланг чичлэх жиргээчид улам олшров.

Тэд "Монгол Улс бол ченжүүдийн орон болсон гэдгийг харууллаа.

Төрийн дээр суусан дарга нарыг эрх ашгийг ингэж хамгаалж болохгүй" гэх зэргээр шүүмжилцгээж байна.

Тиймээс л хэрвээ Элон Маскын компаниас хэн нэгэн дарга мөнгө төгрөг нэхсэн байгаад тэрийг нь Г.Бат-Эрдэнэ мэдэж байгаа бол. Бүр цаашлаад түүнийг хэн нэгэн хүн дарамталж, айдаст автуулсан нь үнэн бол нэн даруй цагдаагийн байгууллагад хандаж, үнэн мөнийг тогтоох нь зүйн хэрэг биз ээ гэдгийг үүгээр дайж хэлье.

Аянга бууж, 30 бог мал хорогджээ
Аянга бууж, 30 бог мал хорогджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.