“Монгол тээврийн ирээдүй”, “Өмнөговь аймгийн авто тээвэрчдийн нэгдсэн холбоо” ТББ болон “Монгол тээвэр нэгдэл” ХХК хамтран нүүрсний тээврийн С зөвшөөрлийн талаар мэдээллээ.
“МОНГОЛ ТЭЭВРИЙН ИРЭЭДҮЙ” ТББ-ЫН ТЭРГҮҮН Н.ГАНБОЛД:
ҮНДЭСНИЙ ТЭЭВРИЙН КОМПАНИ БАЙХ УУ, ҮГҮЙ ЮҮ ГЭДЭГ АСУУДАЛ ЯРИГДАНА ГЭСЭН ЮМ
"Одоогоор өдөрт 300 гаруй машин хилээр гарч байна. Зохион байгуулалтын хувьд шүүмжлэх үйл байна. Гэвч цар тахлын үед боомтуутад хяналт шалгалт чангарсан. Үүнтэй холбогдуулан Шадар сайд, Сангийн сайд, Зам тээвэр, хөгжлийн сайдын хамтарсан “Гашуун Сухайт боомт тээврийн үйл ажиллагааг зохицуулах журам батлагдсан. Өмнө нь Цагаан хадны боомт дээр тээврийн автомашинууд олноор зогсчихсон, жолооч нар идэх хоол байхгүй, хоноглох газар байхгүй байсан. Одоо бол энэ асуудал гайгүй болсон. Цаашид улам сайжрах байх. Зарим ААН-үүд өөрсдийн кэймп, эмнэлэгтэй болсон байна. Гэхдээ өөр асуудлаар бид өнөөдөр асуудал тавих гэсэн юм. Энэ нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар улс хоорондын ачаа тээврийн зөвшөөрөл болох С бичгийг цаашид нүүрсний борлуулалт болон худалдан авагчийн саналын дагуу тээвэрлэгч байгууллагуудад олгоно гэж мэдэгдсэн. Энэ дагуу нэмэлт хуулийн төсөл боловсруулагдаж байгаа юм байна. Тиймээс бид саналаа хэлэх гэсэн юм. Нүүрсний тээврийн 10 хүрэхгүй хувийг Монголын буюу үндэсний ААН эзэлдэг. Гэтэл С зөвшөөрлийг худалдан авагч талдаа өгчих юм бол тээврийн компаниудын байдал маш хүнд байдалд орно. Ирээдүйд Монголд үндэсний тээврийн компани байх уу, үгүй юү гэдэг асуудал яригдана" гэсэн юм.
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН АВТО ТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.АДЪЯАСҮРЭН:
МОНГОЛД ТЭЭВРИЙН 300 ГАРУЙ ААН БАЙГААГААС 30 ХҮРЭХГҮЙ НЬ ҮНДЭСНИЙ ААН
Монголын авто тээврийн салбарын 90 гаруй хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд. Өөрөөр хэлбэл, Монголын авто тээврийн салбар эмзэг байдалд орчихсон, үндэсний эрх ашиг гэж байхгүй болсныг харуулж байгаа юм. Автотээврийн үндэсний төвөөс С зөвшөөрлийг олгодог. Гэтэл маш олон маргаан, авлига хээл хахуулийн хэрэг гардаг. Дарга нар ч авлига авч байгаад баригдсан хэд хэдэн үйлдэл баталгаажиж, хуулийн хаалга татсан.
Тиймээс бид бүхэн энэ асуудлыг шийдэж, гарц гаргалгаа гаргаж өгөөч гэж хүсэлт гаргасан. Гэтэл хуульд ганцхан өгүүлбэр шигтгэж өгөх замаар асуудал шийдэх гэж байна. Х.Нямбаатар сайдын өргөн барьсан хуульд “Тээврийн яам биш Сангийн яам мөн УУУХҮЯ нь нүүрс худалдан авагч буюу хятадын талын саналыг үндэслэн С зөвшөөрлийг өгнө” гэсэн заалт заасан байна.
Ийм хуулийг тэр хүн өргөн барьсан байна. Энэ хуулийн төсөл бол нэгэнт эмзэгхэн болсон тээврийн салбарыг үгүй хийх хуулийн төсөл байна гэж бид эмзэглэж байна. Авто тээврийн үндэсний төв нь Зам тээврийн хөгжлийн яамны харъяа агентлаг биш.
Харин Төрийн өмчийн хорооны харъяаны байгууллага. Ингэхээр Зам тээврийн хөгжлийн салбарын бодлого авто тээвэртэйгээ яаж уялдах юм бэ. Бодлого яаж хэрэгжих юм бэ. Энэ агжуудлаа засаад өгөөч гэхээр “амархан” гээд л гурван сайдын хамтарсан шийдвэр гаргаж, хуулийн төсөл өргөн барьчихсан. Өнөөдөр, ирээдүйд авто тээврийн салбар оршин тогтнох юм уу, үгүй юм уу. Үндэсний ААН амьд үлдэх юм уу, үгүй юм уу гэдэг асуудал болоод байна.
Яг үнэндээ Монгол улсад тээврийн 300 гаруй ААН байна. Гэтэл үүний 30 хүрэхгүй нь үндэсний ААН. Хуулийн төслөөр энэ компаниуд бүгд дампуурна, хаалгаа барина. Тиймээс сайд нараа ард иргэдийнхээ үгийг сонс. Авлига авдаг дарга нараа цөөл. Бодлогоо сайжруул. Зам тээврийн хөгжлийн яамны энэ гажуудлаа зас гэж хэлмээр байна. Х.Нямбаатар сайд аа, үндэсний тээврийн компаниудынхаа голыг таслах гэж байгаагаа мэдэж байна уу" гэлээ.