Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ганболд гишүүн “хэлд орж“, Л.Халтар сайдад хатуухан сануулга ӨГСӨН нь ийм учиртай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 47 секунд

Өнөөгийн парламентад барагтай бол попроод байдаггүй, тэр хэрээрээ сэтгүүлчдийн нүдэнд тордоггүй шахуу. Шуудхан хэлбэл, олны танил болоогүй шахуу хэд хэдэн улстөрч бий. Тэдний нэг УИХ-ын гишүүн Г.Ганболд гэхэд нэг их хэлсдэхгүй байх.

Боловсролын хувьд 1993 онд Завхан аймгийн Эдийн засгийн коллеж, ШУТИС-ийг Радио холбооны инженерээр төгсөөд Удирдлагын академд магистр хамгаалсан.

Харин Өвөрхангай аймгийн Холбооны газарт гол шугмын монтёроор ажлын гараагаа эхлүүлж улмаар "Скайтел" ХК-нд менежерээр ажилд ороод л суга дэвшсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл, энэ цаг үеэрээс аймгийн ИТХ-д төлөөлөгч, ЗДТГ-т Үйлдвэрлэл, дэд бүтэц, байгаль орчны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, “ӨВ АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, аймгийн ИТХ-ийн дарга, аймгийн Засаг дарга гэж шатлан дэвшсээр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж, сонгогдсон юм.

МАН-ын дэргэдэх Ардчилсан Холбооны тэргүүнээс улстөрийн гараагаа эхлүүлснээр аймгийн ИТХ-д дөрвөн удаа сонгогдсон шийртэй нэгэн.

Аймгийн Засаг дарга байхдаа 24 сая төгрөгийн жилийн орлоготой байсан бол УИХ-ын гишүүн болоод 36 сая болж өссөн юм байна. Харин Засаг дарга байхдаа 13 сая төгрөгийн суудлын автомашинтай байсан бол гишүүн болонгуутаа 212 сая төгрөгийн хэд хэдэн автомашинтай болжээ. Үүнээс өөрөөр хөрөнгө орлогод нь тийм гэх онцын зүйл ажиглагдсангүй.

Гагцхүү 212 саяын автомашиныг хэрхэн яаж өөрийн болгосноо АТГ-т тайлагнасан гэж найдая.

Тэгвэл дээр хэлсэнчлэн, чуулганы үеэр ч, байнгын хорооны үеэр ч барагтай бол ам нээгээд байдаггүй эрхэм гишүүн маань төрөлх нутагтаа санааширч, Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтарт хаягласан хатуухан үг дайлаа.

Тодруулбал, Өвөрхангай аймагт тавигдаж буй улсын чанартай 60 км авто замын засварын ажилд хяналт шалгалт хийж, ажлын дүнг сайжруулахыг шаардсан юм. Өөрөөр хэлбэл, Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай авто замын 371-431 км дэх хэсэгт засварын ажил хийгдэж байгаа юм байна. Гэтэл хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан, чанаргүй зам тавьж эвдрэл үүссэн, ажилчдын цалин хөлсийг олгодоггүй, техникийн түрээсээ төлөөгүй, орчуулагч нь харамсалтайгаар нас барсан зэрэг олон асуудал байгааг онцлоод ажлын хэсэг яаралтай байгуулж, газар нь ажиллахыг Л.Халтар сайдад хатуухан хэлж, анхаарууллаа.

Тэгвэл Г.Ганболд сайдын хэлсэн хүний амь эрсэдсэн хэрэг гэдэг нь, Өвөрхангай аймагт автозамыг барьж байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн хятад ажилтан буруу рүльтэй автомашин барьж үзэх үеэрээ осол гаргасан хэрэгтэй холбоотой бололтой.

Уг ослын үеэр автомашинд сууж явсан иргэд цонхоор шидэгдсэнээс 40 гаруй насны орчуулагч эмэгтэй амиа алдсан.

Тиймээс нутгийн зон олны итгэлийг даагаад парламентад суусан гишүүний хувиар эл хэрэгт Г.Ганболд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь энэ бололтой. Тиймдээ ч түүнийг хэлд орж, нутгийн зон олондоо занаа зовлоо гэж хэлмээр санагдав.

Г.Нацаг-Эрдэнэ

Т.Доржханд гишүүний хүсэл биелэх эсэх нь МАРГААШ ШИЙДЭГДЭНЭ
Т.Доржханд гишүүний хүсэл биелэх эсэх нь МАРГААШ ШИЙДЭГДЭНЭ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.