Одоогийн Ерөнхийлөгчөөс эхтэй зандарч, загнах байдлаараа олон нийтээс оноо авдаг гэх ойлголтыг хэрэгжүүлж, "хадгалж" яваа эрхмүүд цөөнгүй бий. Гэвч юм удаад ирэхээрээ утгаа алддаг гэдэг шиг энэ засагт нэлээдгүй эрхмүүд ажил яриад ороод ирсэн хэдэн яамд, агентлаг нарын төлөөллүүдээ учиргүй л загинаж, зандрах үзэгдэл сүүлийн үед илт ажиглагдах болов. Ажлаа хийж мэдэхгүй албан хаагчдад ажил үүргийн шаардлагын тухайд шахах байдлаар хандалгүй л яахав. Төрийн түшээд нь. Харин хэлэлцэж буй асуудлынхаа цөм рүү нь ороочгүй байж хэрүүлийн шинжтэй болгодог, бүрэн мэдээллээ аваагүй хэр юу юугүй л загнаж “гоё” харагдахаа боддог улс төрчдийн үйлдэл утгаа алдаж байна. Тэр тусмаа байнгын хороод болон УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр эл байдал бүр ч тод ажиглагдана.
Хамгийн сүүлийн жишээг татъя. Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр хуралдах үеэр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонссон. Энэ үеэр Капитал банкны өрөнд нэлээд хүлээн авсан обьектоос нийгмийн даатгалын ажилчдад банкны зээлэнд хамрагдах боломжийг нь л нээж өгсөн талаарх гэх асуудалд УИХ-ын гишүүн Б.Анужин "Капитал банкнаас хураасан орон сууцнуудыг даатгалын сангийн ажилтнуудад өгсөн гэж юу яриад байгаа юм бэ. Эмнэлэгт хүүхдүүдэд ор олдохгүй байна” хэмээн бухимдлаа илэрхийлсэн. Журамд, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар нь Сангийн авлагад тооцон авсан орон сууцыг тус байгууллагын ажилчид болон иргэн, хуулийн этгээдэд бэлэн мөнгөөр худалдан борлуулах ажлыг зохион байгуулж болно" гэж заасан байдаг талаар ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн тайлбарласан. Өөрөөр хэлбэл, журамд хэрхэн заасан байдаг талаар сонсохоосоо илүүтэй эрхэм гишүүн зандрахаа урьтал болгосон хэмээн олон нийт анзаарсан.
Загинаж, зандардаг эл байдлыг попролт уу аль эсвэл асуудалд үнэхээр шүүмжлэлтэй талаас хандаж байна уу гэдгийг ялгаж салгахтайгаа болсон. Тиймээс эрхэм гишүүд ч асуудалд ул суурьтай хандаж, хэрэггүй попролтоо хэсэгтээ хойш нь тавьсан нь зөв.
Загнадаг, зандардаг байдал чинь чухамдаа ганцхан улс төрийн хүрээнд байдаг эд биш. Сэтгүүлзүйн салбарт ч бий. Сэтгүүлзүйн мэдээлэх, иргэний мэдэх эрхээр түрий барьж, асуудалд шийдэл талаас бус хэрүүлийн алим дэгдээж явдаг “нэртнүүд” байдаг. Ингэхдээ гартаа микрофон барьсан л бол мэдээлэлд цензуртай хандах бус өрсөж мэдээллэхээ урьтал болгодог байдал ч ажиглагдсаар өнөөдрийг хүрсэн. Сүүлдээ бүр хэн нэгнийг шүүх гэж байгаа мэтээр микрофоноо бариад л “дайрчихдаг” болсон. Энэ бол поп нь дэндсэн зарим улс төрчид асуудлынхаа утга учрыг ойлголгүйгээр загнаж зандрахаа урьтал болгодогтой л адил үзэгдэл. Тиймээс сэтгүүлзүй ч, улс төрчид нь ч асуудлаа мэддэг, мэдэрдэг болох нь чухал байна. Чухамдаа УИХ-ын гишүүд, сайд дарга аль эсвэл сэтгүүлчид ч бусдыг шуудхан шиг буруутгаад шүүх эрх үгүй.