Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мэргэн: Би “сахал“ Д.Эрдэнэбилэг, С.Эрдэнэ, Т.Ганболдыг танихгүй. Юун “хонгилын өмгөөлөгч“ вэ

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
20 минут 31 секунд

Өмгөөлөгчөөр ажиллаад тавхан жил болж байгаа ч хуулийн салбартаа багагүй нэр хүндтэй болж, цаашлаад нэр бүхий улстөрчтэй холбоотой томоохон хэргүүдийг өмгөөлсөн хүн бол Б.Мэргэн. Түүнтэй холбоотой янз бүрийн яриа гардаг. "Хонгилын өмгөөлөгч", тэрбумтан, Монголын хамгийн өндөр ханштай өмгөөлөгч гэх зэргээр. Ингээд түүнтэй түүний өмгөөлж байсан хэргүүдийн талаар ярилцсанаа хүргэе.

-Таныг "Алтан Дорнод Монгол"-ын Т.Ганболд "хонгилын өмгөөлөгч" гэж цоллосон. Үүнийг та яаж хүлээж авсан бэ?

-Ганц тэр хүн ингэж хэлээгүй л дээ. Би түүнийг бараг танихгүй. Нэг л удаа уулзсан. Тэр хүн УИХ-ын 2020 оны сонгуульд 68 бие даагчийг цуглуулсан даа. Тэгэхэд манай найзаар дамжуулж хүсэлт гаргасан байсан. Ингэхдээ "МАН, АН гэж хоёр нам эрх барьснаас болж улс орон сүйрлээ. Шинэ хүчин гарч ирэх ёстой. Тиймээс бие даагчдийг дэмжээд Сонгуулийн тухай хуулиар сургалт хийгээд өгөөч. Хэрвээ болно гэвэл гэрээ байгуулаад цаашид хамтарч ажиллая" гэсэн байсан. Ингээд би дөрвөн найзын хамт "Корпорэйт" зочид буудалд нь сургалт хийсэн. Ямар ч төлбөр аваагүй шүү.

-Тэр үед Т.Ганболд байсан уу?

-Байсан. "Баярлалаа" гээд л өнгөрсөн. Чи бод доо. Би МАНАН-гийн өмгөөлөгч байсан бол бие даагчдыг дэмжиж үнэ төлбөргүй сургалт хийж өгөх үү. Үүнийг Т.Ганболд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Шинэ үеийн залуусыг дэмжье л гэж бодсон. Үүнээс өөрөөр тэр хүнтэй харьцаж, уулзаж байгаагүй. Тэр хүн ч намайг танихгүй. Одоо л анх удаа миний талаар ярьсан нь энэ. Ер нь тэгээд хүмүүсийн харддагаар би бүгдийнх нь өмгөөлөгч юм биш үү.

-Т.Ганболдын яриагаар Ц.Элбэгдорж, сахал Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч гэж ойлгосон?

-Би тэдэнд өмгөөллийн үйлчилгээ огт үзүүлж байгаагүй.

-Та "Эрдэнэт" үйлдвэр үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэргийн өмгөөлөгчдийн багт ажиллаагүй юм уу?

-Ажиллаагүй.

-Тэгвэл Ц.Элбэгдоржийн өмгөөлөгч гэж яагаад хэлсэн юм бол?

-Үгүй яах вэ дээ. Би 2012-2017 он хүртэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд хуульчаар ажилласан юм. Зөвлөлийн тэргүүнээр нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байсан гэдэг утгаар нь хардсан байх. Гэтэл би түүнтэй ганцаарчилж уулзсан удаагүй. Үгүй яах вэ, ажлын албаараа хэдэн удаа уулзсан. Түүнээс биш ойр дотно биш.

-Ерөнхийлөгчөөс бууснаас нь хойш уулзсан уу?

-Уулзаагүй.

-Тэгвэл сахал Д.Эрдэнэбилэгтэй?

-Уулзаж байгаагүй. С.Эрдэнэ гэж хүнтэй ч уулзаж үзээгүй. Гэтэл бас өмгөөлөгч нь гэж цоллож байна лээ. Тэр Н.Номтойбаяртай хүртэл уулзаж байгаагүй. Бас л холбосон.

-М.Энхболдын өмгөөлөгчөөр бол ажилласан байх аа?

-Нэг хэрэг дээр нь ажилласан. М.Энхболдыг талбай дээр жагсаж байгаад огцруулсан даа. Ингэхийн тулд Ц.Нямдорж худлаа, үнэн нь мэдэгдэхгүй баахан юм ярьсан юм. Тэгэхээр нь М.Энхболд УИХ-ын даргынхаа суудлыг өгөнгүүтээ нэр төрөө сэргээлэхээр иргэний хэргийн шүүхэд хандсан юм. Тэр хэрэг дээр нь манай хуулийн ферм ажиллахад иргэний хэрэг хариуцдаг өмгөөлөгчдөө туслах маягаар ажилласан. Гэтэл түүнээс хойш хамгийн өндөр үнэтэй өмгөөлөгч гэдэг болчихсон.

-Та Т.Ганболдын эхнэр Х.Янжингаажидынх нь хэргийг өмгөөлж байгаа. Шүүхээс танай үйлчлүүлэгчийн талд шийдвэр гаргасан. Т.Ганболд давж заалдана гэсэн үү?

-Нэг зүйл хэлмээр байна Т.Ганболдын троллууд бололтой зарим нь "Салах асуудлыг нь хариуцаж байгаа юм чинь яах аргагүй хонгилын өмгөөлөгч юм байна" энэ тэр гэж бичиж байна лээ. Уучлаарай. Би иргэний хэрэг өмгөөлдөггүй. Би эрүү болон захиргааны хэргийн өмгөөлөгч. Энэ ч утгаараа УБЕГ-тай холбоотой захиргааны хэргийг нь өмгөөлж байгаа. Харин салах асуудлыг нь өөр өмгөөлөгч хариуцсан. Давж заалдахын хувьд Т.Ганболд давах юм шиг байна лээ, яг таг мэдэхгүй. Ямартай ч гэр бүл цуцлах акт тавьсан байцаагч эмэгтэй давж заалдсан.

-Т.Ганболд гэрлэлтээ батлуулахдаа өөрийн биеэр очсон биз дээ?

-Үгүй.

-Тэгээд яаж гэрлэлтийг нь баталсан юм бол?

-Өөрөө итгэмжлэл бичиж өгсөн. Тэр баримтыг нь шүүхээс нотлох баримтаар үнэлсэн.

-Тэгвэл захиргааны хэрэг дууссаны дараа гэрлэлт цуцлах асуудал яригдахгүй нь ээ?

-Талуудын зүгээс захиргааны хэрэг эцэслэсний дараа гэр бүл салалтын асуудлыг үргэлжлүүлнэ гэдэг санал тавиагүй. Энэ ч утгаараа иргэний хэргийн маргаан үргэлжилж байгаа.

-Тэр хоёр эргэж эвлэрэх зүйл ажиглагдсан уу. Танд мэдэх зүйл байна уу?

-Яг тэрийг сайн мэдэхгүй байна.

Гэрэл зургийг mpa.mn


-Эд хөрөнгө хуваах маргаан байгаа. Бусдад нэр шилжүүлэхээс сэргийлсэн хамгаалалтын арга хэмжээ авсан юм болов уу?

-Иргэний хэргийн процесст би ороогүй учраас яг ямар арга хэмжээ авч байгааг мэдэхгүй. Гэхдээ ийм хүсэлтийг аль аль нь гаргаагүй гэсэн.

-Таныг нэлээд олон саяар өмгөөлдөг гэлцдэг юм билээ?

-Тэр мөнгө нь хаана байна аа. Би амьдралдаа анх удаагаа байр авах гээд чадахгүй байна. Урьдчилгаа 30 хувиа арай хийж бүрдүүлсэн. Зээл авах гэтэл банкнаас зээл гаргаж өгөхгүй хүлээлгэсээр байна. Яагаад гэсэн чинь өмгөөлөгчдийн орлого тодорхой биш гэсэн.

-Та ямар машин унадаг вэ?

-Машин байхгүй.

-Үнэн үү?

-Би худлаа хэлээд яах вэ дээ. Эхнэр маань 2008 онд худалдаж авсан машинаа унадаг. Одоо бараг салж унах нь холгүй шахуу юм бий.

-Та хэр шартай хүн бэ?

-Нэг их биш ээ. Хуульч хүн үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хуульд нийцсэн бүхий л аргаар хамгаалах үүрэгтэй. Би үүний төлөө л явдаг.

-Та өмгөөлөгч болоод тавхан жил болж байгаа салбартаа шинэ хүн. Гэтэл УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх хохирогчийг өмгөөлөгч гээд гэнэт гарч ирсэн. Менежмэнт нь юу байв?

-Стратегийн өмгөөлөл гэж юм бий. Үүнийг хүмүүс сонсоод том хэрэг дээр том багаар ажиллах гэж ойлгодог. Үгүй. Өөрөөр хэлбэл, буруу хуулиас болж иргэд хохирч байвал үйлчлүүлэгчийнхээ хэргээр дамжуулж тэр алдаатай хуулийг засуулах.

Эсвэл хууль нь байхгүйгээс болж иргэд хохирч байвал үйлчлүүлэгчийнхээ хэргээр дамжуулж хууль батлуулахыг стратегийн өмгөөлөл гэдэг. Энэ асуудлыг ганц хуульч хийж чадахгүй. Иргэний нийгмийн байгууллага, сэтгүүл зүйн салбартай хамтарч хийдэг. Д.Гантулгын холбогдсон хэрэг дээр яг тэгж ажилласан. Өмнө нь нэр бүхий улстөрч хүчингийн хэрэгт холбогдлоо гээд л хэрэг нь таг болдог байсан. Иргэд нь дасчихсан байсан.

Энэ хэрэг гарах үед "Цаашид энэ байдлаар үргэлжилж болохгүй. Охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ёстой" гээд өмгөөллийн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн юм. Тэр хэрэг дээр түрүүн хэлсэн стратегийн өмгөөллийг хийсэн. Яагаад улстөрчид ийм хэрэгт холбогдчихоод шалгагддаггүй юм бэ гээд асуудал дэвшүүлсэн.

Хуулиндаа хүртэл "УИХ-ын гишүүн нь гэмт хэрэг үйлдэж байхдаа нотлох баримтын хамт баригдах юм бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлж болно.

Хэрвээ ийм биш бол биед нь, гэрт нь, ажлын өрөөнд нь, машинд нь үзлэг хийх хориотой" гээд заачихсан. Дээр нь яллагдагчаар татсан тогтоолыг нь танилцуулах гэхээр тогтоолтойгоо танилцдаггүй. Ингэхээр тухайн хэргийг цааш үргэлжлүүлэх ямар ч боломжгүй болж нам гацдаг. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлье гэхээр газар дээрээ баригдаагүй гэнэ. Гэмт хэрэг үйлдэж байгаад газар дээрээ баригддаг УИХ-ын гишүүн гэж байх уу.

Авлига авч байгаад газар дээрээ баригддаг дарга гэж сонссон уу. Тиймээс энэ хуулийг өөрчлөхгүй бол болохгүй гээд Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Цэцээс Үндсэн хууль зөрчсөн байна гэж шийдсэн. Үүний дараа УИХ-аас хууль батлагдсан. Энэ хуулиар ЖДҮ-гээс эхлээд гэмт хэрэгт холбогдсон гишүүдийн хэрэг шалгагдаж байгаа. Д.Гантулгын хэрэг дээр ийм процессоор ажилласан, хэрэг шийдэгдсэн.

-Та ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, прокурор асан Г.Эрдэнэбатад холбогдох хэргээс олон нийтийн анхаарал татсан хэд хэдэн хэргийг өмгөөлж байсан. Олны анхааралд өртсөн иймэрхүү хэргийг өмгөөлөхөд хүндрэл бэрхшээл хэр тулгардаг вэ?

-Маш олон хүндрэл тулгардаг. Олны анхааралд өртсөн хэрэг гэхээр ихэвчлэн улстөрчидтэй холбоотой хэрэг байдаг. Миний хувьд ийм хэргийг олон удаа өмгөөлөөгүй. Өмгөөллийн нийт ажлын 10 хүрэхгүй хувь нь байх. Хэд гурван иймэрхүү хэрэг авчихаар л байнга л дуулианы араас явдаг юм шиг, юм л бол мөнгөний араас хөөцөлддөг юм шигээр боддог. Гэтэл бодит байдал дээр үгүй шүү дээ.

Ялангуяа сүүлийн үед бүх хэрэг хуулийн дагуу шийдэгдэхээ больсон. Улстөрийн тохироо яаж явагдана, тэрэнд нь нийцсэн хуулийг нь хэрэглэдэг. Эсвэл хуулийг тоохгүйгээр улстөрийн тохироогоороо шийддэг. Ийм болчихоод байна. Уг нь Үндсэн хуулийн 1.2-т хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж заасан. Одоо цагт энэ бол тунхаг шинжтэй болсон.

Намайг зарим хуульчид "Чи хуулийн салбарыг унагаж байна. Хэргийн талаар яриад байна" гэдэг.

Гэтэл нөгөө талд тухайн хэрэгт шалгагдаж байгаа иргэнийг буруутай мэтээр ойлгуулж байгаад ял өгдөг технологи явж байна. Улстөрчид хэргийн талаар өөрсдийн зохиосон үлгэрээ ярина. Эсвэл хаанаас олсон нь мэдэгдэхгүй баримт дэлгэдэг. Нийгэм үүнд нь автангуут хуулийнхан салбарынхан дагаад автана. Ийм л зүйл өрнөдөг. Тиймээс "Энэ бол худлаа. Энэ үнэн баримт нь" гэж хариу барьж байж л тухайн хэргийг нааштай шийдэх боломжтой болдог. Түүнээс би өөрөө од болох гээд байгаа юм биш. Үйлчлүүлэгч маань "Би буруу зөрүү ярьчих байх. Та тайлбарлаад өгөөч" гэдэг.

Хуульд ч үүнийг зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, олон нийтэд тарааж байгаа худал мэдээлэл нь үйлчлүүлэгчийн эрх ашгийг хөндөхөөр бол түүнийг зөв болгож болно гэж заасан байдаг. Тэгэхээр би үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах нь зүйн хэрэг байгаа биз дээ. Шүүх нөлөөнд автдаг уу, автдаг. Жишээлбэл, "Дэлхийн эрх зүйн түүх" гээд номонд АНУ-ын нэг жишээ бий. Энэ нь дайны үед Вьетнам цэргүүдийг олноор нь хороосон хэрэг цэргийн шүүхээр орсон байдаг. Гэтэл энэ хэрэг Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, сэжигтэнг нийгмээрээ үзэн ядсан. Цэргийн шүүхээс нөгөө яллагдагчид цаазын ял өгсөн.

Дараагийн шатны шүүхээс бүх насаар нь хорих ял оноогоод эцэстээ цагаатгасан. Шалтгаан нь шүүхээс тухайн хэргийг шийдэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээлэлд хэт автсан байна. Тиймээс хуулиа зөв хэрэглэж шийдээгүй байна гэдэг дүгнэлтэд хүрдэг. Тэгэхээр энэ бол зөвхөн Монголд тулгарсан асуудал биш болж таарч байгаа биз. Хэчнээн шударга хүн байгаад ч нийгмийн уур амьсгалд тодорхой хэмжээгээр автдаг. Гэтэл намайг үйлчлүүлэгчийнхээ талаар ярилаа гээд 500 мянгаар торгосон.

Уг нь үйлчлүүлэгч маань "Үүнийг ярьж болно" гээд надад зөвшөөрөл бичгээр өгчихсөн байхад л ялласан. Би шүүх ч дээр хэлсэн. Арав гаруй жил Солонгост ажиллаж байгаад эргэж ирээд цагдаагаасаа тэтгэвэртээ сууж байгаа хүн байсан. Миний хэргээр тэтгэвэртээ гарч байгаа юм уу, хаашаа юм.

-Бичсэн постоор ялласан гэл үү?

-Тийм. Бүр инээдтэй нь би нэг хэрэг өмгөөлсөн юм. Анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгоход прокурор эсэргүүцэл бичээгүй юм. Нөгөө талаас давж заалдсан. Давахын шүүх хурал болтол нөгөө талаас хэн ч алга, ганц прокурор ирлээ. Гэтэл шүүгч нь "Танай прокурорууд эсэргүүцэл бичдэг байтал чи яагаад бичдэггүй юм" гэж нөгөө прокурорыг загналаа. Би гайхсан. Уг нь прокурор эсэргүүцэл бичих эсэх нь прокурорын мэдэх хэрэг. Шүүгчид ямар хамаа байна.

Тэгээд шүүхээс гарч ирээд хаана, ямар хурал гэдгийг нь дурдахгүйгээр "Шүүгч прокурорыг загнаад байх юм. Шүүгч хурлаа удирдах ёстой болохоос биш хэн нэгнийг загнах ёсгүй. Прокурор эсэргүүцэл бичих, бичихгүй нь өөрийнх нь мэдэх хэрэг. Ийм баймааргүй байна" гэж бичсэн юм. Гэтэл шүүхийн процесс бичсэн гэдгээр торгох шийтгэх ногдуулсан. Гэтэл манай хуульчид эсэргүүцээд намайг өмгөөлөх хүсэлтээ 50 хуульч гаргасан.

Энэ бол зөвхөн Мэргэн гэж хүнтэй холбоотой асуудал биш. Өмгөөллийн нууц гэдэг бол үйлчлүүлэгчийн нууц болохоос биш ийм зүйлийг хэлэхгүй. Гэтэл ганц шаардлага тавьсан төдий зүйлээр өмгөөлөгч нарыг яллаад байвал иргэдийн эрхийг яаж хамгаалах юм бэ гэдэг утгаар нь хуульчид нэгдсэн.

-Шүүхээс ямар шийдвэр гаргасан юм бэ?

-Хэрэгсэхгүй болгосон. Ингэхдээ "Өмгөөлөгч нууц задлах нь задласан юм байна. Гэхдээ тэр үед энэ хууль батлагдаагүй байсан юм байна. Нэг үгээр хэлбэл, байхгүй байсан хуулийг нөхөж хэрэглэсэн байна" гэсэн. Би үүнийг нь зөвшөөрөөгүй. Би нууц задлаагүй. Тэгсэн байхад "Хэрэгсэхгүй" гэчихээд араас нь "гэхдээ...." гэдэг нь юу гэсэн үг юм бэ гээд давж заалдсан. Давахаас "Ямар ч зөрчил гаргаагүй" гэж дүгнэсэн.

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаарх янз бүрийн баримтыг УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Болд тэргүүтэй хүмүүс Төрийн ордноос задалж, мэдээлэл цацаж байсан. Гэтэл Г.Батбаяр өмгөөлөгч та хоёр шүүхийн гадаа хэдэн удаа сэтгүүлчдэд тайлбар хийснээс далайцтай мэдэгдэл бараг хийгээгүй юм шиг санагдсан?.

-Уг нь зөндөө ярьсан. Гэхдээ байнга ярих боломжгүй. Ж.Батзандан, Л.Болд тэргүүтэй хүмүүс амныхаа зоргоор ярьсан. Төрийн ордонд сэтгүүлчдийг дуудаж ирүүлээд л хэрэг зохиож яриад л. Уг нь энэ хэрэг төрийн нууцад хамаарах хэрэг. Хэн ч ярих эрхгүй. Хэргийн материал гээд 30, 40 хавтас, 15 мянга орчим хуудас. Хавтаст хэрэгтэй зөвхөн хуулийн байгууллага дээр очиж танилцаад тэмдэглэл хөтлөх эрхтэй. Гэхдээ тэр тэмдэглэлээ авч гарах эрхгүй, дэвтрээ шууд хураалгана.

Шүүх хурал эхлэх үед л эргүүлж өгөөд, шүүх завсарлангуут хураагаад авчихдаг. Би компютер биш.

Тэр олон юмыг яаж цээжлэх юм бэ. Тийм л хүнд нөхцөлд өмгөөлсөн. Гэтэл Төрийн ордонд суусан нөхдүүд нь хэргийн талаар ч яриад, дээр нь бүр зохиож яриад ч байх шиг. Энэ юу ч биш. Бүр шүүх дээр болж байгаа процессийг хүртэл тэр дор нв мэдээд ярьдаг байсан гээд бод доо. Төв аймгийн шүүх ямар жижигхэн танхимтай билээ. Танхим битүү хүн. Цонх онгойлговол цонхон доороос хүн сонсчихно. Агааржуулагч асаах гэхээр "Чимээ гараад юм сонсогдохгүй байна" гэдэг нөхцөл байдлын дор олон хоног хуралдсан. Ийм байдалтай хуралдаж байхад тэр хурлын явцыг Ж.Батзандан, Л.Болд хоёр мэдээлэл хийж байдаг байсан. Тэгэхээр бид мэдээлэл хийхээс аргагүй.

Сүүлдээ "Хэрвээ энэ хэргийг бидний талд шийдэхгүй бол шүүгчдийг ална гэж сүрдүүлсэн байна" гэж мэдээлэл хийсэн.

Би үүнийх нь эсрэг Сүхбаатар дүүргийн цагдаад гомдол гаргасан. Зургаан сарын дотор надаас нэг л мэдүүлэг авсан. Тэгээд л "Хэрэг биш байна" гээд хаасан. Бүр инээдтэй нь Ж.Батзанданг дөрвөн жил шүүхээс эрэн сурвалжилсан гээд бод доо. Уг нь нөгөөх нь ордон дотор суучихаад мэдэгдэл хийгээд байдаг. Инээдтэй байгаа биз.

-Ингэхэд та Ц.Нямдорж сайдтай ямар нэг харилцаатай юу?

-Би тэр хүнтэй зэрэгцэж суугаад юм ч ярьж үзээгүй. Харилцаа тогтоож ч үзээгүй.

-Тэгвэл Ж.Батзандан, Л.Болд хоёртой?

-Ялгаагүй. Гэхдээ Ж.Батзандантай нэлээд олон жилийн өмнө "Нэг Ардчилал" клүбт байхдаа ганц, хоёр удаа л ярьж үзсэн байх.

-Б.Хурц, Г.Эрдэнэбат нар суллагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Гэтэл өмгөөлөгч Б.Баасанцогтын компютерээс энэ хэргийг хэрхэн шийдэх талаар схем олдсон гэсэн. Тэгэхээр хэрэг дахиад задарна гэсэн үг үү?

-Тэр хүний компютерээс олны анхааралд өртсөн найман хэргийг хэрхэн шийдэх вэ гэдэг схем гарч ирсэн. Тэр төлөвлөгөөнд дурдагдсан хүмүүст холбогдох хэрэг яг тэр схемээр шийдэгдэж, хүмүүс нь ял авсан. Хэрвээ Б.Баасанцогт гэдэг хүн ял авах юм бол түүний компютерт байсан схемийг хэн төлөвлөсөн юм бэ. Энэ төлөвлөгөөнд шүүх оролцож хэргийг шударга бусаар шийдсэн үү гэдэг зүйл яригдана. Тэгэхээр шинээр илэрсэн нөхцөл байдал гэдгээр явж болох талтай.

Г.Нацаг-Эрдэнэ

Цагаа биш МӨНГӨӨ хэмнэмээр байна Х.Нямбаатар сайд аа
Цагаа биш МӨНГӨӨ хэмнэмээр байна Х.Нямбаатар сайд аа
 
ЗТХТ: Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд цас хайлуулах бодис цацах ажил хийгдэж байна
ЗТХТ: Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд цас хайлуулах бодис цацах ажил хийгдэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.