Эдийн засгийн байнгын хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр УИХ-ын дарга болон Эдийн засгийн байнгын хороонд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахтай холбоотой албан бичиг ирүүлсэнтэй танилцаж, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.
Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбар хийлээ. Тэрбээр "Монгол Улсын санхүүгийн шинэтгэлийн цогц арга хэмжээний хүрээнд 2021 онд хэлэлцэн баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системийн нөлөө бүхий банкууд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөрт багтаан хувьцаагаа анхдагч зах зээлд арилжиж, нээлттэй хувьцаат болгон компанийн хэлбэрийг өөрчлөхөөр зохицуулалт орсныг тодотгоод Монголбанкнаас дээрх шаардлагыг хуульд заасан хугацаанд багтаан амжилттай хэрэгжүүлэхэд системийн нөлөө бүхий 5 банкны төлөөлөл, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж, шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Дотоод болон гадаад улс орнуудад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан олон улсын санхүүгийн байгууллагуудаас системийн нөлөө бүхий 5 банк нь богино хугацаанд багтаан анхдагч хувьцаагаа олон нийтэд арилжих үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний хүндрэл бэрхшээл учрах болзошгүй гэсэн зөвлөмж, танилцуулга ирүүлсэн. Энэ хүрээнд Монголбанкны зүгээс системийн нөлөө бүхий 5 банкны хувьцааг нийтэд нээлттэй арилжихад тодорхой нөхцөл, шаардлагыг хангуулсны дараа эхлүүлэх нь хөрөнгө оруулагч болон банкны салбарын санхүүгийн тогтвортой байдалд нэмэр болох болов уу гэсэн үүднээс УИХ-д санал хүргүүлсэн.
Монгол Улсын санхүүгийн зах зээл дээр 11 банк байдгийн 5 нь системийн нөлөө бүхий томоохон банк. Эдгээр банкууд нь нэг дор нэгэн зэрэг хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжих нь хоорондын өрсөлдөөнөөс гадна үнэ цэнэд нь нөлөөлөх магадлалтай гэх үүднээс хугацааг нь сунгаж өгөх саналыг тавьсан" гэлээ.