МАН-ын бүлгийн хуралдаанаар өнөөдөр LRT төслийн талаар хэлэлцжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв. Тэрбээр "LRT төслийн талаар Нийслэлийн удирдлагуудын мэдээллийг сонссон. Улмаар гишүүд санал бодлоо ч илэрхийлсэн. Ингээд энэ төслийг дахиж хэлэлцэж шаардлагатай гэж үзлээ. Яаран төсөв дагуулаад шийдчих асуудал биш байна гэж үзсэн. Тиймээс бүлгээс ажлын хэсэг байгуулаад Засгийн газартай хамтарч ажиллахаар боллоо.
Зөвхөн LRT төсөл ч биш. Тавантолгойн дулааны цахилгаан станцын ажил бий учир ийнхүү ажлын хэсэг гаргаж байна. Үүний дараа ямар шийдэл гаргах вэ гэдгээр бүлэг дахин хуралдана" гэлээ.
Улмаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Хөдөөгийн гишүүдийн төсвийг танасантай холбоотойгоор нийслэлийн түгжрэлийн асуудлыг гацаалаа. МАН-ын бүлэг нэг дуугаар асуудалд хандахгүй байна гэсэн шүүмжлэл байна?
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Гишүүд нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдэх ёстой гэдэгт 100 хувь санал нэг байгаа. Энд төсөв танасан асуудал ямарч хамаагүй. Гишүүд харин ч түгжрэлийн асуудлыг хурдан шийдэх ёстой гэж байгаа. Гэхдээ энэ бол төсөвтэй холбоотой, үнэ тариф, цаашдын хөгжил, нийт 49 километр баригдах замтай холбоотой асуудал тул нухацтай хандаж байгаа. Түүнээс үүнд бойкет хийгээд хот, хөдөөгөөрөө талцаад байгаа зүйл байхгүй.
-Төсвийн тухай хуулиар өрийн тааз хэтрэх гээд байгаа тул төслийг дэмжихгүй гэж Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар мэдэгдэж байна. Ажлын хэсэг асуудалд яг ямар байр сууринаас хандах вэ?
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Төсвийн тодотголтой хамтад нь УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газар санаачилж оруулж ирсэн. Тэгэхээр юуны өмнө төсвийн тодотголын асуудлаа шийдэх нь цаг үеийн тулгамдсан асуудал болоод байна. Засгийн газрын танилцуулгад болзошгүй, анхааруулсан, цаашдаа эрсдэлтэй гэх маягаар бичсэн болохоос яг өрийн таазнаас хэтрээд явчихсан асуудал байхгүй. Сангийн сайд, дэд сайд, ХЗДХ-ийн сайд нар хууль зөрчөөгүй учраас үүнийг өргөн барьж байгаа. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар өөрийнхөө хэмжээнд байр сууриа илэрхийлсэн. Үүнийг нэг хүн шийддэггүй. Өнөөдөр бүлгийн хурлаар илэн далангуй байр сууриа илэрхийлсэн. Улстөрийн хувьд шийдэл гаргахаас гадна иргэдийн эрх ашгийг хөндсөн асуудал учир цаг хугацааны хувьд мэдээллээр хангах, ойлголцох ёстой. Тэгэхгүй бол саналын ийм их зөрүүтэй нөхцөлд энэ төслийг явуулах гээд муйхарлаад байж болохгүй. Энэ нь эрсдэл дагуулна. Гэхдээ энэ төслийг явуулах шаардлага байгаа юу гэвэл байгаа.
-Ажлын хэсгээс дахин хэлэлцэхдээ төсөвт өртөгийг нь бууруулах боломж бий юу. Нэг километрийг нь 50 сая доллар гэж байна. Үүнийг зарим гишүүд үнэтэй гэж шүүмжилж байна. Мөн Тавантолгойн цахилгаан станц дээр хэдий хэмжээний зээлийн баталгаа гаргах юм?
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Мэдээллийг зөрүүтэй асуудлууд байна. Тиймээс энэ асуудлыг дөрвөн хүрээнд судлах ёстой.
Нэгдүгээрт, Улстөрийн хүрээнд
Хоёрдугаарт, Хууль зүйн хүрээнд
Гуравдугаарт, Санхүүгийн хүрээнд
Дөрөвдүгээрт, Нийслэлийн хэрэглэгч буюу иргэд ямар хүлээлттэй байгааг судлах шаардлагатай. ЗГ, УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг 14 хоногийн хугацаанд шийдлээ гаргана.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "18 километрийн асуудал бол 500 гаруй сая долларын асуудал бий. Зөвхөн зам биш. Гүүрэн байгууламжаас гадна терминалууд, хөдлөх бүрэлдэхүүн буюу вагон, зогсоол зэрэг бүгд орж байгаа. Зөвхөн зам гэхээр өрөөсгөл, буруу ташаа ойлголт болно. Ер нь түгжрэлийн асуудалд МАН нэг байр суурьтай байгаа.
-LRT төсөл нь өөр бусад улсуудад нурсан, бүтээгүй төсөл байдаг юм байна. Үүнд ямар мэдээлэл байна вэ. Ганц Дарханы замаа янзалж чадаагүй байж ийм том төсөл хийж чадах уу гэсэн иргэдийн шүүмжлэл, болгоомжлол бас байна?
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бид дөрвөн хүрээнд судална гэдгээ түрүүн хэлсэн"
-Үе үеийн Хотын дарга нар түгжрэл бууруулахаар янз бүрийн л ажил санаачилдаг. Бүтэлгүйддэг. Энэ төсөл биелэгдэх хэр боломжтой вэ?
-Судалгаа нь гарчихсан. 14 хоногийн дотор улстөрийн шийдлээ гаргана.