Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяа: Төрийн өмчит компаниудыг хувьчлах нь хэдэн дэд сайд цомхотгохоос илүү үр дүнтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 29 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит даваа гаригийн /2022.04.25/ хуралдаанаараа

·Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд

·Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн талаарх мэдээлэл

·УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газарт явуулах зөвлөмжийн төслүүдийг тус тус хэлэлцлээ.

Он гараад хагас жил ч болоогүй байхад Монгол Улс 2022 оны төсвөө хоёр дахь удаагаа өөрчлөхөөр тодотгол оруулж ирж байна. Ингэснээр ердөө 5 сарын дотор бид төсвийг 3 дахь удаагаа хэлэлцэж байна. Хоёр сар тутам төсвийн бодлогоо өөрчилдөг улс дэлхий дээр байхгүй. Төсөвт тодотгол хийх шалтгаануудыг хуулиар тодорхой заасан байдаг. Тухайлбал, ДНБ-ий хэмжээ гурван хувиар буурвал тодотгол хийх хуультай. Гэвч өнөөгийн тодотгол дайн, ковидоос шалтгаалсан гэх боловч ДНБ яг хэдэн хувиар буурсан тодорхой тоо байхгүй байна. Тодотгол хийх шалтгаан нь бүрхэг, хуульд нийцээгүй байгаад Ардчилсан намын бүлэг шүүмжлэлтэй хандаж, төрийн бүх ажил хууль дээдлэх зарчмыг барьж хийгдэх учиртайг санууллаа.

Бүлгийн гишүүд, төсвийн тодотголд эдийн засгийн суурь реформуудыг тусгаагүй, орлого бүрдүүлэх салбарт анхаараагүй, зардлаа хэмнэж байна гэх боловч хэмнэлт нь ердөө 39 тэрбум хэрнээ Засгийн газрын өрийг 7 ихнаядаар нэмэгдүүлэн оруулж ирсэнд ихээхэн шүүмжлэлтэй хандлаа. Төр өөрөө өөрийгөө хуурч зарим өрийг өөр ангилалд оруулж байгаагаас бус өр ДНБ-ээс хэд давсан нь улсаа өрийн хавханд оруулах эрсдэлд оруулж байна. Мөн хэмнэлтийн хууль гаргаж хэдэн дэд сайд цомхотгохоос илүүтэй, төрийн өмчит компаниудаа яаралтай хувьчлах шаардлагатай гэдэг дээр санал нэгдэв. Төсвийн шинэчлэл, бодлогын реформ нэн даруй хийх ёстой. Эдийн засаг хүндэрсэн энэ үед хувийн хэвшлээ тэлэх, эдийн засгийг чөлөөлөх, эрчим хүчний хараат байдлаасаа гарах, төрийн өмчит том компаниудыг хувьчлах г.м зарчмын суурь асуудлууддаа анхаарсан, төсвийн шинэчлэл, төлөвлөлт, хяналт, төсвийн сахилга бат, үр ашгаа сайжруулах нь чухал гэв.

Бүлгийн хурлын дараа олон нийтэд хандаж мэдээлэл хийхдээ,

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат:

-Төсвийн хэмнэлтийг дэмжиж байгаа. Гэвч Засгийн газрын өр 26 их наядад хүрсэн байсан. Оруулж ирж буй төсвийн тодотголоор энэ их өрийг дахин 7 ихнаядаар нэмж 33.9 ихнаяд болгосон байна. Энэ бол Монголбанкны Хятадтай хийсэн 3 тэрбум ам.долларын своп хэлэлцээний дүн ороогүй дүн юм. Монгол Улс урьд өмнө хэзээ ч байгаагүй их хэмжээний өртэй боллоо. Гадны санхүүгийн байгууллагуудын судалгааны дүнд дурьдсанчлан, өрийн хавханд ороод байгаа 5 улсын тоонд манайх багтсан байгаа. Гэтэл нэмж өр тавихаар оруулж ирж буй нь өрийн хавханд орох бодит эрсдлийг нэмэгдүүлж байна гэлээ.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:

-Миний хувьд цэцэрлэгийн асуудлыг дэмжиж байгаа. Цэцэрлэг олноор байгуулснаар эцэг эх нь ажилдаа явах боломжтой болж, татварын орлого нэмэгдэж, ядуурал буурна. Улс бэлэн мөнгө тараадаг биш ажлын байрыг олноор бий болгох бодлого хэрэгжүүлэх ёстой. Хэмнэлтийг ойр зуур аргацаасан байдлаар бус өргөн хүрээнд хийхийн тулд ТӨХК-иудаа зоригтой хувьчилж эхлэх хэрэгтэй. ТӨХК-иудын нийт хөрөнгө 40 их наяд хэрнээ жилд 100 хүрэхгүй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. Түүнчлэн эдийн засгийн хүндрэлийнхээ оношийг зөв тавьж байж, дараагийн алхам зөв болно. Тиймээс эрдэмтэн, судлаачдын багийг УИХ-ын дэргэд ажиллуулж, нөхцөл байдлаа зөв үнэлэн, оношоо олох нь чухал байна. Түүнчлэн экспортын гацаагаа гаргахгүй бол таг зогслоо шүү хэмээн анхааруулав.

Ардчилсан намын бүлэг эдийн засгийн эрх чөлөөний үзэлтэй баруун төвийн онол дээр суурилсан бодлогынхоо хүрээнд макро эдийн засгийн суурь өөрчлөлтүүдийг тусгасан зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэхээр ажиллаж байгаа талаар энэ үеэр Бүлгийн дарга Д.Ганбат мэдээллээ. Ингэхдээ эдийн засаг, нийгмийн реформ хийж байсан Да.Ганболд, М.Энхсайхан, С.Баярцогт, Н.Золжаргал нарын саналыг авч тусгасан бөгөөд өнөөдрийн хурал дээр бүлгийн гишүүдээс гарсан саналыг нэмж тусгаад, ойрын үед Засгийн газарт хүргүүлэхээр болсноо мэдээллээ.

АН: LRT гэх том төслийг хэрэгжүүлэхдээ иргэдийн саналыг авах хэрэгтэй
АН: LRT гэх том төслийг хэрэгжүүлэхдээ иргэдийн саналыг авах хэрэгтэй
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.