Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭМҮТ: Гэмт хэрэг гарах хүртэлх хугацаанд тухайн хүнээс анзаарч болохуйц сэжим илэрч байдаг

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
8 минут 33 секунд

Нийгмийн сэтгэл зүй, түүнд тулгамдаж буй асуудлын талаар СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулгатай ярилцлаа.

-Юун түрүүнд нийгмийн сэтгэл зүйг сэтгэцийн эрүүл мэнд талаас хэрхэн тодорхойлох вэ. Өнөөгийн нийгэм дэх массын сэтгэл зүйд ямар хандлага зонхилж байна вэ?

-Нийгэм хүмүүсээс бүрддэг. Тиймээс олон нийт массын сэтгэл зүй ямар байгаа вэ гэдэг асуудал энэ сэдвийн дор яригдана. Хоёр жил гаруйн хугацаанд цар тахлын амаргүй үетэй нүүр тулсан. Хөрш орнуудад дайны үйл ажиллагаа өрнөж байгаа нь бидний амьдралд шууд нөлөөгөө үзүүлж байна. Хил гааль хаалттай, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг зүйлс бидний амьдралд шууд нөлөөллөө үзүүлж байгаа дүр зураг ажиглагдаж байгаа. Тэгэхээр бидэнд тулгамдаж буй асуудал олон байгаа гэдгийг энд хэлэх нь зүй юм.

-Нийгэм, улс төр, эдийн засаг гэх мэт өөрсдөөс маань шалтгаалахгүй олон хүчин зүйлс нийгмийн сэтгэл зүйд хүчин зүйл болж байдаг талаар та хэллээ. Тэгвэл хувь хүний зүгээс нөлөөлж буй хүчин зүйлс байна уу?

-Биднээс үл шгалтгаалан явагдаж байгаа хүчин зүйлс мэдээж бий. Тэгэхээр бидний хувьд хийж чадах зүйлс дээрээ төвлөрөх хэрэгтэй. Бидний сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ойлголт, тулгамдаж буй асуудлыг даван туулах аргачлал, хүний эрүүл мэндтэй холбоотой ерөнхий зүйлс ч яригдана. Магадгүй хэн нэгэнд сэтгэлзүйн хувьд тулгамдсан асуудал үүсч түүнийгээ даван туулж чадахгүй байгаа бол шийдвэрлэж чадах мэргэжилтнүүдэд хандах хэрэгтэй. Хүн өөрт ямар нэгэн асуудал тулгарахад эхний ээлжинд өөрөө шийдвэрлэх гэж оролддог. Нөгөө талаас харвал сэтгэлзүйтэй холбоотой тулгамдсан асуудал дээр хүмүүс эмзэг хандах тохиолдол элбэг байдаг. Нуух, бусдаас айх, санаа зовох, ичих гэх мэт. Энэ мэт байдлаар нууж явах нь сэтгэлзүйн асуудлыг улам даамжруулахад хүргэдэг. Асуудал даамжирна гэдэг нь эрсдэлтэй шийдвэр гаргахад ч хүргэдэг. Хүн сэтгэлзүйн хувьд асуудал үүснэ гэдэг байж болох л асуудал. Амьдралын нэг л хэсэг. Энэ тохиолдолд айж, цааргалах, бусдаас санаа зовох шаардлагагүй. Харин надад тусалж чадах хэн байгаа вэ гэдгийг бодох хэрэгтэй. Магадгүй тухайн хүний ойр орчимд түүнд тусалж чадах, итгэл даахуйц нэгэн байхгүй байж болно. Тийм бол мэргэжлийн хүнд хандах нь зөв алхам болдог. Учир нь тухайн хүнд ямар ч асуудал үүссэн бай нууц хадгалах зарчим тэнд үргэлж байдаг. Ингэснээр богино хугацаанд гарц гаргалгааг олж авах боломжийг олгож байгаа хэрэг. Нөгөө талаас харвал хүн асуудалд ороод эхлэхээрээ гарц гаргалгааг өөрөө харах боломж хязгаарлагдмал болчихдог.

-Сэтгэл зүйн асуудал тулгарахад мэргэжлийн эмчид хандах нь чухал болохыг та онцоллоо. Тэгвэл олон нийт мэргэжлийн чиглэлд очиж тусламж үйлчилгээ авахаар хандах нь нэмэгдэж байгаа юу?

-Нэг үеэ бодоход харьцангуй нэмэгдэж байгаа. Иргэдэд энэхүү ярилцлагаар дамжуулан хэд хэдэн зүйлийг хэлье. Хүний сэтгэлзүйд тулгамдаж буй асуудал гэдэг ханиад хүрдэгтэй л адил эрүүл мэндийн хувьд гарч ирж буй асуудал. Хэн нэгэн ханиад хүрчихээд өрхийн эмнэлэг орох уу, үгүй юу гэж бодохгүйгээр тусламж үйлчилгээгээ авдаг. Сэтгэцийн тулагмдаж буй асуудалд яг л үүнтэй адил байдлаар хандах хэрэгтэй. 2018 оноос хойш 18002000 утсаар 24 цагийн турш сэтгэлзүйн тусламж үйлчилгээг өгч байгаа. Тодруулбал, сэтгэлзүйтэй холбоотой ямарваа нэгэн асуудал үүссэн хэн ч тухайн утас руу хандан мэргэжлийн эмчяээс зөвлөгөө мэдээлэл авах бүрэн боломжтой. Өөрийн биеэр СЭМҮТ-ийг зорьж ирээд хандаж байгаа тохиолдлууд ч их. Тиймээс гарц гаргалгааг мэдээгүйгээс болж цаг хугацааг алддаг, буруу газар луу явдаг гэх мэт зүйлүүд ажиглагдаж л байна. Тухайлбал, хэн нэгэнд сэтгэлзүйн ямарваа нэгэн асуудал үүслээ гэхэд манайхан хамгийн түрүүнд бөө, лам болон бусад чиглэлд очдог юм байна. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ сэтгэцийн эмчид хандаж, эмийн болон сэтгэл заслын эмчилгээнд хамрагдах нь чухал.

-Мэдээж өнөөгийн нийгмийн хамгийн гол хэрэглээ нь цахим сүлжээ. Тэнд бараг л амьдрал өрнөж байдаг. Ер нь цахим сүлжээ нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөөллөө хэрхэн үзүүлж байна гэж та харж байна?

-Шууд нөлөөгөө үзүүлж байна л даа. Бидний оюун санаа цахим сүлжээнд өрнөж байна шүү дээ. Авч байгаа мэдээлэл, харилцаж байгаа харилцаа гэх мэт. Цахим сүлжээнээс үргэлж сөрөг мэдээлэл уншаад л байвал дарамт болж эхэлдэг. Тиймээс энэ асуудалд тэнцвэр гэдэг зүйл их чухал. Цахим сүлжээнд өнгөрүүлж буй цаг хугацаа маань хэрэгтэй зүйлд зарцуулагдаж байна уу гэдгийг хянах хэрэгтэй. Мөн мэдээлэлд цензуртэй хандах чухал болж ирж байна. Учир нь үнэн, худал нь мэдэгдэхгүй олон талт мэдээ хяналтгүйгээр урсаж байна.

-Сэтгэл сэртхийлгэм гэмт хэргүүд үйлдэгдэх болсон нь нийгмийн сэтгэл зүй ямар байгааг харуулчихлаа хэмээн дүгнэх хүмүүс их байна?

-Ил гарч ирж байгаа зүйлс бол сэтгэлзүйн тулгамдсан асуудал өнөөгийн нийгэмд ямар их байгааг харуулж байгаа хэрэг. Нөгөө талаас сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол буюу энэ төрлийн асуудал надад тулгарахад би хаана хандах вэ гэдгээ мэдэхгүйгээс болоод ийм асуудал гарч байна. Гэмт хэрэг гарах хүртэлх хугацаанд өрнөж байгаа процесс нь тухайн хүний эргэн тойронд байгаа найз нөхөд, гэр бүлд анзаарагдах сэжим заавал байдаг. Хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээр нь л мэдчих боломжтой. Сэтгэлзүйд өөрчлөлт орж эхлэхээр найз нөхдөөсөө холбоогоо таслах, нойронд нь өөрчлөлт орох, хэлж байгаа үг хийж байгаа үйлдэл нь өөрчлөгдөж эхэлнэ. Тиймээс энэ мэт өөрчлөлтөд сонор соргог хандах нь олон нийтийн хариуцлагатай л холбоотой болж байгаа юм. Хэрвээ өөрөө тусалж чадахгүй бол ямар байдлаар тусалж болох вэ гэдгээ хүртэл бодож болно. Энэ зүйлээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Гүнзгий сэтгэл гутралд орчихсон байгаа хүн бол бусдаас тусламж хайх нь үгүй. Хүний сэтгэл санаанд өөрчлөлт орж эхлэхэд хүн этгээд сонин зүйлсийг ярьж эхэлдэг. Хэл яриа бол хүний сэтгэл зүйн толь болж байдаг. Мөн биеэ авч яваа байдал ч үүнд хамаатна. Ер нь энэ асуудлыг нууж хаагаад байх зүйл үгүй. Аминаас үнэтэй ичгүүр гэж байх ёсгүй. Учир нь энд хүний амь насны асуудал яригдаж байгаа шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

ШУУД ҮЗЭХ:

Э.Энхзориг: Ганцаараа Админ эрхтэй байсан лоунжийн пэйжээс шууд хасаад намайг БАН хийчихлээ
Э.Энхзориг: Ганцаараа Админ эрхтэй байсан лоунжийн пэйжээс шууд хасаад намайг БАН хийчихлээ
 
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.