Нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөнгөн галт тэрэг буюу LRT гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Үүнтэй холбоотой төсвийн асуудлыг шийдүүлэх тогтоолын төслийг Төсвийн байнгын хороонд оруулж нийслэлээс ирсэн. Гэвч тус тогтоолын төсөл байнгын хороон дээр унасан юм.
Энэ төсөл дэмжигдээгүйд нэлээдгүй гишүүд бухимдалтай байгаа. Уг асуудлаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Бид цар тахлын хүнд хэцүүг хүчээ нэгтгэж, мөн иргэдийн дэмжлэг байсан учраас туулан давж чадсан. Одоо дайн байлдааны сөрөг нөлөөтэй нүүр тулан тэмцэж байна.
МАН бүх шатанд засаглаж буй учраас бид өнөө маргаашийг гал унтраах, аргацаасан байдлаар ажиллах бус улс орны ирээдүйгээ харсан зарим төслөө явуулах ёстой. Ийм цаг үе бидэнд олон тохиохгүй.
Бид түгжрэлийг бууруулах олон арга хэмжээ төлөвлөөд байгаа. Жишээ нь, УИХ, Засгийн газар энэ удаагийн төсвийн тодотголоор Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хамран сургах тойргоор суралцуулснаар түгжрэл бууруулахад ч нөлөө үзүүлнэ. Бас нэг чухал зүйл бол Нийслэл хотын нэг төвт төвлөрлийг задлахын тулд нисэхээс сансар хүртэл тулгуурт гүүрэн зонхилсон зам бүхий хөнгөн галт тэрэг явуулдаг болсноор мэргэжилтнүүдийн тооцсоноор 20-иос доошгүй хувиар түгжрэлийг бууруулж, цаашид Яармагаас Хөшигтийн хөндий хүртэл зайд хотжилт суурьшлын бүсийг нэмэгдүүлэх таатай боломж бүрдэнэ. Энэ төслийн талаар харамсалтай нь буруу мушгин гуйвуулсан мэдээллийг зориуд санаатай тарааж байна. Улсаа өр зээлэнд оруулах 2.8, бүр 3 тэрбум долларыг авах гэж байна гэж иргэдийнхээ бухимдал тос нэмж өрдөн хагалан бутаргах, ажлыг гацаах сонирхлоор мэдээлэл түгээж байгаа нь иргэдийг төөрөгдүүлсэн ажиллагаа юм. Бид урагшлах уу, ухрах уу.
Нийслэл хотод хөнгөн галт тэргээс гадна метро ч хэрэгтэй BOT ч хэрэгтэй, хурдны зам ч барих хэрэгтэй бүгд их зардал шаардана. Манай хот чинь том хот болчихсон. Энэ бүр ужгирсан асуудлыг тодорхой цаг хугацаанд дэс дараатай шийднэ. Мэдээж бид хотуудын алдаа сургамжийг харж байгаа. Аль болох хотын бөөгнөрөлөө задлах байдлаар ажиллана. Засгийн газрын энэ удаа оруулж буй хөнгөн галт тэрэгний шугам бол Нисэх Яармагаас Сансарын төв хүртэл. Үүнд Засгийн газрын 500 гаруй сая долларын баталгааг УИХ-аар батлуулах юм. Энэ нь шууд зээл биш бөгөөд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих юм. Одоо энэ төсөл эхэлбэл 2024 онд туршилт эхэлж, 2025 онд бүрэн ашиглалтад орж ажилласнаар өөрөө байнга орлого олж, төлбөрөө төлж эхэлнэ. 3 цаг түгжрээд гацаад сууж байх уу, 3, 5 минут яваад орох боломжтой тогтмол цагт байнга явдаг нийтийн тээврээр үйлчлүүлэх үү гэдэг хэнд ч ойлгомжтой сонголт.
Хулгай хийж, буруу бодлого явуулж улсаа өрөнд хийх гэсэн ажил энэ төслийн ажил огт биш. Нийслэлчүүд монголчуудад ашигтай том төсөл. Итгэх итгэхгүйгээ яриад улсын өр зээлээр айлгаад иргэддээ зайлшгүй хэрэгтэй төслийг гацаах нь ялангуяа бүх шатанд манай эрх баригч намын бодлого, үйл ажиллагаанд таарахгүй. Төслийн хяналт эхнээсээ олон нийтийн хяналт дор явагдана. Дүгнээд хэлэхэд, хамгийн хэцүү нь эхлэл гэдэг. Бид мэргэжлийн хүмүүстэй жил хагас тооцоо судалгаа нухаж, өмнө хийгдэж байгаагүй их ажлуудыг хийж байж бэлэн болгосон эхний шатны том ажил гараанаас гарах гээд УИХ-ын шийдвэрийг хүлээж байна. Нураах гацаах амархан. Босгох бүтээх тун хүнд. Биеийн амрыг бодвол том шийдлээ бус гар доорх шийдлээ яриад явж болно. Гэвч том шийдлээ дагуулж бусад шийдлүүдээ хамтатгаад шийдэх нь илүү үр дүнтэй алс хэтээ бодсон болно. 3 тэрбум долларын өр зээл огт үйлдвэрлэхгүй, бас улсаа ийм өр зээлээс аврагч хэн нэгний дүрд хэн ч тоглох хэрэггүй, өмнө нь түгжрэл бөөгнөрөлийг бууруулах талаар юу ч хийлгүй улсын сан хөмрөгийг барьж өр байнга үйлдвэрлэж байсан хүн л иргэдийг өр зээлээр айлган иргэдэд хэрэгтэй гол төслийг гацаах тухай ярих нь сайн санаа юу, юу вэ хэлэх юм алга.
Надад дургүй байж болно, нийслэлчүүдийг хохироож болохгүй. Өөр талбарт бие биетэйгээ арсалдаж үзэлцэж болно. Улсын ажлыг гацаах байдлаар хэрэггүй" гэв.