Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авдаг Монгол хэл бичгийн шалгалтыг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулж дүн оноог 04 дүгээр сарын 13-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн https://eyesh.eec.mn/ цахим хуудсанд байршуулсан. Тус шалгалтад 33138 шалгуулагч хамрагдсанаас 800 оноо авсан 45, босго оноондоо хүрээгүй 5000 шалгуулагч байна.
Ингэхдээ шалгалтын дүн оноог гаргахад шалгалтын үеэр өөрийн баганан кодыг шалгалтын материал дээр буруу нааснаас шалгалтын дүн гараагүй болон өгөгдлийн сан бүрдүүлэх явцад хувилбарын зөрүүтэй байдал үүссэнээс шалтгаалсан 95 шалгуулагчийн дүнг нэг бүрчлэн гар аргаар тулгаж дүн оноог үнэн зөв болгон залруулж Боловсролын үнэлгээний төвийн мэдээллийн системд оруулж алдаагүй болгосон талаар БҮТ-өөс мэдээллээ. Эдгээр шалгуулагчид дөрөвдүгээр сарын 17-ны 09 цагаас эхлэн https://eyesh.eec.mn/ сайтаас өөрийн дүнг үзэн батламж хуудсаа хэвлэн авах боломжтой аж.
Бусад шалгуулагчдын хувьд Монгол хэл бичгийн өөрийн дүн оноотой санал нийлэхгүй байгаа тохиолдолд Боловсролын үнэлгээний төвд хүсэлт гарган шалгалтын дэвтрийг эх хувиар нь тулган үзэх боломжтой юм. Хүсэлт гаргасан шалгуулагчдын материалыг нь үзүүлэн дүнг танилцуулахад одоогийн байдлаар дүн оноонд өөрчлөлт орсон тохиолдол гараагүй байна.