Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Эрүүгийн хуульд “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийг шинээр тодотгож оруулсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 49 секунд

Эрүүгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас тодрууллаа.

-Эрүүгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд авлига, албан тушаалын гэмт хэргийн ял шийтгэлийн бодлогыг хэрхэн тусгасан бэ. Өнгөрсөн долоо хоногт залуус жагсахдаа авлига албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийддэг байдлыг өөрчлөхийг шаардсан шүү дээ?

-Хууль зүй, дотоод хэргийн яам аливаа хуулийн төслийн боловсруулалтын шатанд иргэд, судлаач, мэргэжлийн холбоодоор хэлэлцүүлж байгаа. Арав гаруй хоногийн өмнө Эрүүгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлсэн. Авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулан журмаар шийдэхгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Үүнээс гадна үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг шинээр томъёолж, тусгаж байна.

-Нийтийн албан тушаалтны өмчид бүртгэлгүй, далд байдаг хөрөнгийг шалгана гэж ойлгож болох уу?

-Өдгөө хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн тухай хуулийн хоёрдугаар бүлэгт үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн субьект нь зөвхөн нийтийн албан тушаалтан байдаг. Тэгвэл нийтийн албан тушаалтан үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгөө өөрийнхөө нэр дээр бус, бусад этгээдийн нэр дээр байлгавал түүнийг татаж шалгахад түвэгтэй нөхцөл байдал үүсдэг. Тиймээс үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг гэмт хэргийг тусад нь зүйлчлэн тусгасан.

Хүн өөрийн өмч хөрөнгөө шударгаар олж авах эрхийг нь Үндсэн хуульд зааж өгсөн. Гол нь тухайн өмч хөрөнгөө шударгаар олж авсан байх ёстой, мөн татвар төлсөн байх ёстой гэдгийг л Эрүүгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тодотгож, өргөжүүлж оруулж байгаа юм. Тэгэхгүй бол нийтийн албан тушаалтан үнэтэй машин унасан, үнэтэй амины орон сууцанд амьдардаг асуудал олон байна. Энэ асуудалд Эрүүгийн цагдаагийн албанаас судалгаа хийж байгаа.

-Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн асуудлыг яаж зохицуулах вэ?

-Сүүлийн жилүүдэд цахим төрлийн залилангийн гэмт хэрэг олон үйлдэгдэх болсон. Энэ төрлийн гэмт хэргийг залилангийн ердийн хэлбэрээр зүйлчлэн шалгаж, ял ногдуулахад Эрүүгийн тухай хуулийн зарим агуулга заримтай зөрчилдөх болсон. Мэдээллийн эх сурвалжийг ашиглан зах зээлд зориудаар үнийн хөөрөгдөл үүсгэх, үгсэн хуйвалдах зэрэг асуудалд шинэ зохицуулалт мөн оруулж байгаа.

Ж.Сүхбаатар: Гишүүд сард бензины зардалд 500 мянган төгрөг төсөвлөдөг, утасны төлбөрөө өөрсдөө төлдөг
Ж.Сүхбаатар: Гишүүд сард бензины зардалд 500 мянган төгрөг төсөвлөдөг, утасны төлбөрөө өөрсдөө төлдөг
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.