Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан “Монголын эдийн засгийн чуулган-2022” өнөөдөр Төрийн ордонд үргэлжилж байна. Чуулганы салбар хуралдаан “Боомтын сэргэлт”-ийн асуудлаар болж төмөр замын асуудлыг голлон хөндсөн юм.
Панелист: УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Алдагдсан боломжийн өртөг, алдаа онооноос сургамж аваад ирээдүйд бий болох боломжоо эрсдэлд оруулахгүй байх чиглэлд анхаарч, нэгдсэн бодлого ойлголттой болохын тулд өнөөдрийн эдийн засгийн форумыг зохион байгуулж байна. Манай улс 2 хөрштэй. Өмнө нь глобалчлал, даяаршил гэж яриад чөлөөтэй нисдэг, төмөр болон авто замаар худалдаа бизнесээ хийдэг байсан.
Сүүлийн 2 жилийн хугацаанд ковидын нөхцөл байдлаас шалтгаалан хаалттай болсон, БНХАУ хилээ хааж чангатган, ОХУ дайны улмаас мөн хилийн хориг тогтоож байна. Үүний улмаас бид эзэнгүй арал дээр хаягдсан юм шиг амьдарч байна. Өөрөөр хэлбэл хилийн хоригийн хоригт орчихсон байна. Хамгийн том худалдан авагч маань БНХАУ, харин манай улс болон ОХУ байгалийн баялгийн нөөц ихтэй. Энэхүү байгалийн баялгаа БНХАУ руу хэрхэн нийлүүлэх вэ гэдэг өрсөлдөөн байгаа. Гэтэл манайд байгаа ганц төмөр зам нь МУ-ын болон ОХУ-ын баялгийг адил тэнцүү зөөдөг. Бусад гарцуудаар авто тээвэр гацахаар зайлшгүй төмөр зам барих шаардлагатай болсон. Ийм учраас боомтын сэргэлт хэрэгтэй. Ингэхдээ ганцхан гарцаар бус Гашуунсухайт, Шивээхүрэн, Хангимандал, Бичигтийн боомтуудаа нээж хөгжүүлж, төмөр зам барьж олон гарцаар байгалийн баялгаа гаргая гээд байгаа юм.
Ингэж байж экспортын орлого, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Зөвхөн Гашуунсухайтаар жишээ аваад үзэхэд 2019 онд 20 сая тонн нүүрс гаргаж байсан. Хэрэв төмөр зам ашиглалтад орвол 30 сая тонн нэмэлтээр гаргах боломжтой болно. Гашуунсухайтыг өргөн царигаар барьж байгаа. Өргөн царигаас нарийн царигрүү шилжүүлэхийн тулд авто тээврээр тээвэрлэж ачихад маш их цаг хугацаа, өртөг зардал шаардагдана. Тэгвэл бид зэрэгцүүлээд Цагаан хаднаас Ганц модруу нэг тонныг 200 ам.доллараар тээвэрлэж байгаа нүүрсийг төмөр замаар тээвэрлэе гэж бодъё. Гашуунсухайтаас Ганц мод хүртэл 7 ам.доллар, гэтэл Ганцмодноос 260 км. 260 км газарт 7 ам.доллараар тээвэрлэх боломжтой байхад Цагаанхаднаас Ганц мод хүртэл 20 хон км газарт 200 ам.доллараар тээвэрлэж байна. Тэгвэл энэ 20 км газарт яагаад нэмж төмөр зам барьж болохгүй гэж. Ийм байдлаар төмөр зам, урт богины тээврээ шийдэж экспортоо нэмэгдүүлэх боломж байна. Хос төмөр замтай болох асуудал байна. Алтанбулагаар ч 50 хувь нь МУ-ын, 50 хувь нь ОХУ-ын ачаа явж байна. Үүнийг одоо болих хэрэгтэй. Хэрэв больж чадахгүй бол хос төмөр замтай болох хэрэгтэй. Тэгвэл 30 сая ачааг 100 сая болгож нэмэгдүүлэх бүрэн боломжтой.
Нэг зам дээр хоорондоо зөрөх гээд гацдаг. Хос төмөр замтай болсноор нэг чиглэлд нь экспорт нэг чиглэлд нь импорт гэсэн шийдлүүдийг гаргамаар байна. Ер нь богино хугацаандаа анхаарч болох асуудалдаа төвлөрч анхаарч шийдсэнээр эдийн засаг сэргэж дотоодын нийт бүтээгдэхүүн өсөх юм байна. Энэ хэмжээгээр валютын орлого нэмэгдэж, экспорт импортын гацаа алга болно гэж үзэж байна. Агаарын тээврийн асуудалд аль болох өрсөлдөөн бий болох ёстой. Гэхдээ үндэсний агаарын тээвэрлэгч үндэсний, эрх ашгийг хамгаалах чиглэлд ажиллаж төр засаг бодлогоор дэмжих ёстой.