АН-д өрнөж буй үйл явц болон цаг үеийн зарим асуудлаар МоАХ-ны дарга Д.Монголхүүгийн байр суурийг сонслоо.
-Өнгөрсөн долоо хоногт удаан хугацаанд үргэлжилсэн АН-ын асуудал нэг талдаа гарлаа. Намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн үйл явдалд АН-ын гишүүний хувиар таны байр суурийг сонсох нь зүй байх?
-Өнгөрсөн хугацаанд намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэнэ гэдэгт эргэлзээгүй. Монгол Улс хуультай орон. Нам гэдэг өөрөө томоохон институц. Хууль журмыг дагаж мөрдөх гэж л баталдаг. Энэ утгаараа Үндсэн дүрмийг батална гэдэгт эргэлзсэн удаагүй.
-Нөгөө талд АН-ын даргын сунгаа зохион байгуулагдсан. Сунгааны үр дүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Хувь хүн юу хийх нь тухайн хүний л эрх байх. Тэгэхээр сунгаа хийх эсэх нь тэдгээр хүмүүсийн л асуудал. Улс төрийг яаж ч хийж болно. Гэхдээ хуулийн хүрээнд эвлэлдэн нэгдэж буй үнэт зүйл, үзэл санаанд улс төр байдаг гэдгийг батлах хамгийн том үйл явдал нь УДШ С.Эрдэнэ даргатай АН-ын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн явдал хэмээн харж байна. Яаж ч улс төр хийгээд Монгол Улс бол хуультай орон. Тэгэхээр нөгөө талд болсон сунгаа бол АН-ын сунгаа биш. Тэнд хэсэг нөхдүүд л өөрсдийнхөө улс төрийг хийж байгаа явдал байх.
-Таны хувьд саяхан МоАХ-ны даргаар томилогдсон. Холбооны бодлого, үйл ажиллагааны хувьд ойрын хугацаанд ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн бэ?
-Монголын Ардчилсан холбоо анх үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн үндсэн таван зорилгыг тавьж түүнийхээ төлөө өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Энэхүү зорилгынхоо хүрээнд итгэл үнэмшлээ тээж, үйл ажиллагаа чиглүүлдэг. Монголын Ардчилсан холбоо эрх чөлөөт нийгмийг бүтээхэд дэмжлэг үзүүлэх зорилготой байгууллага. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд үүргээ умартчихсан байсан. Эхний ээлжинд хийхээр төлөвлөсөн гурван зүйл байна. Тодруулбал, МоАХ-ны 2000 оноос өмнөх архивыг устгагдсан юм билээ. Тэгэхээр архивыг сэргээх ажил байгаа. Хоёрдугаарт, иргэний боловсрол чиглэлд илүү анхаарах ёстой гэх зорилтыг дэвшүүлээд байна. Гуравдугаарт, МоАХ-г үндсэн зорилгоороо ажилладаг болгох. Уг нь МоАХ-ны үндсэн үүрэг нь ХЭҮК-ийн хийх ажлыг МоАХ хийх ёстой. Эрх нь зөрчигдсөн иргэдийг хамгаалах бат цайз нь МоАХ байх ёстой. Тиймээс энэхүү үндсэн гурван зорилт руу үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
-Хэдийгээр УДШ С.Эрдэнэ даргатай АН-ыг бүртгэсэн боловч нөгөө талд хуваагдал байсаар байна. Цаашид нөгөө талд байгаа АН-тайгаа зөвшилцөж хамтарч ажиллах орон зай байгаа гэж та харж байна уу?
-АН анх байгуулагдах үед тэс өөр үзэл баримтлалтай таван нам нэгдэж байсан юм билээ. Гол зорилго нь төрийн эрх авах байсан. Өөрөөр хэлбэл, зорилго нь аргаа зөвтгөнө гэх философиор нэгдсэн. Тэгэхээр өнөөдрийн АН хуваагдаж байгаа асуудалд харин ч хоёр хэсэг болсонд би баярлаж байгаа. Тав ч хуваагдах эрсдэлтэй байсан. Улс төрийн нам үнэ зүйл, түүндээ суурилсан үзэл санаа, түүнийг хамгаалах бодлогын төлөө байдаг. Хоёр хуваагдсан АН-ыг нийлүүлнэ гэж зүтгэх нь Христийн шашинтай хүнийг Буддын шашинтай хүнтэй нэг дор байлгах гээд байгаатай агаар нэг зүйл. Миний бодлоор, хуваагдсан АН эргэж нийлэх шаардлагагүй. АН хэзээд хүчтэй сөрөг хүчин хэвээр байна. Шинэ үеийнхэн ч гарч ирж байна. АН хүний нөөцөөр дутагдана гэж байхгүй. Хамгийн гол нь үнэт зүйл, үзэл санаагаа нийгэмд тод өнгөөр харуулах ёстой.
-Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-д өргөн бариад буй үнэ тогтворжуулах хуулийн төслийг та юу гэж харж байна. Ер нь үнийн өсөлт тал дээр төрөөс ямар бодлого арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой вэ?
-Үнийн өсөлтийг төр зохицуулах гэж оролдохоор улам дордуулаад байдаг. Хүн төрөлхтний түүх үүнийг гэрчилнэ. Үнийн өсөлтийг бууруулахын тулд зах зээлээ улс төрөөс ангид орхих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн харилцаанд төр оролцохоо болино гэсэн үг. Хамгийн ойрын жишээг ярья л даа. Манай улс 1990 онд Орос гэх “тэжээгч ах”-аа алдаад өөрсдөө амьдрах гээд үзсэн. Тухайн үед төр өөрөө мөнгөгүй, хүчгүй болчихсон байсан үе. Эдийн засгийн харилцаанд оролцох ямар ч чадамжгүй болчихсон үед Монгол Улсын эдийн засаг тарваганы арьс, ганзагын наймаачдын нуруун дээрээс л босч ирсэн. Ингэхдээ иргэддээ гадаад пасспорт олгож, татварыг нь чөлөөлөөд өгчихсөн. Хувьчлал ч үүнд нөлөөлсөн. Энэхүү үйл явц нь өөрөө төр эдийн засагт оролцохгүй байхад ямар хурдацтай хөгжиж болдог вэ гэдгийг хамгийн тод нотолгоо. Тэгэхээр үнэ тогтворжуулах хөтөлбөр, үнийн өсөлтийг бууруул гэж шаардахын оронд чөлөөт зах зээлийг бүү боомил гэж шаардлага тавих хэрэгтэй.