Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жимс жимсгэнэ, хүнсний ногооны үйлдвэрлэлд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 55 секунд

Монгол Улсын Их Хурлаас 2012 онд баталсан “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 7.1 дэх хэсэгт Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь үйлдвэрлэлийн төрлөөс хамааран хөдөө аж ахуйн, эрүүл ахуйн, үйлдвэрлэлийн зохистой дадлуудыг нэвтрүүлэхээр заасан. Үүний дагуу  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй Бүрэлдэхүүн хэсэг 4 “Эрх зүйн орчин” төсөлтэй хамтран ажиллаж, “Жимс жимсгэнэ, хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх заавар”-ыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/166, А/251 дүгээр хамтарсан тушаалаар батлуулаад байна.  

Хөдөө аж ахуйн зохистой дадлын зааврын  зорилго нь жимс, хүнсний ногооны үйлдвэрлэлд хүнсний  бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад оршино. Энэхүү хялбаршуулсан зааврыг жимс, хүнсний ногоо үйлдвэрлэл (анхан шатны үйлдвэрлэл эрхлэгч)-д хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх, баталгаажуулах, гэрчлэх тэмдэг хэрэглэхэд дагаж мөрдөх юм.

Тариалан эрхлэгч нь үйл ажиллагааны онцлогоос хамааран зохистой дадлыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн нэвтрүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, тариалалтаас өмнөх, тариалалтын үе, ургамал ургалтын үе, ургац хураалт, хадгалалт, савлалт, тээвэрлэлт зэрэг хүнсний анхан шатны үйлдвэрлэлийн аль үе шатыг хамарч үйл ажиллагаагаа эрхэлж байгаагаас шалтгаалан  технологи, ургамал хамгаалал, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал, хүрээлэн буй орчинд тусгайлан тавьсан шаардлагуудыг мөрдөж ажиллана гэсэн үг.

Мөн Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлснийг гэрчлэх тэмдгийн загварыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны А-321 дүгээр тушаалаар баталсан. Хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага тариалан эрхлэгчийн газар тариалангийн үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлснийг баталгаажуулна.

Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлснийг баталгаажуулснаар тариалан эрхлэгч өөрийн бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошгондоо гэрчлэх тэмдгийг хэрэглэх эрхтэй болох юм. Өөрөөр хэлбэл, уг гэрчлэх тэмдгээр тухайн тариалан эрхлэгч үйлдвэрлэлээ хүрээлэн буй орчинд ээлтэй, хүн, мал, амьтны эрүүл мэндэд халгүй технологиор явуулсан, хүнсний бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлын шаардлагыг хангаж үйлдвэрлэсэн гэдгийг хэрэглэгчид  хялбар таних боломжтой болж байна гэсэн үг.

Ө.Энхтүвшин: Засгийн газар нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэлд  10,0 гаруй тэрбум төгрөг зарцуулсан
Ө.Энхтүвшин: Засгийн газар нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэлд 10,0 гаруй тэрбум төгрөг зарцуулсан
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.