Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшиний өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганд хийсэн мэдээллийг тоймлон хүргэж байна.
КОВИД-19 халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах асуудлыг Монгол Улсын Засгийн газрын хурлаар 12 удаа, Улсын онцгой комиссоор 15 удаа, УИХ-ын чуулганд 1 удаа, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд 5 удаа, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралд 1 удаа тус тус хэлэлцүүлэн, холбогдох шийдвэрүүдийг гаргаж, дараахь арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
- Монгол Улсад КОВИД-19 халдвар гарахаас сэргийлэн хамгаалах, эрт илрүүлэх, голомтын цар хүрээг хязгаарлах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах стратегийг баримтлан ажиллаж байна.
- Халдварын тархалтыг хязгаарлахын тулд голомт бүхий бүс нутгаас ирсэн иргэдийг ганцаарчлан тусгаарлаж, тандалт судалгаа, шинжилгээ хийх, эмчлэх тактик нь үр дүнгээ өгч байна.
- Засгийн газрын нөөц сангийн 10,0 гаруй тэрбум төгрөгөөр нэн шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйжүүлэлтийн бодис, худалдан авч, эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилан ажиллаж байна.
- Дэлхийн банкны санхүүжилтээр 2.2 сая доллар буюу 5.93 тэрбум төгрөгөөр суурин рентген аппарат 10 ширхэг, зөөврийн рентген аппарат 12 ширхэг, зөөврийн эхо аппарат 41 ширхгийг тус тус авч хуваариллаа.
- Дорноговь аймгийн Замын-Үүдсуманд 100 ортой эмнэлэг, Сайншанд сумын 50 ортой эмнэлгийн барилгын гэрээг тус тус байгуулан улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
- Анагаахын чиглэлээр сургалт явуулдаг 8 сургуулийн 6 дугаар курсын 1340 оюутан, 1824 дадлагажигч эмчийг сургаж бэлтгэн халдвартын чиглэлээр бусад эмнэлэг рүү шилжүүлэн ажиллуулахаар лавлагаа төвүүдийн 159 эмч, 66 сувилагчийг тусгайлан бэлтгээд байна.
- Салбар хоорондын эрсдэлийн үнэлгээний баг байгуулж, эрсдэлийн үнэлгээг 6 удаа хийсэн бөгөөд 3 дугаар сарын 22-ны өдөр хийсэн үнэлгээгээр КОВИД-19 халдвар Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирэх, улмаар тархах эрсдэл “Маш өндөр” гэж дүгнэсэн болно.
- УОК-ын даргын 2020 оны 6 дугаар тушаалаар Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, салбар хоорондын ажлын уялдаа холбоог хангах, харилцан ажиллагааг зохицуулах, шаардлагатай асуудлаар санал боловсруулах чиг үүрэгтэй Шуурхай штабыг байгуулан ажиллаж байна.
- КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулахад эрүүл мэндийн байгууллагын 13,745, цагдаагийн байгууллагын 920, Онцгой байдлын байгууллагын 530, Мэргэжлийн хяналтын байгууллагын 1,950, бусад төрийн захиргааны байгууллагын 1,200, аж ахуйн нэгжийн 303, нийт 18,648 хүн ажиллаж байна.
- Өрхийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргаанд дэмжлэг үзүүлэх замаар хүүхдүүдийн эрүүл мэнд, дархлааг сайжруулах зорилгоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг 4, 5, 6 дугаар сард 30000 төгрөг болгох;
- 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ны өдрийг хүртэл зургаан сарын хугацаанд иргэдийг нийгмийн даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлөх;
- Төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон ч ажлын байраа хадгалж байгаа байгууллагын ажиллагсдад ажилгүйдлийн даатгалын сангаас гурван сарын турш сар бүр 200,000 төгрөг олгох арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлж байна.
- Дээрх арга хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн албан хаагчдын гэр бүлийн гишүүд хамрагдах боломжтой юм.
- Эрүүл мэндийн ажилтны илүү цагийн хөлсөнд 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд үүний дотор өндөр эрсдэлтэй голомт дээр ажиллаж буй ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн илүү цагийн хөлсөнд 340 сая төгрөг, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 41.0 сая төгрөг олгох болно.
-
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон гэр бүлд дараах дэмжлэгүүдийг үзүүлж байна. Үүнд:
Үүрэн телефоний компаниудтай хамтран холбогдох албан тушаалтан, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн утсыг нэгж, датагаар хангаж байна.
Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд зайлшгүй шаардлагаар орон нутагт томилолтоор ажиллахад зориулж, МИАТ компаниас нислэгийн тийзийн эрхийг эрүүл мэндийн салбар, лавлагаа төвүүдэд олгосон.
Төрийн албан хаагч нарын гэр бүлийнхэнд амны хаалт оёж түгээх ажлыг эрүүл мэндийн байгууллагууд зохион байгуулж байна.
КОВИД-19халдвараас урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах ажлын хүрээнд 5 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэй болон өрх толгойлсон алба хаагчдыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед ажлын цагийг богиносгож 15:30 цаг, бусад эмэгтэй алба хаагчид 17:30 цаг, эрэгтэй алба хаагчид 18:00 цаг хүртэл ажиллахаар журамласан ба 0-5 насны хүүхэдтэй 75 эмэгтэй албан хаагч тушаалын хүрээнд богиносгосон цагаар ажилласан.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа нийт 14 төрийн байгууллагын 1,133 албан хаагчид 500,000-1,000,000 төгрөгийн урамшуулал болгож нийт 631,900,000 сая төгрөгийг Улсын онцгой комисст ард иргэд, аж ахуйн нэгжээс өгсөн хандивын данснаас олгоно. Үүнд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Улсын 2-р төв эмнэлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төв, ЗӨСҮТ, МХЕГ, ОБЕГ, ХХЕГ, ГЕГ, ТЕГ, ЦЕГ зэрэг байгууллагуудын албан хаагчид, МИАТ-ын захиалгат нислэгүүдэд ажилласан бүрэлдэхүүн болон гадаад улс орнууд дахь Монгол Улсын Элчин сайдын яамдын дипломат ажилтнууд орно.
- 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс гадаад улсаас эх орондоо буцаж ирэх хүсэлт гаргасан нийт 6,259 хүнийг зохион байгуулалтайгаар татан авч 4,367 хүнийг тусгаарласан байна.
- 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, 6 аймгийн 52 байршил (эмнэлэг, сувилал, амралт, зочид буудал)-д нийт 1601 иргэн тусгаарлагдаж байна.
- Тусгаарлагдсан иргэдэд 2800-3200 ккал илчлэгтэй хоол хүнсээр өдөрт 3 удаа үйлчилж байгаа бөгөөд хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн нөхцөл, шаардлага, хүнсний аюулгүй байдалд Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж байгаа.
- Тусгаарлах байранд ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэн, үйлчилгээний ажилтны хэрэглэсэн амны хаалт, халад, малгай зэрэг хог хаягдлыг эмнэлгийн хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох “Элемент” ХХК-д устгаж байгаа.
- 2020 оны 1-р сарын 28-ны өдрөөс 4-р сарын 9-ны байдлаар Монгол Улсын нийт 19 боомтоор 77,974 Монгол Улсын иргэн орж ирснээс халдварын голомт бүхий улс орноос иргэдээ зохион байгуулалттайгаар татан авчрах Улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд нийт 6,259 иргэнийг татан авчирсан байна.
- 9 захиалгат нислэгээр БНХАУ-ын Ухань хотоос 31, БНСУ-аас 766, ОХУ-аас 231, Япон улсаас 519, БНТурк Улсаас 252, Катар улсаас 43, татан авсан нийт 1842 иргэнийг Буянт-Ухаа боомтоор улсын хилээр хялбаршуулсан журмаар шалган нэвтрүүлсэн.
- 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн байдлаар дэлхийн 34 улсаас 7,624 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байгаа бөгөөд эдгээрээс дийлэнх нь БНСУ (2000 гаруй), АНУ (1270), Австрали (906), БНКазУ (560), БНЭУ (549), БНТУ (437), ИБУИНХУ (365), Япон (300) зэрэг улсаас байна. Эдгээр иргэдээс бага насны хүүхэдтэй 830, эрүүл мэндийн шалтгаантай 86, өндөр настай 278, жирэмсэн 32, хүүхэд 307, оюутан 973, богино хугацааны визтэй 215, байрлах газаргүй 409, санхүүгийн боломжгүй 89, бусад 4413 байна.
- Гадаад харилцааны яам МИАТ болон арилжааны нислэг үйлддэг компаниудтай хамтран Европ, Австрали, Хойд Америкийн бүсээс монгол иргэдийг татан авах талаар судалгаа хийж байна.