Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын өнөөдрийн хуралдаанаар иргэн Т-ийн гаргасан мэдээллийн дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид холбогдуулан үүсгэсэн маргааныг хэлэлцэнэ.
Тодруулбал, "Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатыг төрийн алба хаших насны дээд хязгаарт хүрсэн. Уг суудал нь УДШ-ээс илгээсэн суудал учир тухайн орон тоон дээр нь сонгон шалгаруулалт хийх шийдвэрийг УДШ нийт шүүгчдийн хуралдаанаас гаргасан. Үүнийг нь цэцийн гишүүн Г.Туулхүү шийдвэр гаргаж, УДШ-ийн процессийг зогсоосон аж.
Улмаар 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр иргэн Т тухайн үеийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батсүрэнд дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан. Түүнд Дээд шүүхээс тус оны гуравдугаар сарын 10-ны өдөр дүгнэлт бичих үндэслэлгүй байна гэсэн хариуг өгсөнөөр иргэн Т зургаадугаар сарын 2-ны өдөр одоогийн дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг томилогдсоны дараа дахин Дээд шүүхэд гомдол гаргажээ. Харин дээд шүүхээс өмнө нь хариу өгсөн байх тул дүгнэлт гаргах боломжгүй гэж хариу өгсөн байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг үүсгээд өнөөдөр ийнхүү хэлэлцэхээр болжээ.